Цуцлах соёлын дараагийн “хохирогч” Ezra Miller


Хасбаатар | YOLO.MN
2022-06-22

Ezra Miller гэх нэр сүүлийн хэдэн сар шар хэвлэлийн хуудаснаа байнга шахуу харагдах болов. Яг юу болсон бэ?

Өнгөрсөн баларсан зүйлсийг түр мартаад зөвхөн сүүлийн 3 сард болсон явдлуудаас товч дурдъя. Ezra Miller-ийг уншигчид маань The Perks of Being a Wallflower (2012), We Need to Talk About Kevin (2011) киногоор нь мэдэх байх. Сүүлийн үед гэвэл Fantastic Beasts цувралын Credence, DCEU-ийн Flash зэрэг дүрүүдийг бүтээгээд байгаа уг жүжигчин маань хоёр сарын хугацаанд хоёр ч удаа баривчлагдаад амжжээ. Өнгөрөгч Гуравдугаар сард Хавай мужид караокед дуулж байсан бүсгүйг үг хэлээр доромжилж, гэмгүй залуу руу гар далайсан шалтгаанаар цагдаад саатуулагдсан гэнэ. 

Тэгвэл түүнээс гурван долоо хоногийн дараа ахин саатуулагджээ. Энэ удаад тэр сандал шидэж 26 настай эмэгтэйд гэмтэл учруулсан аж. Ийнхүү удаа дараа танхайрсан явдал нь түүнийг Hollywood-ийн гол шуугиан болгов. Танхай зан, зохисгүй авираас гадна жүжигчин маань хэд хэдэн насанд хүрээгүй хүүхдэд нөлөөлсөн хэрэгт холбогдож, шүүхэд дуудагдаад байгаа билээ. 

Энэ бүх дуулиан нэгэн маш том асуултыг араасаа дагуулна. Flash-т юу тохиолдох вэ? Өдгөө 29 настай жүжигчин маань 2014 оноос эхлэн Warner Bros студитэй идэвхтэй хамтран ажиллаж DCEU-д Flash-ийн дүрийг бүтээж эхэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн кинонд уг дүрээ амилуулж ирэх онд бие даасан киногоо нээх төлөвлөгөөтэй байгаа. 

Үүгээр ч зогсохгүй DCEU-ийн ирээдүйн төлөвлөгөөнд Flash-ийн дүр тун чухал хэсэг нь байсан юм. “Байсан” гэж өнгөрсөн цаг дээр хэлж байгаа минь учиртай. Ноцтой хэргүүдэд холбогдсон, зохисгүй авирласан олны танил эрхмүүдийг хэн ч биш болгож, бүх төслүүдийг нь цуцалдаг соёл нийгэмд тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ соёл Ezra-г ч тойрсонгүй. Warner Bros кино компани жүжигчний оролцсон бүх төслийн хөгжүүлэлтийг зогсоож, цаашид Ezra Miller-тэй хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Харин ирэх онд гарах The Flash (2023) кино хуваарийн дагуу нээлтээ хийх гэнэ. 

#Кино урлаг