Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #4: Colby College


Н.Золжаргал | YOLO.MN
2022-07-08

Хичээлийн жил дуусч зуны сарууд үргэлжилж байна. Ахлах ангийн сурагчид маань сургуулиа төгсөхөд дахин нэг жилээр ойртож, зарим нь аль хэдийн төгсчихөөд элсэн суралцах их сургуулиа хайсаар байна уу? 

Бид гадаадад суралцах хүсэлтэй залуустаа зориулан гадаадын их дээд сургуулиудыг цуврал болгон танилцуулж байгаа билээ. Ингээд энэ удаа АНУ-д чансаагаараа өндөрт бичигддэг Colby College буюу Колби коллежийг танилцуулж байна.

Уг коллежийг анх 1813 онд байгуулж байсан бөгөөд зөвхөн бакалаврын түвшний боловсрол, мэргэжлийн дипломуудыг олгодог. Тэр дундаа Олон улсын харилцаа, Хүрээлэн орчны судлал, Түүх, Олон улс судлал зэрэг мэргэжлүүдээр эхний 50-д жагсдаг (Niche) ажээ. 

Тус сургуульд элсэлтийн өргөдөл явуулахад үнэ төлбөргүй байдаг ба тэнцсэн элсэгчдийн хүссэн санхүүгийн тусламжийг 100% хангах хэмжээний тэтгэлэгүүдийг олгодог байна. Нийт сурагчдын 43% нь ямар нэгэн байдлаар их, бага хэмжээний тэтгэлэг авсан байдаг ба нийт өргөдөл явуулсан сурагчдын тэнцэх магадлал нь 10% байдаг. Хэдийгээр маш бага юм шиг санагдаж болох ч энэ нь АНУ-д байдаг өөр бусад Харвард, Станфорд зэрэг топ их сургуулиудтай харьцуулахад харьцангуй боломжийн магадлал юм.

Элсэлтийн өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь нэгдүгээр сарын нэгэн байдаг ба элсэлтийн Common app болон Coalition Application зэрэг системүүдийг хүлээн зөвшөөрдөг аж. Элсэгчдийн чанараас дурдвал SAT шалгалтанд ихэвчлэн 1380-1520 оноо авсан горилогчид байдаг ба өргөдөл явуулсан сурагчдын 47% нь уг шалгалтын дүнгээ өргөдөлдөө хавсаргадаг гэнэ. 

Сургуулийн албан ёсны цахим хаягийг ЭНД дарж үзнэ үү.

Оролдлого сайт оройд нь. Боломж бий гэдэгт итгээрэй.

#Боловрол