Инстаграм-аар байршил хайх боломжтой боллоо


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-07-26

Хэрэглэгчид Инстаграмаар дамжуулан хайсан газраа олох боломжтой болсныг Марк Цукерберг зарлалаа.

Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг Инстаграм байршил хайгч цэстэй болсныг өөрийн цахим хуудсаараа зарласан ба энэхүү шинэ цэсээр дамжуулан хэрэглэгчид хамгийн их дурдагдсан байршлыг хайхад хялбар болох гэнэ.

Тэрээр “Бид Инстаграмын байршил хайгчийг шинээр танилцуулж байна. Та яг одоо өөрт ойр байрлаж буй бизнесийн газруудыг хамгийн хурдан олох боломжтойгоос гадна ангилал бүрээр шүүж хайж ч болох юм” хэмээн сторидоо дурджээ.

Дээр дурдсанчлан энэхүү цэсээр хэрэглэгчид пост, стори болон инстаграм хүрээллээрээ дамжуулан тухайн газрыг олох аж. Мөн хэрэглэгчид өөрийн бүс нутаг, хот, тэр ч бүү хэл хөршид чинь юу байгааг тэдний постоос олж авч чадахаас гадна аялалд гарахаар төлөвлөсөн бол тун хэрэг болох гэнэ.

Хамгийн сүүлд нийтлэсэн болон хамгийн их хандалттай пост эсвэл хамгийн их хамааралтай утгуудыг шүүж болох ба тухайн байршилд дараа дахин ирэх бол хадгалах, найзуудтайгаа хуваалцах боломжтой юм.

Хэрэв таны Инстаграм хаяг бусад хэрэглэгчид нээлттэй байдаг бол байршлаа пост болон сторидоо дурдах (tag хийх) боломжтой бөгөөд тэрхүү байршил тань бусад хэрэглэгчдэд харагдаж болохуйцаар газрын зураг(map)-т нэмэгдэх юм.

Инстаграмаар олсон ресторанаа “Хаана юм бол” гэж хайх шаардлагагүй болжээ. 

Эх сурвалж: hypebeast

 

#Мэдээ