Хамгийн анхны EDUTAINMENT эвент UPDATE 2022-с мэдэх ёстой бүх зүйлс


Б.Дариа | YOLO.MN
2022-05-30

Залуусын хандлага, сэтгэлгээ, ур чадвар, нийгмийг күүл оролцоог тодорхойлох ЦойлогсоZ төсөл болон Лантуун ДОХИО хамтран зохион байгуулсан анхны EDUTAINMENT эвент өнгөрсөн баасан гарагт амжилттай болж өнгөрлөө.

#BebetterDobetter уриан дор нэгдсэн 1200 залуус нийгэмд орших хэвшмэл ойлголтыг арилгаж, хөөсөө хагалж, экспертүүдийн бодит туршлагаас суралцахаар UG palace-д цугласан юм. Ингээд 6 цаг үргэлжилсэн арга хэмжээг тоймлон хүргэж байна.

“Чанартай юм” буу халах уу?

Дулаахан болчихоор оройн сэрүүнд гэгэлзээд байдаг даа? Тэр тусмаа баасан гарагийн орой найз нөхөдтэйгөө уулзаж, хов жив базмаар, нэг тийшээ гарч салхилмаар санагддаг уу? Тэгвэл өнгөрсөн баасанд залуус “буу халахаар”, зүгээр ч нэг буу халах биш шүү. “Чанартай юм” сонсож ярихаар, оюундаа мэдлэг нэмэхээр, орой болсон ч хамтдаа суралцахаар цугласан юм. Мянга гаруй залуусыг ирэхээр тооцоолсон боловч мянга хоёр зуу гаруй оролцогч ирсэн нь зохион байгуулагчдыг багагүй сандаргасан гэнэ шүү. Бас шинээр ирж буй зочдод, асуух зүйлс гарсан бүх оролцогчдод ЦойлогсоZ болон Лантуун ДОХИО-ийн залуус туслаж, эелдэгээр чиглүүлэн, бүх оролцогчдыг тав тухтай байлгахын тулд ийш тийш сандралдан гүйцгээж байлаа.

ЦойлогсоZ багийн гишүүн Г.Дашням  “ЦойлогсоZ бол залуусаас залууст чиглэж хэрэгжүүлж буй төсөл.  Бид ажлын талбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх, залуусын хамтын ажиллагаагаар нийгэмд эерэг оролцоог бий болгохоор тасралтгүй 2 дахь жилдээ ажиллаж байна. Тус зорилгынхоо хүрээнд энэхүү эвентээр залуус, иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэж илүү бодит оролцоог харуулахаар зохион байгуулж байна. Мөн бид education болон entertainment байдлыг хослуулахын тулд баасан гарагийг сонгож авсныг онцлох нь зүйтэй. Лантуун дохион ТББ-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй хамгийн анхны том ажил бол Volunteer hub-ыг байгуулах юм. Volunteer-ыг илүү системтэй, залууст хүртээмжтэй болгох болно. Өнөөдрийн урьсан панелист, экспертүүд маань ч бүгд өөр өөр салбарын хүмүүс. Мөн бид тэгш боломж тэгш хүртээмж гэсэн зарчимтай ажилладаг учир тусгай хэрэгцээт оролцогч, экспертүүд бий. Үүгээрээ бид хүн бүр өөр гэсэн концепттыг гаргахаар зорьсон ба өөрийнхөө тэр онцлогоор нийгмийнхээ асуудалд санаа тавья гэсэн уриалга дэвшүүлж байна.” гэж хэлсэн юм.

Булганахгүй шүү

Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, сурч мэдэхийн мөрөөсөл олон олон залуусыг хэнийг нь ч үлдээлгүй тэгш хүртээмжтэй хамруулахын тулд танхимд хүрэлцэн ирсэн болон онлайнаар оролцож буй сонсголгүй залууст зориулан хөтөлбөрийн турш хэлмэрч, хөтчүүд ажилласан юм. Танхимд гэхэд л 40 гаруй сонсголын бэрхшээлтэй залуус иржээ. Мөн эвентийн туршид онлайнд шууд дамжуулж байснаар танхимд ирсэн 1200 залуусаар хязгаарлалгүй онлайнаар +30,000 хүмүүс үзэж чадсан юм. “Yes, Sharing is caring” шүү дээ.

Ирсэн зочдыг үүднээс угтан авч чиглүүлсээр тусгайлан бэлдэж зассан суудлуудад суулган хөтлөгч Б.Батбилэг (comedian Батаа) тайзнаа гарч ирэн нээж, энэхүү арга хэмжээний үнэ цэн ач холбогдлыг тодотгов. Ингээд хөөсөн бөмбөлөгөө хагалаж “Story telling” ярихаар нууц зочин задарсан юм. Хөтөлбөрийн турш хоёр нууц зочин байх ба эхний зочин бол 9 настай Б.Есүй-Үжин охин байсан бол сүүлд задарсан нууц зочин багш, “Монгол хүн-Монголын баялаг” төслийн санаачлан оролцогч, нийтлэлч Г.Галбадрах нар байлаа. Нууц зочдын сонирхолтой Story telling-р өөрийгөө олоход хэзээ ч оройтохгүй юм шүү гэсэн санааг залууст хэлэхийг зорьжээ.

Update 2022-ын гол тайзнаа яг л гаднын томоохон эвентүүдийн адилаар илтгэгчид өөрсдийн арвин туршлагыг хуваалцаж, хэрхэн өсөж дэвшиж, нийгэмдээ сайн сайхныг бүтээж болох тухай хуваалцсаныг энд дурдах учиртай.

Тайзны илтгэгчид өөрсдийн илтгэлээ танилцуулахдаа юуг хийхээр зорьсон, хэрхэн бүтээж эхэлсэн, уналт, босолт бүхнийг нуулгүй ярьж байсан нь залуусын сэтгэлд хүрч сонирхолыг нь татаж байгаа нь харагдаж байсан юм. 

“Ганцаараа байна гэдэг оюуны бүтээл дээр сайн талтай байж болох ч нийгмийн өөрчлөлт, асуудлууд дээр ажиллахдаа хамтдаа олуулаа байх нь илүү үр дүнтэй байдаг. Зөвхөн өөрийгөө боддоггүй, бусдад ч чадах зүйлээрээ туслаж, оролцоогоо харуулах хүсэлтэй залуусыг бид нэгтгэж, орчныг нь бүрдүүлэх түүнийгээ сайн жишиг болгохыг зорьж байна. Бодит оролцоо гэдэг бол лайк, шэйр биш. Гудманд байгаа нэг ширхэг чихрийн цаасыг хогийн саванд хийх нь бараг 1000 лайктай тэнцэнэ. Бодит оролцоо гэдэг бол ийм чухал гэдгийг ойлгоосой. Залуус өөрийгөө голохгүйгээр  хүрээлэл, өөрийн амьдарч буй орчиндоо эерэг нөлөөлөл үзүүлж жинхэнэ хариуцлагатай “инфлюэнсэр” байж чадна. Ингэж эвентээр залуус оролцоогоо илүү бодит, утга учиртай болгож, яагаад нэгдэх ёстой гэдгийг ойлгох, хамтдаа нийлээд оролцоогоо сайжруулах боломжтой юм байна гэдгийг харж, алхам хийгээсэй гэж хүсэж байна. Мөн ЦойлогсоZ болон Лантуун ДОХИО-ийн хамтдаа гаргаж ирсэн энэ концепт цаашид ч үргэлжлээд явна. Сайн дурын залуучуудын хөгжих орон зайг бид бүтээж үүгээрээ нийгмийг сайн сайханд дагуулах болно. Залуус өөрсдөө ч ганцаараа биш гэдгээ ойлгож, бусадтай хамтран ажиллах чадварт суралцаж, нийгэмд бодит хөрөнгө оруулалт хийж чадах юм байна гэдгийг мэдэрнэ. Нийгмийн асуудлуудаас зугтдаг биш тэрийг барьж аваад шийддэг, түүнийг шийдэхэд оролцдог, санаагаа илэрхийлдэг тийм күүл залуус байгаасай гэдгийг дахин онцолж хэлмээр байна.” гэж Лантуун Дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр хэлж байсан юм

Эвентээс онцлох нь

Мөн илтгэгчдийн дундуур салбартаа тэргүүлэгч панелистууд хэлэлцүүлэг өрнүүлсэн ба хэрхэн өөрийнхөө хамгийн сайн хувилбар байж болох, яагаад бид нийгэмдээ күүл оролцоотой байх ёстой, тэдгээрийг хийж бүтээснээр ямар ач холбогдолтой зэргээр олон сонирхолтой яриаг өрнүүллээ.

“Энэ бол миний хамгийн анхны олон хүнтэй тайз байлаа. Төсөөлснөөс маш олон залуус ирсэн байна. Бид нийгэмдээ юу хийж чадах вэ гэсэн асуултны арга замыг хайж энд ирсэн гэж боодож байна.  Цаашлаад үүгээрээ өөрсдийн бодит оролцоог харуулах байх. Гол нь энэ арга хэмжээгээр залуус сайн дурын ажлыг харах өнцгөө өөрчлөөсэй гэж хүссэн. Магадгүй сайн дурын ажлыг дарамт гэж хүлээж авдаг бодлоосоо салж би чаддаг зүйлээрээ бусдад туслаж, оролцоогоо үзүүлэх боломжтой юм байна гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.” хэмээн “Ид шидийн орон 1” төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал, “Ирээдүй бол ОДОО” хэлэлцүүлэгийн панелист С.Энхмандах хэлсэн юм.

Мөн арга хэмжээнээс онцлоход Оскарын наадмын short film номинацид өрсөлдөх эрхийг авч чадсан Шат богино хэмжээний киног бүрэн эхээр нь үзүүлсэн юм. Шат киноны ард 18 хөгжлийн бэрхшээлтэй залуус ажилласан ба бүтэн жилийн турш кино бүтээх талаар суралцаж СУИС-ийн оюутнуудын туслалцаатайгаар бүтээсэн тухай найруулагч П.Золжаргал илтгэлийнхээ үеэр ярьж байв.

Воов...

Бэлэг бэлэг бэлэг! Залууст зориулсан бэлгийн хур ар араасаа буусаар байлаа. Танхимд ирсэн нэг азтанд 20 ном авах эрх өгсөн бол оролцогч бүрт MPLUS аппликэйшнаас нэг ном үнэгүй сонсох эрх, Melearn апплэйкшнаас 10 хоног үнэгүй хичээл үзэх зэрэг олон олон оюунлаг бэлгийг задалсан юм. Мөн эвентийн тасалбар бүрт нэг мод таригдах ба залуус өөрсдөдөө хувь нэмэр оруулахын сацуу байгаль, эх дэлхийдээ ч мод тарих эрхийг авч амжсан юм.

Яана гээд байгаа юм бэ?

Ингээд эвентийг хөглөхөөр Colors хамтлаг ирч залуусыг доргиож байлаа. Хөгжилдөж бас суралцаж, мод тариад л, зургаа авахуулж гангараад л.. Ёстой яана гээд байгаа юм бэ? 

“Хоёр жил хөл хориотой байсан учир ийм том зааланд олуулаа суугаад мундаг хүмүүсээс хэрэгтэй зүйлс сонсоно гэдэг сайхан санагдаж байна. Фэйсбүүкээс эвентийн мэдээллийг хараад “Нээрээ л маш удаан ийм төрлийн эвентэд оролцоогүй юм байна” гэж бодоод тархи яг энэ л зүйлээр дутсан мэт санагдсан. Үнэндээ хичээлээсээ шууд ирсэн учир шууд лекц сонсохыг хүсээгүй. Тэгсэн дуртай артист маань гарч ирч дуулаад, маш сонирхолтой байдаар хэлэлцүүлэгээ өрнүүлж, илтгэж байна. 

Бас эвентээс шийдэл хүлээж ирсэн. Бидэнд маш олон асуулт байдаг ч асуусан асуултынхаа хариултыг олж чаддаггүй, томчууд ч хариулж чаддагүй. Ингээд хөтөлбөрийн илтгэгч, панелистуудыг хараад тэр асуултынхаа хариулт, шийдлийг олж чадна гэж найдаж ирсэн. Хүлээлтэд ч хүрч байна. Панелистуудын ярианаас сайн дурын ажлын ач холбогдлыг ойлгож мэдэж авлаа. Хамгийн таалагдсан хэсэг нь байсан шүү” гэж хөтөлбөрт оролцогч 12 дугаар ангийн сурагч С.Ёсүй хэлсэн юм.

Цаашдаа яах вэ гэж үү?

ЦойлогсоZ болон Лантуун дохио ТББ хамтран залуус болон нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийхээ арга хэмжээний төгсгөлд зарласан бөгөөд эхний төлөвлөж буй ажлууд нь Volunteer community, Volunteer HUB, зүрхэн төгөл зэрэг гэнэ. Иймд чаддаг бүхнээрээ, хөдөлмөрөөрөө бусдад, өөртөө, нийгэмдээ гайхалтай зүйлсийг бүтээх жинхэнэ КҮҮЛ оролцоог бий болгохыг уриаллаа. Дараа жил дахин уулзацгаая. Баяртай.


#Хаана, юу болох вэ?