Зун дуусахаас өмнө амжиж үзэх ТАВАН К-драма


Б.Дариа | YOLO.MN
2022-08-09

Зуны амралт дуусахад тун ойрхон болжээ. Амралтын хамгийн гоё хэсэг бол цаг хугацааг үл хамааран, кино үзэх шүү дээ. Тэр дундаа К-драма шимтэн үзэж, “Дахин нэг анги” гэсээр үүр цайлгадаг “драмачид” олон бий байх.

Тэгвэл энэ зун дуусахаас өмнө заавал үзэх кинонуудыг санал болгож байна. 2022 онд үзэгчдийн хүртээл болсон сэтгэл догдлуулам таван бүтээлтэй танилцацгаая!

1. Alchemy of Souls

Нийт ангийн тоо: 20

Киноны IMDb үнэлгээ: 8.6/10  

Ерөнхий үйл явдал: Үхсэн хүний сүнс амьд хүний бие рүү орсноор хувь заяа нь өөрчлөгдөх болно. Тэр өөрийн хувь тавилантай хэрхэн тэмцэх бол?

Сонирхолтой баримт: "Сүнс шилжүүлэгч" цуврал 2 бүлэгтэй бөгөөд 2 дугаар бүлгийн эмэгтэй гол дүрээр Наг Сү (жүжигчин Гу Юүн Жон) байх болно гэж интернэтэд тархсан. Гэхдээ tvN телевизээс "2 дугаар бүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, учир нь 1 дүгээр бүлгийн спойлер болж магадгүй юм" хэмээн мэдэгдсэн юм. Мү Дог-н дүрийг бүтээж буй жүжигчин Жон Су Мин нь зөвхөн 1 дүгээр бүлэгт тоглох гэрээ байгуулсан аж. "Сүнс шилжүүлэгч" цувралын 1 дүгээр бүлэг нь 20 ангитай байх бол 2 дугаар бүлэг нь арван ангитайгаар гарах гэнэ. 

Цуврал хараахан гарч дуусаагүй байгаа бөгөөд дараагийн анги буюу 17 дугаар анги хойшилж 8 дугаар сарын 20-нд гарахаар болсон байна.

2. Extraordinary Attorney Woo

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 9.1/10  

Ерөнхий үйл явдал: Ү Ён Y аутизмын эмгэгтэй ч 164-д хүрсэн IQ-тай, гайхалтай ухаалаг, сэтгэн бодох чадварынхаа ачаар нэр хүндтэй Сөүлийн их сургуулийг өмгөөлөгчөөр онц дүнтэй төгссөн нэгэн юм. Ингээд тэр Ханбада хуулийн фирмд ажилд орохоор болдог. Бусдаас онцгой төрсөн тэрээр хуулийн фирм дэх адармаатай хэргүүдийг шийдэх бол?

Сонирхолтой баримт: Эхний ангийн үзэгчдийн хувь 1 хувь ч хүрээгүй байсан бол 12 дугаар анги нь улсын дунджаар 14.9 хувьд хүрээд байна. Долоо болон наймдугаар сарын драмын үзүүлэлтийг хол тэргүүлж буй бөгөөд гол дүрийн жүжигчдийн үзүүлэлт ч өссөөр байна. Солонгос гэлтгүй олон улсад шуугиулж буй хөнгөхөн хэр нь сэтгэл хөдөлгөм драмаг энэ зун заавал үзээрэй. 

Цувралын 13 болон 14 дүгээр анги энэ долоо хоногт гарах юм шүү.

3. EVE

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 7.7/10  

Ерөнхий үйл явдал: Солонгосыг орвонгоор нь эргүүлсэн 2 их наяд воны гэр бүл салалтын тухай харуулсан романтик мелодрама. 0,1 хувьд багтах баячуудыг унагаж өшөө авахын тулд арван гурван жилийн турш бэлдэж ирсэн Lee Ra El хэмээх бүсгүйн тухай өгүүлэх болно.

Сонирхолтой баримт: Жүжигчин Seo Ye Ji хэсэг хугацаанд завсарласны эцэст EVE киногоор эргэн ирсэн бөгөөд уур хүргэм зэвүүн дүрүүд, өшөө авалттай кинонд дуртай хэдэд минь үзэхэд яг тохирно.

4. Bad Girlfriend

Нийт ангийн тоо: 12

Ерөнхий үйл явдал: Ян Жи Сү сурталчилгааны компанид ажилладаг, үзэсгэлэнтэй бүсгүй. Тэрээр хоёр ч найз залуутай ба тэдэнтэй санаа зовох зүйлгүй, ээлжилж болзох болно. Гэвч нэгэн өдөр түүний хоёр найз залуу хамт ажиллах болсноор Ян Жи Сү асуудалд ордог. Тэр хэнийг нь сонгох бол?

Сонирхолтой баримт: Хайр дурлал, адал явдалд дуртай драмачид заавал үзэх кино! Bad Girlfriend

5. Big Mouth

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.0/10  

Ерөнхий үйл явдал: Пак Чан ху нь 10 хувь л ялах магадлалтай гэгдэх, “Том Амт” хочтой чадвар муутай өмгөөлөгч. Тэрээр Гүчон хотын томчуудтай орооцолдсоноор томоохон гэмт хэрэгт холбогдож луйварчин “Том Харх” болж сэжиглэгддэг. Ингээд Чан ху шоронгийн хатуу хөтүүг даван туулахын тулд жинхэнэ “Том Харх” болохоор шийднэ. Мөн түүний эхнэр Гү Ми ху нөхрийнхөө нэрийг цэвэрлэхийн төлөө тэмцэх ба тэд хэрхэн гарцыг олох бол? Жинхэнэ “Том Харх” хэн бэ? киноноос үзээрэй.

Сонирхолтой баримт: Жүжигчин Lee Jongsuk энэхүү бүтээлээрээ удаан хугацааны дараа кино урлагтаа эргэн ирж буй бөгөөд тэрээр нэгэн ярилцлагадаа “Жирийн нэгэн өмгөөлөгч залуу хилс хэргээр хэлмэгдэх болно. Амьд үлдэхийн төлөө тэмцэх Пак Чан ху-гийн дүрээр өөрийн нэг шинэ төрхийг харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Энэ долоо хоногт киноны 5 болон 6 дугаар анги гарах юм шүү. 

"Хорвоо дэлхий уудам. Үзэх кино ч их байна даа." К-драма аялалдаа эртхэн гараарай. Шөнө байнга нойргүй хоноод байж болохгүй шүү. Залуусаа!

#Кино урлаг