Богино өгүүллэг: Бороо бид гурав


Н.Золжаргал | YOLO.MN
2022-08-05

Хүүе ээ, чи мэдсэн үү? Өнөөдөр бороотой гэсэн.

Тэнгэр цаанаасаа л бүрхэг. Нар уг нь мандаж байх ёстой ч, шөнөжин унтсан үүлс одоо үүрийн хаяанд хийсч байх ёстой ч, машины түгжрэл, хүмүүсийн алхаа ярианд энэ гудам дарагдсан байх ёстой ч... үүл нь ялгарахгүй саарал тэнгэр дор энэ гудам анир чимээгүй л байна.

Ойрд чи бид хоёр нэг л ёозгүй байгаа л даа, гэхдээ энэ саарал өглөө чамтай л хамт баймаар, энэ чимээгүй гудмаар чамтай л хамт алхмаар… 

Бороотой гэсэн энэ нэг өдрийг чамтай л хамт өнгөрүүлмээр байна. 

Гадаа чинь яваад очвол чи гарч ирэх үү?

Хүүе ээ, чи мэдсэн үү? Гадаа бороо орж байна.

Шиврээ бороо газарт буугаад л, шүхэргүй гарсан намайг жаахан жаахнаар норгоно. Шалбаагтаж, ус тогтсон замаар машин сүнгэнэхэд цайвар пальтон дээр шавар дуслууд унана. Миний хар товчтой, цайвар пальто. Миний тэр нэг өдөр чамтай хамт алхахдаа өмссөн цайвар пальто. Миний… сүүлд чамтай муудалцахдаа өмсөж байсан цайвар пальто, одоо шавар болоод цоохортчихлоо. 

Ийм болсон нь дээр ч юм болов уу? Энэ толбыг нь арилгах хэрэггүй ч юм уу? Хэрвээ цоохор хэвээр нь үлдээчихвэл, чамтай муудахдаа өмссөн пальто байхаа болих ч юм билүү?

Цоохор пальтотойгоо чамруу яваад очвол чи гэрээсээ гарж ирэх үү? Чамайг гараад ирвэл энэ толбо ч бас арилчих юм болов уу?

Шиврээ бороо орсоор л байна. Салхи намдаж байна. Шавар үсэрсэн пальтотойгоо би гадаа чинь байна.

 Чи гарч ирэхгүй юм уу? 

Хүүе ээ, чи мэдсэн үү? Өчигдрийн бороо зогсчихсон, үнэр нь ханхийж байна.

Өнөөдөр тэнгэр цаанаасаа л нэг цэлмэг. Өглөөний наранд үүрийн хаяа зүүнээрээ улаараад, сэмжин үүлс хөврөн тасраад, энэ гудамд хүний хөл тасрахгүй байна.

Ойрд чи бид хоёр нэг л ёозгүй байсан л даа, гэхдээ энэ гэгээлэг өглөө чамтай л хамт баймаар, энэ завгүй гудмаар чамтай л хамт алхмаар… 

Өчигдрийн борооны чийг сэнгэсэн энэ нэг өдрийг чамтай л хамт өнгөрүүлмээр байна. 

 Гадаа чинь яваад очвол чи гарч ирэх үү?

Өнөөдөр хоёулаа болзох уу?

Маргааш ч бас, тэрний маргааш ч гэсэн, түүнээс хойших өдрүүдэд ч...

Бороотой ч, цастай ч..

Үгүй ээ. Ер нь надтай хамт байх уу?

#Өгүүллэг