Алдартай кино болсон шилдэг 5 ном


Б.Марал | YOLO.MN
2022-05-31

Хичээл сургууль амрахад тун бага хугацаа үлджээ. Зуныг хэрхэн өнгөрүүлэх тухайгаа бодож амжсан уу? Хичээллэж, сурч, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дуртай зүйлсээ хийхийг төлөвлөгөөндөө багтаагаарай. Ингээд энэ удаа номын зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн алдартай 5 киног сонирхуулъя.

1.ХАРРИ ПОТТЕР /HARRY POTTER/

Уг киноны эх зохиол нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттер, Гриффиндор, нууцлаг шидэт ертөнцийн тухай долоон цуврал, уран зөгнөлт ном юм.

  • "Харри Поттер ба философийн чулуу" эхний цувралд Харри философийн чулууг Волдемортоос авардаг.
  • "Харри Поттер ба нууцат өрөө" хоёрдугаар ботид Харри Жинни Уизлийг Василискаас аварчээ.
  • "Харри Поттер ба азкабаны хоригдол"-д Харри загалмайлсан эцгээ Дементоруудаас авардаг.
  • Цувралын дараагийн боть "Харри Поттер ба галт цом"-д Харри Гурван шидтэний тэмцээнд аюултай даалгаваруудыг давж Волдемортийг хүч чадлаа эргүүлж авсаныг Дамблдорт мэдэгддэг.
  • "Харри Поттер ба галт шувууны бүлгэм" тавдугаар цувралд Харри шидтэний ертөнцөд Волдемортийн эргэн ирснийг итгүүлж Волдемортоос зөгнөлийг авардаг.
  • "Харри Поттер ба эрлийз хунтайж" зохиолд Харри Волдемортийн хамгийн далд нууцыг тайлан хувь заяатайгаа нүүр тулахад бэлдэнэ.
  • Хамгийн сүүлийн цуврал болох "Харри Поттер ба үхлийн шүтээн"-д Харри Лорд Волдемортыг устгаж шидтэний ертөнцийг авардаг.

"Харри Поттер" зохиол 7 цувралынхаа туршид нийт 199 бүлэгтэй болжээ. 1997 онд Харри Поттер ба философийн чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилттай борлогдсон. Уг цуврал номноос сэдэвлэсэн кино, компьютер тоглоом болон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны наймдугаар сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн боть болох "Харри Поттэр ба үхлийн шүтээн" ном 2007 оны долдугаар сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.

Эдгээр амжилтууд нь Роулинг зохиолчийг түүхэн дэх хамгийн баян зохиолч болгожээ.

2.ӨЛСГӨЛӨН ТОГЛООМ /THE HUNGER GAMES/

Сюзанна Коллинзийн "Өлсгөлөн тоглоом" бол ирээдүйн дистопийн нийгмийг харуулсан гурвалсан зохиолын анхны роман юм. Үйл явдал нь ган гачиг, шуурга, гал түймэр, үер, хар салхи, дайн тулаанд амьд үлдсэн хүмүүс амь насаа хамгаалан тэмцсэний дараах Хойд Америкийн "үнс нурамнаас боссон улс"-д өрнөнө. Зохиолын гол дүр нь 12 дугаар дүүргийн 16 настай Кэтнисс Эвердин юм. Жил бүр Капитолын эсрэг бослого гаргасны шийтгэл болгон дүүрэг тус бүрээс арван хоёроос арван найман насны хоёр залууг сугалаагаар сонгож, тоглоомын талбарт тулалдуулахаар явуулдаг. Гэхдээ энэ бол тоглоомын талбар бус үхлийн талбар байх болно. 

Энэ тоглоомыг өлсгөлөн тоглоом гэх ба Капитол болон олон нийт бүгд үзэх боломжтой, ялагч хүндэтгэлийн өргөмжлөл, хоол хүнс, өөрсдөдөө болон гэр бүлдээ амар амгалан амьдрах боломжийг олж авах юм. Бяцхан дүү Прим сугалааг сугалсны дараа Кэтнисс дүүгийнхээ оронд тоглоомонд сайн дураар оролцохоор болно. Кэтниссийн багахан мэдэх талхчин хүү Пит ч мөн адил наадамд тулалдахаар болдог. Кэтнисс, Пит хоёрыг бусад залуучуудтай тулалдуулахаар Капитол руу аваачих бөгөөд тэдний дунд олон адал явдал, гал гарсан тулаанууд өрнөх болно.

Мөн 

1.Өлсгөлөн тоглоом

2.Галаар наадагч

3.Mockingjay гэсэн гурван цуврал, гурван ангитай.

3. THE LOVELY BONES

“THE LOVELY BONES " роман нь 1973 онд хулгайлагдаж хүчиндүүлэн алагдсан Пенн мужийн Норристаун хотын 14 настай охины бодит түүхээс сэдэвлэсэн зохиол юм. Алис Себолдын бичсэн уг роман нь 2002 онд хэвлэгджээ.

 Дээрх болсон явдал, романаас сэдэвлэн Питер Жексоны найруулсан THE LOVELY BONES кино 2009 онд гарч үзэгчдийн хүртээл болсон. 

Диваажин мэт ер бусын, үхлийн дараах ертөнцөд дасан зохицож буй Сюзи Салмоны түүх. Түүгээр зогсохгүй дэлхий дээрх амьдрал түүнгүйгээр үргэлжилж байгааг харж, дурласан залуугийхаа шинэ хайр сэтгэл, үерхэл дурлалыг ч мэдэх болно. Түүний алуурчин үхлийн мөрийг нь дарах гэж оролдох ба гэр бүл нь уй гашууд автаж сэтгэлийг нь өвтгөнө.Энэ зохиол, киногоор үгээр хэлэхийн аргагүй эмгэнэл, уй гашууг мэдрэх ба Салмон охины гайхалтай дотоод ертөнцөөр аялах болно.

4.ТУСЛАМЖ /THE HELP/

"The Help" нь New York Times-ийн бэстсэллер номын жагсаалтыг тэргүүлэгч, сүүлийн жилүүдэд хамгийн их шуугиан тарьсан Кэтрин Стокэттийн «The Help» романаас сэдэвлэсэн кино бүтээл юм.

Киноны үйл явдал XX зууны 60-аад онд Миссисипи мужийн Жэксон хэмээх жижиг хотод өрнөнө. Өөр хоорондоо харилцан адилгүй гурван бүсгүйн нөхөрлөл, тэднийг нэгтгэж буй хуучныг халах, өөрчлөх хүсэл... Хошин уур амьсгал, итгэл найдвараар дүүрэн энэ түүх үнэнч нөхөрлөл бүхнийг дийлдэг, найз бүсгүйчүүдийн зориг хэрхэн “цаг үе өөрчлөгдөж буйг” хөдөөний жижигхэн хотынхонд мэдрүүлж буйг харуулна.

Киноны хувьд тухайн үеийн нийгмийн байдлыг тусгаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхал ямар хүчтэй нөлөөтэй байсныг харуулах ба хэцүү үе дуусгавар болохын өмнөхөн өрнөж буй хар арьстнуудын тэмцлийг өгүүлнэ. Touchstone Pictures "The Help" киног 2011 оны наймдугаар сарын 10-нд дэлхий даяар цацсан. Тус кино нийт 216 сая долларын ашиг олсон төдийгүй кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч чаджээ. Гэсэн хэдий ч уг кинонд гол дүрийн цагаан арьст сайн дүрээр ч бас арьс өнгөний ялгаварлан гадуурхалтыг өгүүлсэн байна гэсэн шүүмжлэлийг ч дагуулсан байна.

5.ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР /THE NOTEBOOK/

"Тэмдэглэлийн дэвтэр" нь 1996 онд Николас Спарксын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн, Жереми Левен, Ян Сарди нарын зохиолоор Ник Кассаветесийн найруулсан 2004 онд нээлтээ хийсэн Америкийн романтик драм кино юм. Уг киноны гол дүрд Райан Гослинг, Рэйчел МакАдамс нар 1940-өөд онд нэгэндээ дурласан залуу хосуудын дүрээр гардаг.
Өнөө үеийн асрамжийн газарт өндөр настан Дьюк хажууд нь суух бас нэгэн бууралд дэвтрээсээ дэвтэр гарган ирж романтик түүхийг уншсаар кино эхэлдэг.

1940 онд Өмнөд Каролинагийн Сибрук аралд болсон багт наадам дээр эгэл жирийн модны үйлдвэрийн ажилтан Ноа Калхаун 17 настай өв залгамжлагч Аллисон "Алли" Хэмилтоныг эцэг эхийнхээ хамт хотод ирэх үед нь таарч дурлана. Ингээд түүний араас хөөцөлдөж, тэд гайхалтай хайр дурлалын романсыг эхлүүлнэ. Гайхалтай хайр дурлалын түүхийг энэхүү киноноос үзэж болох ба киноны эх зохиол нь ч салахын аргагүй амттай юм шүү.


 

#Номтой нөхөрлөе