ШАЛГАЛТAAС үүдсэн АЙДСЫГ хэрхэн даван туулах вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-06-20

- Сэтгэл судлаач Ж.Амарын зөвлөгөөг хүргэж байна -

Хүүхэд залуучуудын хувьд хаврын улирал, зуны эхэнд шийдвэрлэх мөч болох шалгалтын үе эхэлдэг. Энэ бол шалгалтдаа сайн бэлдсэн нь ч эсвэл огт бэлдээгүй нь ч, сайн сурлагатай нь ч мөн хамгийн тааруу сурлагатай нь ч тэр, хүүхэд бүр л санаа зовдог асуудлын нэг. Зарим нь бүр шалгалтаас үүдсэн айдастай болсон байдаг.

Айдас гэдэг ухагдахуун бидний хувьд сөрөг утгатай ойлгогддог. Гэтэл айдас бол ердийн л мэдрэмж бөгөөд баяр хөөр, уур, уй гашуу, хайр зэргийн адил амьдралын нэгээхэн л хэсэг.

Хүүхдүүд хаврын шалгалт дөхөөд ирэхээр айдастай болдог. Шалгалтын айдастай хүүхдүүдэд уур, уцаартай болох, эргэлзэн тээнэгэлзэх, бие суларч доройтох, мөн нойргүйтэх, байж ядан салганах зэргээр стрессийн шинж тэмдгүүд ч илэрнэ. Бага унтаж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй тул дөнгөж саяхан уншсанаа ч дорхноо мартчихдаг.

Ийм стресс, айдас сурахад маш их саад болдог. Шалгалтын айдас хэт их байх тохиолдолд хүүхэд заримдаа Blackout-д орох буюу манайхны хэлдгээр самуурлын байдалд (паниканд) ордог. Толгой хоосорсон мэт санагдаж, мэддэг зүйлээ ч санахаа больчихно. Шалгалтаас айх үед сурах гээд ч олигтой сурч чадахгүй, сурсан мэдсэнээ ч санахаа болих үе тохиох тул эцэг эх, багш хүмүүжүүлэгчид шалгалтын айдсаа хэрхэн даван туулахад нь хүүхдүүддээ туслах хэрэгтэй.

Тиймээс шалгалтаас үүдсэн айдсыг хэрхэн даван туулах талаарх бяцхан зөвөлгөөг хүргэж байна.

1. БОДОЛ САНААГАА УДИРДАН ЖОЛООД

Хамгийн шилдэг, үр дүнтэй арга бол бодол санаагаа жолоодох арга юм. Шалгалт гэхээр хүмүүс ихэвчлэн бүтэлгүйтэх талаар бодож, бүтэлгүйтэж болох болгоныг төсөөлж, өөрөө өөрсдөдөө айдсыг үүсгэдэг. Түүнчлэн өөрийгөө голж “Би үүнийг тэртээ тэргүй ойлгохгүй” гэж бодох нь хэвийн үзэгдэл. Ийм бодлууд айдсыг улам тэтгэхээс гадна сурах цаг, энергиэс сорж байдаг.

Үүний оронд өмнө нь гаргасан тодорхой амжилтыг эргэн санах нь тус болох үе бий. Үүнийхээ үндсэн дээр “Би чадна аа”, “Тайван байя. Юмаа нэг нэгээр нь хийе” зэргээр өөдрөг бодол өөртөө төрүүлэх хэрэгтэй. Харин шалгалтын айдас хэт их тохиолдолд итгэж ойлголцдог багштайгаа ярилцах эсвэл сургуулийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

2. ТАЙВШРУУЛАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Зарим хүүхэд шалгалтаас маш их айж, шалгалтын хуудсыг гартаа барьж, ганц харц чулуудаад л толгой нь хоосорсон мэт болдог. Үнэн хэрэгтээ энэ бол хурц стрессийн үр дагавар болох Блэк-Аут (Blackout) юм.

Аюул, заналхийллийн эхний дохиогоор л бие адреналин, норадреналин зэрэг гормонууд, кортизолыг ялгаруулж эхэлдэг. Кортизол хэт их ялгарахад тархины хиппокампус дахь нервийн эсүүд бүрэн хаагдах буюу блоклогддог. Гэтэл хиппокампус мэдээллийг ой санамжид хадгалах, ой санамжаас сэргээх үүрэгтэй тархины хэсэг юм.

Гэхдээ үүнд ч гэсэн туслах арга бий. Тархинд аюулгүй гэсэн дохио өгч, мартахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд амьсгалын дасгал, тайвшруулах дасгал хийж болно. Эсвэл гоё, сайхан зүйлийг төсөөлж бод. Түүнчлэн сайхан дуу дуулах, анхилуун үнэр ч тайвшрахад нөлөөлдөг.

3. ЧАДАХААСАА ЭХЭЛЖ ХИЙ

Шалгалтын хуудсаа аваад даалгавруудыг эхнээс нь дуустал хийх гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хүнд хэцүү даалгавар дээр гацаж хугацаа их алддаг. Үүний оронд чадах, амархан даалгавруудыг эхэлж хийгээд эцэст нь хэцүүгээ хийгээрэй.

4. ХӨДӨЛГӨӨН ХИЙ

Хөдөлгөөн биеийг чөлөөлж, оюуны ачааллаас гаргаж, биеийг тэнцвэржүүлдэг. Дасгал хөдөлгөөн, спорт хийхэд заавал цаг гаргах хэрэгтэй. Хичээлээ удаан уншиж давтвал хэсэг түүнээсээ хөндийрч, хөдөлж, агаар амьсгалах хэрэгтэй.

Хүн хичээл хийх цагаараа өөр юм хийлээ хэмээн өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Гэтэл завсарлаж биеэ сэргээхгүйгээс сурах үр дүн улам бүр буурдаг. Харин хөдөлгөөн, эрүүл агаар тархины цусны эргэлтийг сайжруулж, сэргээнэ. Хичээлээ улам сэргэг давтана.

5. ЧАДНА ГЭДЭГТЭЭ ИТГЭ

"Шалгалтдаа уначихвал яана аа, дараа нь юу болох бол, уначихвал би хэн ч биш болно" гэх зэргийг бодож шаналахгүй байхыг хичээгээрэй. Үр дүнд биш өөрийнхөө хэр их хичээсэнд анхаарал хандуулаарай. Хичээж байгаа нь хамгийн чухал хэсэг юм шүү. Шалгалтын хариу бол дараагийн асуудал гэж өөртөө хэлж одоо цагтаа төвлөрөөрэй.

Шалгалтад нь амжилт хүсье.

 

#Сэтгэл зүй