Багш Ц.Буянжаргал: Хими бол математик гаргалгаа хийдэг хичээл


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-05-26

ЭЕШ эхлэхэд тун бага хугацаа үлджээ. Ингээд химийн хичээлээр ЭЕШ өгөх гэж байгаа сурагчдадаа зориулан Сант сургуулийн багш Ц.Буянжаргалтай ярилцлаа.


YOLOСайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

- Намайг Буянжаргал гэдэг. 2012 оноос хойш Сант сургуульд химийн багшаар ажиллаж байна.

YOLOЭЕШ-д сурагчдыг бэлдээд хэр удаж байна вэ?

- 2 дугаар курст байхаасаа хойш гэхээр, 2009 оноос эхэлж ЭЕШ-д сурагчдыг бэлдэж эхэлсэн. 

YOLOЯмар суурь чадвартай хүүхэд химийн хичээлийг сонгон суралцвал амжилт гаргах магадлал илүү өндөр байдаг вэ?

- Математикийн хичээлдээ сайн хүүхдүүд илүү амжилт гаргах магадлалтай байдаг. Яагаад гэвэл хими бол математик гаргалгаа хайдэг хичээл. Гэхдээ тухайн хүүхэд хүсэж байвал, үнэхээр хичээж чадвал заавал математикийн хичээлдээ сайн байх ёстой гэсэн зүйл байхгүй.

YOLOХимийн хичээлийн элемент, томьёо зэргийг хэрхэн хялбараар тогтоох вэ?

- Зүй тогтлоор нь тогтоовол амархан. Томьёоны хувьд тухайн томьёог гаргаж байгаа гаргалгааг ойлгож тогтоовол хялбар байдаг.

YOLOХичээлийн гол агуулга хэддүгээр ангиас эхэлдэг вэ?

- 9 дүгээр ангиас. Цаашдаа химийн хичээлийг сонгож суралцах хүсэлтэй хүүхдүүд 9 дүгээр ангиасаа эхлэн бэлдэх хэрэгтэй.

YOLOБие даан судалж байгаа хүүхдүүд чанартай мэдлэг олж авч чадах болов уу?

- Химийн хичээлийг бие даан судлахад хүнд. Заавал багшаар заалгах шаардлага гардаг. Хүүхэд өөрөө үнэхээр сайн биеэ дайчилж хичээж чадвал болох хэдий ч онол агуулгын хувьд бие даан судлахад харьцангуй хүнд байдаг. Гэхдээ бие даан бэлдэж буй сурагчид маань физик хими, органик хими, урвалын механизмыг сайтар судлах хэрэгтэй.

YOLOСант сургуулиас химийн хичээлээр олон улсын олимпиадад оролцдог сурагчид цөөнгүй гэсэн. Та сурагчдаа ямар системтэйгээр бэлддэг вэ?

- Сайн суулгаж, аль болох л их дасгал даалгавар хийлгэдэг. Бүх л төрлийн бодлогыг байж болох бүх аргаар бодуулахыг эрмэлздэг.

YOLOБодлого дээрээ их алддаг хүүхдүүд юун дээр түлхүү анхаарвал зүгээр вэ?

- Онолоо сайн мэдэх. Шууд онол заахаар хүүхдүүд тийм ч сайн ойлгохгүй. Ийм учраас сурсан онолоо хэрэглэх, бодолго дээр ашиглах хэрэгтэй гэсэн үг. Ингэж байж онолоо ч ойлгож, бодлогоо ч бодно. Эхлээд бодлогоо ойлгож сураарай. 


YOLOХимийн хичээлийг сонгоод ахлах ангид орж байгаа сурагчид маань ямар чадвартай, мэдлэгтэй байх ёстой вэ?

- 9 дүгээр анги төгсөж байгаа сурагчид урвалын тэгшитгэл бичдэг, бодис, тоног төхөөрөмжийг таньдаг, хялбар бодлого боддог, ерөнхий химийн агуулга мэдэж байх шаардлагатай. 10 дугаар ангид химийн хичээлийн агуулга хүндэрдэг учир сууриа бэлдэж буй нь юм.

YOLOЕБС-д суралцаж байгаа химийн агуулга хэр хүнд байдаг вэ?

- Сурах бичгийн онолын агуулга хялбар байдаг. Гэхдээ өөрийгөө үнэлээрэй дээр орж ирдэг дасгал даалгаврын агуулга хүндэрдэг. Иймээс л химийн хичээлд багш чухал нөлөөтэй. 

YOLOХимийн хичээлийг сурч эхэлж байгаагаа хэрхэн мэдрэх вэ?

- Ямар ч урвалын тэгшитгэлийг бичдэг, нэг өгөгдөлтэй, хоёр өгөгдөлтэй бодлогыг хялбар бодож байвал химийн хичээлийг сурч эхэлж байгаагийн шинж.

YOLOЗарим сурагчид томьёонд орлуулж бодсоор байгаад сурчихсан, хувиргалт хийх бодлогуудаа чадахгүй талтай байдаг. Ийм сурагчид хэрхэн сэтгэлгээгээ задлах вэ?

- Эхний ээлжид маш олон төрлийн бодлогыг олон талаас нь бодож сурах. Гэхдээ ийм сурагчид өгүүлбэрээ ойлгохгүй байх талтай. Бодлогынхоо өгүүлбэрийг ойлгож сурах нь алдаагаа засахад тустай.

YOLOХимийн хичээлийг сонгон суралцсанаар сурагчид ямар чадварт суралцдаг вэ?

- Химийн хичээл хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлдэг. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ихэнх зүйл химийн бодис. Тэдгээрийг таних, зөв зохистой хэрэглэх мэдлэгтэй болдог нь химийн хичээл сурсны бас нэгэн давуу тал юм.

YOLOХимийн хичээл бусад хичээлээс юугаараа онцлогтой вэ?

- Бусад хичээлээс ялгаатай нь химийн хичээл сорил туршилт их хийдэг. Мөн амьдралтай ойр. Хичээл үздэг зарим бодисууд бидний өдөр тутамд ашиглагддаг гараар барьж болох бодис байдаг юм шүү.

YOLOХимийн хичээлд туслах апплейкшин, сайт санал болговол?

- Хан академийн химийн хичээл сайн байдаг. Эх хэлээс илүүтэйгээр англи хэл дээрх эх сурвалжууд их, мэдээлэл сайтай байдаг.


YOLOЭЕШ эхлэхэд маш богино хугацаа үлдсэн байна шүү дээ. Энэ хугацаанд сурагчид маань ямар арга барилаар бэлдэх хэрэгтэй вэ?

- Тестийг голчилж ажиллаж хэрэгтэй. Мөн өмнөх жилүүдийн тестүүдийг сайн хийх хэрэгтэй. Сар гарны хугацаанд бүх онолоо эхнээс нь үзнэ гэвэл яасан ч амжихгүй шүү дээ.

YOLOХимийн хичээлийг сонгож ЭЕШ өгдөг сурагчдын тоо хэр их байдаг вэ?

- Эмч болох хүсэл зорилготойгоор химийн хичээлийг сонгож ЭЕШ өгч байгаа сурагчид их байдаг. Харин химийн хичээлийг голчлоод химийн инженер ч юм уу, химийн мэргэжилтэн болох зорилготой хүүхдүүд сүүлийн жилүүдэд багассаар байна.

YOLOЭЕШ-д бэлдэх ном санал болгооч.

- ЭЕШ сурах бичгийн дагуу орж ирдэг. 10, 11 дугаар ангийн сурах бичгийг сайтар уншиж тогтоох хэрэгтэй. Тестийн ном гэвэл өнгөрсөн жилүүдийн жишиг даалгаврыг бүрэн ажиллаж дуусгах нь тохиромжтой. Чөлөөт цаг гарвал бусад улсын тэтгэлгүүдийн шалгалтын материал дээр ажиллаж болно.

YOLOЭЕШ дээр сурагчдын хамгийн их алддаг сэдэв юу вэ?

- Органик хими, физик хими.

YOLOШалгалтын цаг төлөвлөлтөө хэрхэн хийх тал дээр сурагчдад зөвлөгөө өгөөч.

- ЭЕШ-ийн хими 100 минут байдаг. Үүнээс 10 минутад хариултын хуудсаа бөглөнө, 10 минут дахиад хянана гэсэн төлөвлөгөөтэй орвол тохиромжтой. Миний хувьд 60 минут тестээ, 30 минутыг хоёрдугаар хэсгийг хийхдээ зарцуулбал зүгээр гэж бодож байна. Чадахгүй зүйлээ орхиод явах хэрэгтэй. Мөн цаг төлөвлөлтийг шалгалтаас ч өмнө хийж сурахыг зөвлөж байна. Манай сургуулийн хувьд 100 минутын шалгалтыг 60 минутад авах зэргээр сурагчдаа цаг төлөвлөх чадварт суралцуулдаг.


YOLOХариултын хуудастай хэрхэн ажиллах вэ?

- Хийж дууссаныхаа дараа бүгдийг нь эхнээс нь бөглөх биш хийж байх явцдаа нэг нэгээр нь бөглөөд явбал цаг хэмнэдэг. 

YOLOТест хийхдээ хэрхэн цаг хэмнэх вэ?

- Чадахгүй даалгаврыг орхиод өмнө нь асуултын тэмдэг зэргийг үлдээгээд орхих хэрэгтэй. Дараа нь цаг гарвал түүнийгээ оролдох нь зөв арга юм. Мөн тестээ, асуултаа тийм ч сайтар ойлгохгүй байвал хариунаас нь хөөж болдог. Нэг бүлгийн төстэй бодисууд байвал биш гэх зэргээр хөөж болно.

YOLOДараа дараагийн жилүүдэд ЭЕШ өгөх сурагчдадаа зөвлөгөө өгөөч.

- Ерөнхий хими, органик хими, органик бус хими, физики хими гэсэн сэдвүүдийн онолуудыг сууриас нь эхлэн үзэх хэрэгтэй. ЭЕШ эхлэхээс 3 сарын өмнөөс ч юм уу өмнөх оны жишиг, өмнө дурдсан бусад орны засгийн газрын тэтгэлэгт шалгалтуудын материал дээр ажиллах нь зүйтэй. Тэгвэл онолоо тал бүрээс ойлгож чадна.Химийн ЭЕШ хүнд агуулгатай учир эртнээс бэлдээрэй.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Боловрол #ЭЕШ