Амьдрал бол аялал. Аялал бол аюулгүй байдал"


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2022-07-05


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

 

Хүн бүрд аялалтай холбоотой сайхан дурсамжууд бий. Шаварт суусан, шатахуун дууссан. Хорхог түүхийрч, төөрч хээр хоносон гээд бүтэлгүй ч бай аялал бүхэн эргээд бодоход амттай байдаг.

Ер нь аяллын хамгийн сайхан нь юу юм бол? Энэ зун хүмүүс хаашаа аялахаар төлөвлөж байна вэ? Бас аялалд гарахаас урьтаж аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа бол?

"БҮХ ЗҮЙЛ ЖИН ТАН АЯЛАЛ ХАМГИЙН ГОЁ"

Х.Мөнх-Очир

-Энэ жил хөдөөгүүр аялна аа. Удахгүй наадмын амралт эхлэхээр аялалдаа гарна. Аяллын маршрутаа гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж байгаад тодорхой болгоно. Хөдөө, орон нутгаар аялахаас өмнө анхаарах хамгийн нэн түрүүний зүйл бол автомашины аюулгүй байдал. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах тун эрсдэлтэй. Тиймээс би замд гарахаасаа өмнө засвар, үйлчилгээний газруудаар машинаа оношлуулж, шалгуулж, шаардлагатай эд ангийг солиулдаг.

Ер нь төлөвлөөгүй, "за гайгүй биз" гээд хайхрамжгүй хандсан жаахан асуудлаас болоод хээр суух, бүр цаашлаад амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж ч болно. Ер нь би гоомой зүйл хийхээс зайлсхийдэг. Бүх юм жин, тан аялал их гоё шүү дээ.

"ЗАЙЛШГҮЙ АВЧ ЯВАХ ЗҮЙЛ ЗАПАС ДУГУЙ"

Х.Номин

-Энэ зуны наадмын амралтаар Өвөрхангай явахаар төлөвлөж байна. Өглөө ажилдаа явж, орой гэртээ харьдаг нэг зүйлээ өдөр бүр давтдаг хотын бидэнд зорилго болгоод хаа нэг тийш аялах маш гоё амралт болдог шүү дээ.

Манайх хоёр хүүхэдтэй. Ирээдүйд тэд маань том болоод гадаадад сурахаар, аялахаар, магадгүй амьдрахаар явах л байх. Түүнээс өмнө эх орных нь сайхан байгаль, газар нутгийг таниулж, үзүүлэхийг бид чухалчилдаг. Манай хоёр хүүхэд өсвөр насанд хүрсэн. Тэглээ гээд хайхрамжгүй хандахгүй, арын суудалд суулгаад аюулгүйн бүсийг нь заавал зүүлгэдэг. Манай хүүхдүүд ч энэ үйлдлийг байнга давтсаар хэвшчихсэн, машинд суулаа л бол бүсээ зүүдэг.

Би автомашиныхаа тосыг жилд нэг удаа солиулдаг. Тэр үйлчилгээгээ хийлгэчихсэн. Гэхдээ аялалд гарахаас өмнө зайлшгүй шалгах ёстой зүйл бол автомашины эд анги. Тиймээс машинаа явах эд ангийн оношилгоонд аялалд гарахаасаа өмнө заавал оруулдаг. Мөн холын замд гарахад зайлшгүй авч явах зүйлийн нэг бол запас дугуй.

"ДУГУЙ САЙН БОЛ АЯЛАЛ АЮУЛГҮЙ"

О.Баттулга

-Энэ зун Монголынхоо 2-3 аймгаар аялна гэж бодож байгаа. Өмнө нь баруун аймаг руу явж үзээгүй. Тиймээс Архангай, Өвөрхангай явж үзье л гэж бодоод байна.

Миний хувьд аяллын хамгийн сайхан нь гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлэх. Бидэнд гэр бүлээрээ байнга хамт байж, инээж хөхрөх зав төдийлөн олддоггүй шүү дээ. Тиймээс наадмын амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулж, тэдэнтэй цуг дурсамж бүтээж өнгөрөөхийг илүүд үздэг.

Аялалд гарахад анхаарах хамгийн чухал зүйл бол автомашинаа бэлдэх шүү дээ. Аялалд унах автомашины дугуй маш сайн байх ёстой. Дугуйгаа шалгахгүй аялалд гарна гэдэг нүдээ боогоод зүү хайхтай л адил шүү дээ. Дугуй сайн байж л аялал аюулгүй байж, зорьсон газраа хүрнэ.  Би ер нь автомашинаа оношилгоо, үзлэгт нь цаг тухайд нь оруулахыг чухалчилдаг.

"НОЙР ХҮРВЭЛ ЗАМАА ЧӨЛӨӨЛӨӨД Л УНТААД ӨГНӨ"

Т.Батчимэг

-Би яг одоо найзынхаа хамтаар нутаг руугаа аялалд гарч байна. Миний нутаг Булган аймгийн Хялганат тосгон гээд сайхан байгальтай газар бий.

Эмэгтэй хүмүүс хол замд автомашин жолоодоод, хоёулхнаа явна гэхээр зарим нь "Чадах юм уу, яасан зоригтой юм бэ" гэх мэт анхааруулах үгс хэлж л байна. Эрт замдаа гараад, харанхуй болохоос өмнө майхнаа барьж хоноглоод явахад эрсдэл байхгүй гэж бодож байгаа. Бүр нойр хүрээд байвал замаа чөлөөлж, зогсоод унтаад л өгнө дөө.  Энэ бол өөрийнхөө болон өрөөлийн төлөө хийж байгаа маш хариуцлагатай үйлдэл гэж боддог.

Аялалд гарахад аюулгүй байдал нэгд байх ёстой. Тиймээс өнөөдөр албан ёсны завсар, үйлчилгээний газраар оношилгоо хийлгэлээ. Автомашинд маань асуудал алга гэж байна. Галын хор, эмийн сангаа авсан. Ингээд найз бид хоёрын аялал эхлэхэд бэлэн боллоо.

Аялалд гараад л стрессээс ангижраад, юу ч бодохгүй явах сайхан. Шинэ зүйл үзэж харж, олон  хүний өөр өөр амьдрах хэв маягийг таньж мэдэх надад хамгийн гоё санагддаг. Тэгэх тусам өөрийгөө энэ дэлхийд ямар жижигхэн юм бэ гэдгээ мэдэрдэг дээ.

"ХАШИР ХҮН ГЭЖ ХАШИРСАН ХҮНИЙГ Л ХЭЛНЭ"

Р.Содном

-Зуны цагт цэвэр агаарт, гэр бүлээрээ аялах маш сайхан. Энэ жил зүүн аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтийн Биндэр, Дадал сумаар аялна аа.

Залуусын хэлдгээр "Амьдрал бол аялал". Харин аялал бол аюулгүй байдал. Тиймээс аялалд гарахаас өмнө автомашины бүрэн бүтэн байдлыг албан ёсны дистрибьютер компаниар шалгуулах чухал. Засвар, үйлчилгээгээ сайн хийлгээд сайн техниктэй аялалд явахад асуудалгүй шүү дээ.

Бас хол замд автомашины дугуй их чухал шүү. Би 30 орчим жил жолоо барьж байна. Залуу байхад онгиргон ч байж дугуйгаа шалгахгүй хол замд гараад хээр суух тохиолдол бишгүй л байлаа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр одоо бол замд гарахаас өмнө дугуйгаа л сайн шалгадаг даа. Замд муу дугуй гэнэт буудах тун осолтой. Дугуйгаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон осол олон л сонсож байсан. Тийм болохоор би ер нь дугуйгаас их айдаг шүү.

"ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ ЖОЛООЧ ХАМГИЙН ТӨВӨГТЭЙ"

Г.Зоригтбаатар

-Энэ зун наадмын амралтаар найзуудаараа Хөвсгөл явахаар тохирсон. Тиймээс наадмаас урьтаад хөдөө байдаг аав, ээж дээрээ очиж ирэх гээд өнөөдөр замдаа гарч байна.

Аялал гэхээр надад нэг бүтэлгүй дурсамж санаанд ороод байдаг юм. Хэдэн жилийн өмнө аяллаар Өмнөговь аймаг явсан юм. Тэгсэн автомашиныхаа түлхүүрийг дотор нь үлдээгээд түгжчихдэг юм даа. Илүү түлхүүрээ хотод үлдээчихсэн. Тэгээд л машин дотроосоо түлхүүрээ гаргаж авах гээд хаалгаа хөшөөд жижигхэн завсар гаргаж байгаад л загас дэгээдэх гэж байгаа аятай төмөр утсаар түлхүүрээ гогодож авахаар их үзсэн. Түлхүүр маань төмөр утасны аясаар түлхэгдсээр байгаад гогодогдох нь бүү хэл бүр шалан дээр уначихдаг юм. 

Тэгээд түлхүүрээ авах зорилго маань талаар нэг болоод, хотод байгаа найз руугаа ярилаа. Огт танихгүй хүмүүст түлхүүрийг маань өгөөд, замын унаанд дайгаад явуулсан. Тэрийг нь би аймгийн төвөөс тосож авч байсан минь санаанаас ер гардаггүй юм. Тийм болохоор би ер нь аялалд гарахдаа илүү түлхүүртэй явах хэрэгтэй гэж боддог болсон.

Ер нь хол замд явахад гэрлээ шилжүүлдэггүй жолооч нар л хамгийн төвөгтэй байдаг. Тийм болохоор замд гэрлээ шилжүүлэхээс гадна гарахаасаа өмнө хол болон ойрын гэрлүүд асаж байгаа эсэх тусгалын тохиргоо алдагдсан бол тохируулахыг чухалчилдаг.

 

#Мэдээ