Хамгийн их ашиг орлого олсон ТАВАН аниме


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-06-15

Yu-gi-oh!, Dragon Ball Z зэрэг 80 аад оны төгсгөл, 90 ээд оны эхэн үеийн сэтгэлд хоногшин үлдсэн цувралуудаас авахуулаад Naruto, One Peace-ээр дамжин өдгөө Demon Slayer хүртэл бид олон олон анимийг үзэж, Япон соёлтой танилцсаар иржээ. Аниме бол хүний төсөөлөл, бүтээлч сэтгэхүйгээс бүтсэн гайхамшигт ертөнцийн тод төлөөлөл юм. Ингээд энэ удаа олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн хэв маягийг дэлхий даяар алдаршуулж буй аниме кино урлаг дотор бүрэн хэмжээний бүтээл болж өргөн дэлгэцнээ гарсан шилдэг таван анимийг та бүхэнд танилцуулах гэж байна. Аниме үзэж эхлэхээр шийдсэн бол та эдгээр жагсаалтад буй бүрэн хэмжээний анимуудыг эхлээд үзэж сонирхоорой.

5. Ponyo (2008) - 204.8 сая ам.доллар 

Жагсаалтын тавдугаар байранд суут найруулагч, аниматор Хаяао Миязаки эрхмийн бүтээл болох Ponyo аниме оржээ. Нийтдээ 204.8 сая ам.долларын ашиг олсон тус бүтээл гарцаа байхгүй шилдэг анимуудын нэг юм. 
Усан доорх бяцхан гүнж дүрсгүй зангаасаа болж шилэн хоргонд гацаж орхино. Түүнийг Сосүкэ нэрт хүү авран шинэхэн найзаа Понё хэмээн нэрлэдэг. Ид шидийн ертөнц, далай болон эх газар хоорондын барилдлага, гайхамшигт нэгэн ертөнцөөр аялах боломжийг тус бүтээл үзэгч танд олгох болно.

4. Howl’s Moving Castle (2004) - 236 сая ам.доллар 

Дөрөвдүгээр байранд мөн л Миязаки найруулагчийн алдарт бүтээл жагсчээ. 2004 онд үзэгчдийн хүртээл болсон Howl’s Moving Castle нийтдээ 236 сая ам.долларын ашгийн олсон амжилтыг үзүүлсэн юм. 

Хүмүүний төсөөлөл хязгааргүй ажээ. Бидний оюун ухаан дотор ямар гайхалтай ертөнц бүтэж мөн тэр ертөнцөө хэрхэн амилуулж болдог гэдгийн тод жишээ бол энэхүү аниме юм. Анимийн гол дүр болох Софи харамсалтайгаар эмгэн болон хараагддаг. Тэрээр хараалаа тайлах арга зам хайж явахдаа шидтэн Хаул болон түүний явдаг цайзтай учирдаг байна. Үүнээс анимийн гол үйл явдал урган гарна. Тус бүтээл нь гүн гүнзгий утга агуулгыг гаргаж чадсан сод туурвил хэмээн олон кино шүүмжлэгчид тодорхойлжээ.

3. Your Name (2016) - 358.2 сая ам.доллар 

Чиний нэр хэн бэ? Аниме нэрнээсээ л агуулга нь гарчихна. 

Хоёр өөр цаг хугацаанд биетэйгээ харилцаж буй ахлах сургуулийн сурагчид тус бүтээлийн гол дүрүүд юм. Тус аниме нь хүрээлэн буй орчныг тун чиг адилхан бөгөөд гайхалтай үзэсгэлэнтэй дүрслэн үзүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг шингээж чадсан онцлог талтай. Нийтдээ 358.2 сая ам.долларын ашгийг олсон тус анимийг дэлхий дахины олон мянган аниме сонирхогчдоос мэдэхгүй хүн ховор буй заа.

2. Spirited Away (2001) - 395.8 сая ам.доллар 

Мөн л Хаяао Миязаки суут эрхмийн эл бүтээл Spirited Away нь Оскарын шагналыг хүртэж байсан түүхтэй. Уг анимед Чихиро охины адал явдлаар Японы үлгэр домгийн ертөнцийг дэлхийн дахинаа таниулсан юм. Япон орны домгийн ертөнц дэлхийн өөр хаана ч байхгүй сонин содон зүйлсээр дүүрэн гэдгийг бид мэднэ. Ингээд тэрхүү зөвхөн бурхад, сахиус, сүнс зэрэг хүн бусын оршдог ертөнцөд Чихиро охин гацаж орхидог. Тэрхүү ертөнцийн халуун усны газар гол үйл явдал нь өрнөх ба аниме нь зураглал, утга санаа, агуулга болон найруулга гээд бүх л талаараа дэлхийн кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдсэн шилдэг бүтээл билээ. Нийтдээ 395 сая долларын ашиг олсон тус аниме жагсаалтын дэд байранд эрэмбэлэгджээ.

1. Demon Slayer the movie: Mugen Train (2020) - 504 сая ам.доллар 

Чөтгөрийн Ангууч бол орчин цагийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн амжилттай анимуудын нэг гэдэгтэй маргах хүн ховор. Тэр ч утгаараа тус анимийн бүрэн хэмжээний кино 2020 онд дэлхий даяар нээлтээ хийсэн даруйдаа гайхамшигтай амжилтыг үзүүлж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон анимаар тодрон Box office-оос нийтдээ 504 сая ам.долларын ашгийг олсон билээ. Хүнээр хооллогч аймшигт чөтгөрүүд болон тэднийг ангуучлах хүн төрөлхтний амар тайван байдлыг сахигч чөтгөрийн ангуучдын тухай өгүүлэх ба чөтгөр болж хувирсан Нэзүко дүүгээ эргэн хүн болгохын төлөө тэмцэж буй зоригт Танжиро хүүгийн адал явдлыг дүрсэлсэн буй. Гоёмсог зураглал, сонирхолтой өрнөл, сэтгэл хөдөлгөм түүхээс бүтсэн Чөтгөрийн Ангууч аниме бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон аниме болжээ.

#Кино урлаг