Сөүлд үерийн улмаас 3 хүн амиа алдсаны дараа "Шимэгч" киног санагдуулам сууцнуудыг хоригложээ


А. Мишээл | YOLO.MN
2022-08-11

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод энэ долоо хоногийн эхээр болсон үерийн улмаас хоёр эмэгтэй, нэг өсвөр насны охин амиа алдсаны дараа подвалын буюу газар доорх орон сууцнуудаас татгалзахаар шийдвэрлэжээ. Оскарын шагналт "Шимэгч" кинонд гардаг жижигхэн байрнуудыг ихэвчлэн орлого багатай хүмүүст түрээслүүлдэг байна.

Сөүл энэ долоо хоногоос эхлэн ийм байшин барих зөвшөөрөл олгохоо больж, одоо байгаа орон сууцнуудыг үе шаттайгаар өөрчлөх бодлого баримтална гэж албаныхан мэдэгдэв. Гурав хоног үргэлжилсэн үерийн улмаас лхагва гарагийн байдлаар 11 хүн амиа алдсан эсвэл сураггүй алга болсон байна. Тухайлбал, даваа гарагийн шөнө 40 орчим насны эгч дүү хоёр, мөн 13 настай охины цогцсыг үерт автсан байрнаас нь олжээ. Тэдний гэр усанд автсан бөгөөд тусламж хүссэн ч аврагчид очиж чадаагүй байна.

Энэхүү эмгэнэлт явдал нь хямд түрээс, амьдралын нөхцөл тааруу гэгддэг банжиха буюу газар доорх орон сууцнуудад амьдрагсдын орлогын тэгш бус байдал, аюултай нөхцөлийг дахин олны анхаарал хандуулж эхэлсэн байна.

Лхагва гарагт хотын захиргаа засгийн газартай зөвлөлдөж, газар доорх ийм талбайг орон сууцны зориулалтаар ашиглахыг бүрэн хориглохын тулд Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулах болно гэж албаны хүмүүс хэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Хотын захиргаа ийм байр эзэмшигчдэд 20 жилийн хугацаа өгч, оршин суух зориулалтаар бус агуулах, зогсоол болгон ашиглах боломжтойгоор засаж тохижуулах үүрэг өгөхөөр болсон байна. Эрх баригчид банжиха түрээслэгчдийг нийтийн түрээсийн орон сууц руу нүүж шилжихэд нь дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Сөүл хотын дарга О Се Хун Ёнхап агентлагт "Газар доорх болон хагас газар доорх орон сууц нь бүх талаараа эмзэг бүлгийнхэнд заналхийлж байна" гэжээ.

2019 онд дэлгэцнээ гарсан "Шимэгч" кинонд гардаг тааруухан амьдралтай гэр бүлийн амьдардаг банжиха гэх эдгээр сууцнуудын талаар дэлхий даяар мэддэг болсон юм. 2020 оны байдлаар Сөүл хотод 200 мянга гаруй ийм сууц байдаг бөгөөд тус хотын нийт орон сууцны 5 хувийг эзэлдэг байна. 

Эх сурвалж: ВВС

#Мэдээ