NFT бүтээл зарж саятан болсон 13 настай зураач охин


Сондор | YOLO.MN
2022-06-29

13 настай залуу уран бүтээлч Наяла Хэйс охин уран бүтээлээ NFT худалдаанд гаргаж эхэлснээр олон сая ам.доллар олжээ.

Хэйсийн NFT хөрөг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой юм. Өсвөр насны охины зурсан зургууд нь Рут Бадер Гинсбургээс эхлээд Люсиль Болл хүртэлх нэр хүндтэй эмэгтэйчүүдийг дүрсэлжээ. Хэйс бүтээлээ дуусаад NFT вэб сайтад байршуулж, хүссэн хэрэглэгч үүнийг криптовалютаар худалдаж авах боломжтой аж.

Дижитал зураач охин NBC News-т өгсөн ярилцлагадаа "Би дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдийг зурах дуртай.  Учир нь надад өөр соёл, гарал үүсэлтэй хүмүүст үнэхээр таалагддаг" гэв.

Хэйсийн зургийн онцгой нэг зүйл нь хөрөг бүрийн сунасан хүзүү юм. Түүний цуглуулгын бүх 3000 гаруй хөрөг сунасан хүзүүтэй бөгөөд энэ онцлог нь түүний бага настай холбоотой гэжээ. Учир нь охин бага байхдаа Бронтозавр үлэг гүрвэлийг сонирхдог байв.

"Эхэндээ би зүгээр л дуртай хоёр зүйлээ нийлүүлэхийг хүссэн бөгөөд энэ нь Бронтозавр ба эмэгтэйчүүд байсан. Би эмэгтэйчүүдийг ямар үзэсгэлэнтэй, хүчирхэг болохыг харуулахыг хүссэн бөгөөд бронтозавртай адилтгаж бодсон” гэжээ.

Гуравдугаар сард Хейс өөрийн "Урт хүзүүт хатагтай" хөрөг зургаа 6,621.70 доллараар Инстаграм платформд худалдсан. Өнгөрөгч сард тэр дахин нэг зурсан зургаа 3,920.05 доллараар заржээ.

Хэйс хэрхэн NFT эхлүүлсэн бэ?

Хэйсийн ээж Латоя охиноо 9 настай байхад ухаалаг утас авч өгчээ. “Зураг зурах дуртай авьяаслаг охиноо хараад би түүнд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тиймээс энэ бол миний хийж чадах дэмжлэг байсан" гэж Латоя хэлэв.

Хэйс их мөнгө олж эхлэхээсээ өмнө ухаалаг утсандаа хөрөг зургаа зурж, зөвхөн гэр бүл, найз нөхдөдөө үзүүлдэг байжээ. Тэр өөрийн зургаа хүмүүст таалагдахгүй, эсвэл хачин гэж бодох вий гэхээс бага зэрэг эмээдэг байсан учраас өөр хүмүүст үзүүлдэггүй байсан гэв. Гэвч авга ахаасаа урам зориг авснаар Хэйс болон түүний ээж NFT-ийг түүний хувьд ашигтай зах зээл байж чадах эсэхийг туршихаар шийджээ. Хэйс "Үнэнийг хэлэхэд би энэ талаар мэдэхгүй байсан ч NFT-г анх сонсоод шууд л маш их таалагдсан. Учир нь энэ бол бүтээлээ борлуулахад тохиромжтой платформ байсан" гэжээ.

Амжилт олсноос хойш Хэйсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2021 онд Хэйсийг "Time" сэтгүүлээс анх удаа тодорхойлоод буй "Оршин суугаа зураач"-аар шалгаруулсан бөгөөд энэ нь NFT-ээр дамжуулан карьераа ахиулж буй хүмүүст олгодог хүндэтгэл юм. Тэрбээр мөн Time сэтгүүлийн "Оны шилдэг эмэгтэйчүүд" франчайз сэтгүүлийн хөрөг зургийг зуржээ. Хэйс анх NFT зарж эхлэхдээ бизнес нь ийм амжилтад хүрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй аж. "Би зүгээр л уран бүтээлээ дэлгэж, хүмүүст үүнийгээ харуулах, тэд үүнд хэрхэн хариу үзүүлж буйг харах сайхан байх болно л гэж бодсон. Ингэтлээ амжилт олно гэж бодож байсангүй” гэжээ.

Хэйс ээжийнхээ дэмжлэггүйгээр түүний амжилтыг төсөөлшгүй гээд  "Би солгой учраас ээж минь миний баруун гар шиг л байдаг” хэмээн ээждээ талархдагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Today

#Мэдээ