Гэгээ тасрах хүртэл Skateboard-р гулгах уу?


Б.Марал | YOLO.MN
2022-08-02

Хийхийг хүссэн зүйлтэй байх сайхан. Хэн ч хараагүй байхад өөрийн чин хүсэл эрмэлзлээрээ оролдож, бүтэлгүйтсэн ч дахин дахин оролдож буй зүйл бол хобби. Түүнээсээ “кайф” авч, ижил сонирхлоороо найз нөхөд, хүрээллийг бий болгож чадна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг яах аргагүй мөн. Ингээд "Бидний суралцсан түүх" цувралын энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотдоо эерэг соёлыг түгээж, хотоо чимж буй skateboard сонирхон хичээллэдэг хүүхэд, залуусын төлөөлөлтэй ярилсаныг онцлон хүргэж байна. 

YOLOSkateboard-р гулгахын юу нь сайхан санагддаг вэ?

- Skateboard-р гулгахаар хүссэн зүйлээ, юунд ч баригдалгүй, санаа зовохгүйгээр хийж чаддаг. Бас найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа дурсамжтай өнгөрөөх ч боломжтой. Trick хийх, өндөр шатнаас үсрэх, агаар дээр хий үсрэх гэх зэрэг чадвар, туршлагыг нэлээн сорьдог болохоор жинхэнэ адреналин ялгарна шүү дээ.

YOLOЗуны цагт л гулгадаг уу?

- Зуны улиралд өглөө эрт уулзаад гэгээ тасрах хүртэл 8-9 цагийг skateboard-р гулгахад зарцуулдаг. Харин өвлийн цагт дулаахан өдрүүдэд аль болох биед эвтэйхэн, дулаан хувцаслаад 2-3 цаг цасгүй зам талбайд гулсна.

YOLOХэдий хугацаанд сурах бол?

- Бид хамтдаа гулгадаг болоод 1-2 жил өнгөрч байна. Биднээс урт хугацаанд гулгасан, мундаг тууштай олон клубүүд Монголд бий. Тэднээс үлгэр дуурайлал авдаг. Би гэхэд гулгаж сурахад 1-2 сарыг зарцуулсан. Гэхдээ хүн бүрийн сурах хугацаа хоорондоо адилгүй. Жишээ нь 7 хоногт skateboard-р мундаг гулгаад сурсан тохиолдол ч бий.

YOLOИмиж бүрдүүлэлт, хувцаслалт чухал байдаг уу?

- Өөртөө аль болох хамгийн эвтэйхэн, гулгах явцад түүртээд байхгүй, хүссэнээрээ хувцаслах нь чухал. Тэгж хүслээрээ, чөлөөтэй хувцасласан байхад л цаанаасаа өвөрмөц, гоё дүр төрхийг бүтээсэн байдаг.

YOLOГулгах үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалалтын хувцас өмсдөг үү?

- Загварлаг хувцаслах гэдэг ойлголтоосоо урьтаж тохойн хамгаалалт, газар гараараа их тулж магадгүй тул зориулалтын бээлий, хүсвэл хамгаалалтын малгайг ч өмсөж болно. Ялангуяа анхлан гулгагчид шалбарахаас авхуулаад гэмтэх эрсдэлтэй тул аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангаж байх нь маш чухал гэдгийг онцлон хэлье.

YOLOУлаанбаатар хотод skateboard-р гулгадаг хүүхэд залууст зориулсан зориулалтын зам талбай хэр хүртээмжтэй байдаг вэ?

- Цэцэрлэгт хүрээлэнд зориулалтын гулгах талбай бий ч ихэнх үед хаалттай байдаг. Өөр яг стандартын дагуу хийгдсэн, нээлттэй гулгах газар байдаггүй юм байна лээ.

- Бид хотын төвд, хотын захад аль болох олон skateboard-р гулгах зориулалтын цэгүүдийг байгуулж өгөөсэй гэж их хүсч байна. Хаа нэгтээ нээдэг л байх. Гэхдээ skateboard унах хүсэлтэй хүүхэд залууст үргэлж нээлттэй газар байдаг бол сайхан.

- Ядаж л бид зориулалтын талбайд гулгаснаар бусдыг болон өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чадна шүү дээ. Магадгүй бид гулгахаа больсон ч биднээс жоохон дүү нар минь стандартын талбайд гулгаасай гэж хүсч байна.

Бонус:

Skateboard-р гулгахад тохиромжтой УБ хотын байршил:

  • ЯЛАЛТЫН ТАЛБАЙ
  • BLUESKY, УХАМСАР БҮТЭЭЛИЙН ОЙР ОРЧМЫН ТАЛБАЙ
  • ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
  • ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Skateboard хүдалдаалдаг газар

  • 02theone board shop
  • crushahouse skate shop
  • Urban skate shop гэх мэт

#Бидний суралцсан түүх