Монгол залуус юу хүсэж байна вэ?


Б.Марал | YOLO.MN
2022-08-12

Ажиллаж, суралцаж, амьдрах ухаан сийлсээр буй 454.000 гаруй залуус Монгол улсад бий.

Өнөөдөр бол Залуучуудын өдөр. Залуучуудын баярыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 12-ний өдөр тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй гэнэ. Энэ өдөр залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг аль ч салбарт сонсох хэрэгтэй тухай уриалах өдөр юм.

1981 онд НҮБ-с “15-24 насныхныг залуучууд гэнэ” хэмээн баталсан ба өнөөдөр дэлхий даяар ийм насны 1.2 тэрбум хүн амьдарч байгаа нь бөмбөрцөг дээрх нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

Тэд өөрийн мөрөөдөлд хөтлөгдөн, өөр өөр замаар алхаж буй ч асуудлыг харж, шийдэх гарцыг хайж түүнийгээ хүсэл, мөрөөдөл болгожээ. 

Монгол залуус юу хүсэж байна вэ?

ТӨГСБИЛЭГ, 18 настай.

Тэр энэ жил арван хоёрдугаар ангиа төгссөн ба тун удахгүй оюутны амьдралд хөл тавихаар зэхэж буй гэнэ. Түүний чин хүсэл бол иргэн бүр өөрийн эх орондоо, дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмшиж, боловсролоороо дамжуулан дэлхийд өрсөлдөх чадвартай МОНГОЛ-ИРГЭН болох эрх хүн бүрд нээлттэй байгаасай хэмээн хүсдэг аж.

ADRF НҮТББ-ын гишүүд, 16,19 настай.

Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв ADRF-ын залуус өөрсдийн орчуулан хийсэн үлгэрийн номоо, сайхан сэтгэлт хандивлагчдын хуучин хувцас (thrift) зэргийг зарж борлуулан хичээлийн хэрэгсэл авах боломжгүй үеийн найзууд, дүү нартаа зориулахаар шийдсэн гэнэ. Тэд мөн л хүүхэд бүр чанартай боловсрол эзэмшээсэй хэмээн хүсдэг гэсэн юм.

ADRF НҮТББ-ын төслийн менежер СУГАРМАА, 23 настай.

Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төвд төслийн менежер хийдэг түүнд ажил нь хэдийнээ өөрийнх нь нэг хэсэг мэт болсон гэнэ. Хүүхэд, залуусын боловсролын төлөө шийдвэр гаргагчид бидэнд илүү “хайртай” шийдвэр гаргаасай гэж хүсдэг байна.

ИРЭЭДҮЙ, 19 настай

БИЛГҮҮНТӨР, 19 настай

Хүн, бүр ан амьтад хүртэл бүхэл амьдралынхаа туршид олон олон сонголттой учирдаг. Өглөөний цайндаа юу идэх үү, өнөөдөр ямар хувцас өмсөх вэ? гэх асуултуудаас эхлээд сонгох зүйлс мундахгүй. Тэгвэл эдгээр залуус охид бүсгүйчүүддээ амьдралын хамгийн зөв байх ёстой сонголт бол нөхөр юм шүү. Сайн хүнийг таньж, зөв хүнээ сонгон хайрлаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

"АМЬДРАЛ-СОНГОЛТ"

АРИУНСАЙХАН, 17 НАСТАЙ

Зуны амралтаараа ажил хийж хуримтлал үүсгэхээр шийдсэн Ариунсайхан охин МОЛИ нэртэй зайрмагийн бүхээгт ажиллаж буй гэнэ. Тэр бяцхан дүү нар минь хүчирхийлэлгүй эрүүл нийгэмд өсч, аж төрөх ёстой гэж боддог тухайгаа хэлсэн юм. Бас тэдний төлөө үеийн минь залуус, томчууд дуу хоолойгоо нийлүүлэн үргэлжид хүүхдэд ээлтэй орчныг бий болгохын тулд шаргуу ажиллах хэрэгтэй байх гэлээ. Түүний ажилладаг зайрмагийн бүхээгээр ирдэг зочдын дийлэнх нь бяцхан хүүхдүүд байдаг учраас тэр ажилдаа хайртай гэнэ шүү.

ГАНБАГАНА, 25 настай

Хувиараа хөдөлмөр эрхэлж, ханцуй шамлан кафед ажилладаг тэр татвар төлөх хувь хэмжээ өндөр байгаа нь дарамт болдог тухайгаа илэрхийлсэн юм. Татвар төлөх иргэний эрхэм үүргээ ухамсарлан ойлгож байгаа ч хэмжээ нь хэт өндөр байгаад сэтгэл дундуур байдаг гэнэ.

ЭНЭРЭЛ, 23 настай

АНГАРАГ, 17 НАСТАЙ

Гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Тэднийг буруутгахгүй, буруутгах шалтгаан ч үгүй. Угтаа бол бусдын эх оронд мөрөөдлийнхөө төлөө шаргуу ажиллахаар зэхэж буй залуус эх орны минь гол ажиллах хүч. Тийм ч учир тэд эх орондоо даль жигүүрээ дэлгэн хүссэн бүхнээ хийж, аз жаргалтай амьдрах боломж нээлттэй байгаасай гэж хүсдэг тухайгаа хэлсэн юм. 

АНУЖИН, 18 настай

“Бид хөдөлмөрлөхгүй бол хэрхэн амьдрах билээ? Хөдөлмөрлөж байгаа учир бид амьдарч буй шүү дээ. Харин залуусынхаа хөдөлмөрийг дэлхийд тогтсон стандартаар үнэлж, шударгаар цалинг нь өгдөг байвал эх орондоо хөдөлмөрлөж амьдрах залуусын тоо нэмэгдэх байх.”

ХУЛАН, 23 настай

“Хүүхдүүд бол бидний, эх орны минь ирээдүй. Жил бүр зам тээврийн ослын улмаас олон хүүхэд гэмтэж, хохирч байна. Тэднээс үл шалтгаалах асуудлуудыг томчууд гаргахгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ бүхний эсрэг томчууд бид хүүхэд залуусаа хайрлан хамгаалж, харуусал гунигаар дүүрэн биш баяр хөөрөөр дүүрэн нийгэмд тэднийгээ амьдруулъя”

Тэд эх орондоо амьдрахыг, нэг нэгэндээ хайртай байхыг хүсэж байна. Бяцхан дүү нартаа, боловсролтой иргэн болохдоо санаа тавьж байна.Тийм ээ, тэдний хүсэл ирээдүйд биелнэ гэдэгт итгэж байна.

#Баярын өдөр