Дэлхийн хамгийн залуу зохиолч тодорлоо


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-06-28

5 настай Британи охин албан ёсоор номоо гаргасанаар “Дэлхийн хамгийн залуу зохиолч” болж Геннисийн амжилт тогтоолоо. Bella J.Dark албан ёсоор батламжаа хүлээн авсан долоо хоногт түүний ном 2000 хувь борлогджээ. Өнгөрсөн жил түүнийг ном гаргана гэхэд эцэг, эх нь гайхсан гэнэ. Тэд “Хүүхдүүдийн ярьдаг зүйлсийн л нэг, тоглоом байлгүй дээ” гэж боджээ. Гэвч охиных нь мөрөөдөл “Төөрсөн муур” нэртэй ном болон бодит амьдралд биелэлээ олсны дараа эцэг, эх нь охиноороо туйлын их бахархсан байна.       

Дэлхийн Геннисийн рекордоос ирсэн и-мэйл нь: 

Бид таны “Номоо хэвлүүлсэн хамгийн залуу хүн (эмэгтэй)” төрөлд илгээсэн хүсэлтийг амжилттай хүлээн авснаа дуулгахад таатай байна. Та одоо “Дэлхийн Геннисийн рекорд”-ыг эзэмшигч боллоо. Та Геннисийн амжилтын гэрчилгээг авах эрхтэй. Баяр хүргэе!” гэсэн байна. 

Bella баярласан сэтгэлээ илэрхийлэн “Номыг минь авсан хүн бүрт баярлалаа гэж хэлэхийг хүсч байна” гэжээ.

Түүний ном нь Snowy хэмээх муурт тохиолдож буй адал явдлаар хүүхдүүдэд чухал сургамж хэлж буйгаараа онцлогтой гэнэ. 

Bella-гийн ээж Chelsie Syme “Бид Bella-аар маш их бахархаж байна. Бид болсон гайхалтай үйл явдалд итгэж чадахгүй л байна. Тэр үргэлж хүмүүсээс эерэг зүйлийг харж, хүлээж авдаг. Бас унших, зурах маш дуртай. Одоо бий болсон бүхэн нэг өдөр тэр над дээр ирж, “Би ном бичнэ” гэж хэлсэн үеэс эхэлсэн. Би түүний мурий сарий, сараачсан зүйлсийг хараад бусад аав ээж нар шиг “хөөх” гэж хэлнэ л гэж бодсон” гэв. 

Тэд номын үзэсгэлэн үзэж байхдаа номоо гаргах санааг олжээ. Номны үйл явдал нь муур ганцаараа гадагш гарч төөрөх ба ээжгүйгээр гадагш гарах хэрэггүй байснаа ухаардаг тухай өгүүлдэг. Энэхүү аюулгүй байхыг сануулж буй сэдэв нь түүний ээж Chelsie-д маш их таалагдсан гэнэ. Ингээд түүний эгч Lacey-May багахан туслалцаа үзүүлснээс бусдаар Bella зургуудыг нь өөрөө зуржээ.

Bella Jay дараачийн номоо аль хэдийн төлөвлөсөн бөгөөд тэрхүү ном нь Snowy-гийн төрсөн өдрийн үдэшлэгийн тухай байх гэнэ. 

Тэрээр 2021 онд Abhijita Gupta хэмээх 7 настай хүүгийн амжилтыг эвдэн “Дэлхийн хамгийн залуу зохиолч” болоод буй нь энэ аж. 

Эх сурвалж: goodnewsnetwork

#Мэдээ