Тэгш оролцоо-Хязгааргүй боломж: Монголын Хүүхдийн Зөвлөлийг албан ёсоор байгууллаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-07-25

Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын Хүүхдийн Зөвлөл”-ийн майхант чуулганыг долоодугаар сарын 18-21-ний хооронд Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгууллаа. Уг чуулганд аймаг, дүүрэг, оролцооны байгууллагын төлөөлөл болсон 404 хүүхэд оролцсон юм. 

Арга хэмжээний гол зорилго нь, хүүхдүүдийн санал, санаачилга, оролцоонд тулгуурлан “Монголын хүүхдийн зөвлөл”-ийг шинээр байгуулж, шинэ тогтолцоог бий болгох ажээ. 

Оролцогч хүүхдүүд дөрвөн улирлын хотхонд хуваагдан адал явдалт, скаут, улаан загалмайн цогцолборт төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Богино аяллын үеэр луужин ашиглах, мод үрж гал асаах, морз дохио, ус цэвэршүүлэх, зүрх уушгины сэхээн амьдруулалт, хахсан үед, ясны хугаралтын үед авах арга хэмжээ гэх мэт анхны тусламж сурч багаараа олон адал явдалт, авхаалж самбаа шаардсан тоглоом тоглосон юм. 

“Адал явдалт өртөөгөөр дамжуулан цаг баримтлах, тэсвэр хатуужилтай байх гэх мэт маш олон зүйлсийг сурч, цагийг хөгжилтэй өнгөрөөлөө” хэмээн Өсвөрийн Парламентын гишүүн Б.Дэмбэрэл хэлэв.

Чингэлтэй дүүргийн хүүхдийн холбооны гишүүн Б. Лхагвасүрэн 

 “Мод үрж гал асаах, гарын доорх материалаар бохир ус цэвэршүүлэх гэх мэт шинэ мэдлэгийг олж авлаа. Мөн байгаль орчноо хайрлах хэрэгтэйг ухаарч авлаа. Та бүгд ч бас өвс, цэцэг, ногоо, усаа хайрлаж хамгаалж байгаарай” 

Дараагийн үйл ажиллагаагаар оролцогчид Хүүхэд Хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  хуульч П. Баттулгатай хамтран хуулийн төслийн бүтцийн гуравдугаар бүлэгт саналаа оруулсан юм.  

“Ингэснээр хүүхэд залуучууд бид өөрсдийн ирээдүй болон хойч үеийнхэндээ үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байгаадаа үнэхээр их баяртай байна” хэмээн ТББ-ын гишүүн Х. Цэрэннадмид хэллээ. 

Мөн өмнөх чуулганаар хэлэлцсэн дүрэм журмаа 100 хувийн саналаар баталсан ба уг дүрэм нь 12 хэсэг бүлэгтэй бөгөөд бүгд оролцогчдын санал хүсэлтэд тулгуурласан нь онцлог юм. Үүний дараагаар тэргүүн болон дэд тэргүүний сонгуульт ажлыг амжилттай явуулсан ба уг сонгуульд 26 хүүхэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өрсөлдсөн юм. Ингээд Монголын Хүүхдийн Зөвлөлийн Дэд тэргүүнээр Багануур дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн М. Бэхбат, Монголын Хүүхдийн Зөвлөлийн Тэргүүнээр МУЗН /Монголын улаан загалмай нийгэмлэг/-ийн гишүүн М. Гарьд нар сонгогдлоо. 

Оролцогчдын сэтгэгдлээс:

Хөвсгөл аймгийн “Хүүхдийн Зөвлөл”-ийн гишүүн Х. Туяа

-"Ихэнх хүмүүс 18 нас хүрээд сонгууль өгдөг шүү дээ. Харин миний анхны сонгууль 16 настайд минь энэхүү чуулган дээр боллоо."

Дундговь аймгийн “Хүүхдийн зөвлөл”-ийн гишүүн Т. Азбилэг

-"Энд ирээд би 21 аймаг, 9 дүүргийн ах эгч нараасаа олон зүйлийг сурч авлаа. Өсвөр насны хүүхдүүд бид өөрсдийгөө дайчилж, олон талаас хөгжүүлж чадвал хязгааргүй боломжууд үргэлж нээлттэй байдаг шүү. Тэгш оролцоо-Хязгааргүй боломж"

Дорноговь аймгийн “Хүүхдийн зөвлөл”-ийн тэргүүн Э. Дөлгөөнтамир

-"Аймаг, дүүргүүдийн нэр, лого шинэчлэгдэж тамга тэмдэгтэй болсонд маш их баярлаж байна. Бид хоорондоо туршлага солилцож, хамтарч ажиллахад таатай нөхцөл бүрдсэнд баяртай байна."

Дорноговь аймгийн Айраг сумын сурагч Б. Нарандэлгэр 

-"Энэхүү адал явдалт өртөөгөөр дамжуулан олон шинэ чадварт суралцлаа. Баярлалаа"

МУЗН-ийн гишүүн С. Түмэндэмбэрэл

-"Энд ирэхээс өмнө маш их догдлож байлаа. Ирсний дараа олон хүүхдүүдтэй танилцаж найзууд болсон. Урлагийн наадмын үеэр бүгд монгол ардын дуу, бүжиг, хөгжмөө тоглож байсан нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Төсөөллөөс дээгүүр байна гэдэг маш гоё  байдаг юм байна."

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн гишүүн, King Z үүсгэн байгуулагч Б. Тэмүүлэн

-"Энд ирээд бие даах чадварыг маш сайн сурлаа. Z үеийнхэндээ хандаж хэлэхэд оролцооны байгууллагад хамрагдаж мэдлэгт анхаарлаа хандуулаарай." 

Ингээд “We Are Very Important Person” буюу “БИД ХАМГИЙН ЧУХАЛ ХҮН” гэх уриатай майхант чуулган хөгжилтэй, хөөртэй, үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Чи ч бас хүүхэд бүр хамгийн чухал гэдгийг үргэлж санаж, өөрийнхөө болон хэн нэгний дуу хоолой болон, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаарай. 

Зургийг: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

#Мэдээ