Шинэ оюутны "ЗӨВ ТЭТГЭЛЭГ" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Б.Дариа | YOLO.MN
2022-07-01

Ажиа Гэгээний нэрэмжит шинэ оюутны “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2022-2026 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл эхэллээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаасаа хойш 3 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан нийт 39 оюутанд тэтгэлэг олгожээ. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 27 мэргэжлийн оюутнууд суралцаж байна.  

Тэтгэлэг нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилго дэвшүүлж байгаа юм. 

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн буцалтгүй тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:

-Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;

-Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;-Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;

-Багаар ажиллах чадварт суралцах;

-Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2022-2026 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2022 оны 7 сарын 1-нд эхэлж 7 сарын 14-нд хаагдана. 

Хэн хамрагдаж болох вэ?

-Монгол улсын 17-18 настай иргэн

-Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
-Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,

-Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат

1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.

2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.

3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд орно.

Тэтгэлэгт бүргтгүүлэх холбоос

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Боловрол #ЭЕШ