Охиныхоо хүүхдийг тээж төрүүлсэн 50 настай ээж


Сондор | YOLO.MN
2022-06-10

Кейтлин Мунозыг дахин жирэмслэх боломжгүй гэж эмч нар хэлэхэд түүний ээж Чализ Смит хүүхдийг нь тээж төрүүлэх санал тавьснаар энэхүү түүх эхэлжээ.

Муноз болон түүний нөхөр Мигель хоёр олон жилийн турш үргүйдэлтэй тэмцжээ. Тэд үр шилжүүлэн суулгах аргаар 2019 онд Каллахан хэмээх эрүүл саруул хүүтэй болсон. Гэвч аутоиммун өвчний улмаас Мунозыг дахин жирэмслэх боломжгүй гэж эмч нар хэлжээ. Түүний бөөрний үйл ажиллагаа муу болсон байв. Эмчээс энэ үгийг сонсон сэтгэлээр их унасан бүсгүй машиндаа сууж байхад нь ээж нь утсаар залгажээ. Ээж Чализ Смит "Чиний өндгөн эсээс бүрдсэн хоёр үр хөврөл үлдсэн байгаа шүү дээ.  Хэрэв миний охин зөвшөөрвөл ээж нь хүүхдийг нь тээж, төрүүлмээр байна" гэжээ.

Тухайн үед Смит 49 настай байсан. Чализ Смит "Гэхдээ би бас эргэлзсэн. Би чинь удахгүй 50 нас хүрнэ. Бие минь дийлэх болов уу гэж бодсон. Гэхдээ охиныхоо төлөө юу ч хийхэд бэлэн учир зоригтой, маш их хүсэлтэй байсан” гэжээ.

Смит гурван долоо хоногийн турш маш их бодсоны эцэст үр шилжүүлэн суулгуулсан бөгөөд 5-р сарын 17-нд Юта дахь эмнэлэгт 3,5 кг жинтэй бяцхан охиныг төрүүлж өөрийн төрсөн охиндоо тэврүүлжээ.

Охиныхоо хүүхдийг төрүүлсэн 50 настай Смит “Би маш их хайрыг мэдэрсэн. Мөн үрийнхээ төлөө бүхний зориулж, золиосолж чадах эхийн хайрыг ихэд мэдэрлээ. Энэ нь маш их сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Маргаашаас нь эхлээд л би өөрөө хүүхэдтэй болсон мэт санагдсангүй” гэжээ.

Эх сурвалж: Today

#Сонин хачин