Сайн явж ирсэн үү гэж асуудгаас хурдан явж ирэв үү гэдэггүй


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-04


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан 2021 оны судалгаагаар орон нутгийн замд 3264 зам тээврийн осол бүртгэгдсэн нь 2020 оноос 733-аар буурсан үзүүлэлт юм. Нийт ослын багагүй хувь нь хурд хэтрүүлснээс үүджээ. 2020 онд зам тээврийн нийт 3997 осол орон нутагт бүртгэгдсэний 8.3 хувь нь хурд хэтрүүлснээр шалтгаалсан байв.

Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол гарах магадлал 4-5 хувиар буурдаг гэж олон улсад үздэг. Та өөрийн болон бусдын амь насыг бодож хурдаа хэтрүүлэлгүй суудлын бүсээ зүүж хэвшээрэй.

Ядарсан үед жолоочийн анхаарал буурч, замыг бүрэн хянах чадвар нь буурдаг. Тухайлбал Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ослын 538 нь жолооч анхаарал болгоомжгүй байснаас үүдсэн бөгөөд үүний 93.8 хувь буюу 505 нь орон нутгийн замд гарчээ. Та хайртай хүмүүсийнхээ болон өөрийнхөө төлөө ядарч, анхаарал сарнисан үедээ жолоо бүү бариарай.

Улсын хэмжээнд жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1103 осол бүртгэгдсэний 47.4 хувь буюу 523 нь орон нутагт болжээ. Орон нутагт гарсан уг ослуудын улмаас 94 хүний амь хохирсон байна. Та согтууруулах ундаа хэрэглэсэн бол бүү жолоо барь. Бурууг архинд тохолгүй сонголтоо зөв хийгээрэй.

Орон нутгийн замд гарсан ослуудад замын нөхцөлийг дутуу үнэлсэн тохиолдол цөөнгүй. Жишээ нь Улсын хэмжээнд жолоочийн гүйцэж түрүүлэх үйлдлийн улмаас нийт 1102 осол гарсны 113 нь орон нутагт бүртгэгджээ. Та урсгал сөрөлгүй, гэрлээ шилжүүлж байна уу.

Зураач Б.Мөнх-Орших

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

 

#Мэдээ