Дотны хүндээ ХАЙРТАЙГАА байнга илэрхийлэх нь харилцааг БЭХЖҮҮЛДЭГ


YOLO.mn | YOLO.MN
2022-07-05

Хүн урмаар тэжээгдэж, хайраар услагддаг гэдэг. Тиймдээ ч хайртай хүмүүстээ хайртай гэдгээ хэлж, өөрийн тань хувьд хэр чухал хүмүүс вэ гэдгийг мэдрүүлж байх нь аль аль талдаа тустай. Энэ нь зөвхөн хосуудын харилцаанд ч бус гэр бүл, найз нөхдийн харилцаанд ч ижил нөлөөтэй байдаг гэнэ. Ингээд дотны хүмүүстээ "хайртай" гэдгээ хэлэх нь яагаад чухал вэ гэдгийг тайлбарлая. 

2-5 жилийн хугацаанд үерхсэн хосууд нэг нэгэндээ хайртай гэдгээ өдөр бүр хэлдэг бол 10-аас дээш жил үерхсэн хосуудын бие биендээ хайртай гэж хэлэх давтамж нь 33 хувиар буурдаг гэдгийг нэгэн судалгаагаар тогтоосон байдаг. 

НЭГ НЭГЭНДЭЭ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар дотны хүмүүстээ анхаардаг, тэднийг хайрладаг гэдгээ илэрхийлснээр хоорондын харилцаа нь улам бэхэждэг байна. Хүн бүрд хувиа хичээсэн хандлага их, бага хэмжээгээр байдаг ч хайртай хүмүүстээ халуун дулаан үг хэлэхэд танаас юу ч унахгүй. 

ЭРҮҮЛ МЭНДЭД САЙНААР НӨЛӨӨЛНӨ

Харилцааны мэргэжилтэн Kory Floyd-ийн үзэж буйгаар хүн ямар ч хэлбэрээр хайраа илэрхийлсэн бай эрүүл мэндэд нь эерэг нөлөө үзүүлдэг аж. Тэрээр хэлэхдээ:

- "Та хүндхэн өдрийн дараа гэртээ иртэл хайртай, дотны тань хүн халуун дулаанаар тэвэрч аваад сайхан үгс хэллээ гэж бодъё. Яг л энэ үед тэр өдөр яаж өнгөрсөн гэдэг нь бус хайртай хүнтэйгээ тэврэлдэхэд мэдрэгдэж буй мэдрэмж л чухал санагдах болно. Улмаар гэртээ орж ирэх хүртэл хуримтлуулж байсан бүхий л стресс тань хоромхон зуурын төдийд үгүй болно" гэжээ. 

Хүн хайрлагдсан, халамжлуулсан үед биед нь окситоцин хэмээх даавар ялгардаг. "Хайрын даавар" хэмээн нэрлэгддэг энэхүү даавар нь бие махбодод тайвшруулах нөлөө үзүүлдэг байна.

ӨДӨР БҮР ЖАРГАЛТАЙ БАЙЖ ЧАДНА

Канад улсад хийсэн нэгэн судалгаагаар хүн бусдад ямар нэгэн зүйлийг бэлэглэхэд ихээхэн аз жаргал мэдэрдэг гэдгийг олж тогтоожээ. 

Судалгааны багийнхан гудамжинд явсан хүмүүст мөнгө өгч, эхний бүлгийн хүмүүсийг мөнгөө өөртөө зориулахыг хүссэн бол дараагийн бүлэг хүмүүсийг мөнгөө бусдад бэлэг худалдан авахад зориулахыг хүссэн аж. Сонирхолтой нь мөнгөө өөртөө зориулсан бус, бусдад зориулсан хүмүүс илүү их аз жаргалтай байжээ. 

Яг л үүнтэй адилхан хэн нэгэнд хайртайгаа хэлж, тэр хүнээ баярлахыг харах нь таныг ч мөн аз жаргалтай болгож чаддаг. 

ХАЙРТАЙ ГЭЖ ХЭЛСЭНДЭЭ ХЭЗЭЭ Ч ХАРАМСАХГҮЙ

Амьдрал гэдэг гэнэтийн үйл явдлаар дүүрэн. Би өнөөдөр инээгээд уулзсан хүнтэйгээ дахин хэзээ ч уулзахгүй байх магадлалтай. Цаашид юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй учраас "Хайртай шүү", "Чи надад таалагддаг шүү", "Баярлалаа" зэрэг эелдэг, дулаан үгсийг хүнээс, ялангуяа хайртай хүмүүсээсээ харамлах ямар ч шаардлагагүй. Тиймээс эргэн тойрны хүмүүстээ санаа тавьж, хайртай гэдгээ мэдрүүлээрэй. 

Эх сурвалж: Brightside

#Кино урлаг