"Мэргэжлээ сонгохын өмнө сайн судалж, хүсэл зорилгоо тодорхойлох хэрэгтэй"


YOLO.mn | YOLO.MN
2022-05-24

Ахлах ангийн сурагчдад зориулсан "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян өнөөдөр эхэллээ. Уг аяны хүрээнд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгоход нь зориулсан сургалт орж, зөвлөгөө өгөх юм.

Аян талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж "Монгол Улсад ажлын байр байгаа ч ажил хайж байгаа залуусын тоо буурахгүй байна. Учир нь мэргэжил сонголтоо буруу хийснээс болж эрэлттэй ажлын байр, ажиллах хүчин хоёр авцалдахгүй байна.

 

Нэг оюутан их дээд сургуулиа төгсөөд ажилд ортлоо дунджаар 2.7 жилийг ажилгүй өнгөрөөдөг судалгаа бий. Мөн жилд 40 мянган оюутан их сургууль төгсдөгийн 28.5 хувь нь буюу 10 мянга орчим нь л ажлын байртай болдог. Гэхдээ түүний ихэнх нь мэргэжлийн бусаар.

Түүнчлэн 40 мянган оюутны 70 орчим хувь нь нийгмийн ухааны чиглэлээр төгссөн. Бидэнд хэрэгтэй байгаа үйлдвэр технологи, инженер техникийн ажлыг хийх мэргэшсэн боловсон хүчин цөөхөн. Нийгмийн ухааны чиглэлээр төгссөн тэдгээр оюутнуудын тал нь банк санхүү, нягтлан бодох чиглэлээр төгсөж байна. Монгол Улсад ойролцоогоор 14 мянган хуульч бий.

Иймээс 2017 оноос эхлэн бид "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг санаачлан орон даяарх 10-12-р ангийн сурагчдад мэргэжил сонгохдоо юуг анхаарах тухай зөвлөгөө, сургалт орж эхэлсэн" хэмээв.

 

Тэрээр мэргэжил сонгоход тулгардаг асуудлуудаас гурвыг жишээ татан тайлбарласан юм. Үүний

  • Нэгдүгээрт улсын сургуульд л орж байвал гэсэн хандлага.
  • Хоёрдугаарт эцэг эх нь мэргэжил тулгах гэдэг.
  • Гуравдугаарт сургалтын төлбөрийн бололцоо.

Сурагчдад лекц орсон илтгэгч нар ч эдгээрийн талаар ярьж байв. Хүүхэд өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн мэргэжлээ сонгосноор ирээдүйд сургуулиа солих, сургуулиас гарах, мэргэжилдээ дургүй байх эрсдэлүүдийг бууруулдаг аж.

Лекцийн дараа мэргэшсэн зөвлөхүүд хүүхдүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өгч байгаа бөгөөд сурагчдаас тест авч ямар мэргэжил тохирохыг нь тодорхойлон зөвлөж байна.

Хүүхдүүд ирээдүйнхээ төлөө илтгэгчдийн зөвлөгөөг сонсож "Мэргэжлээ сонгохын тулд эхлээд сайн судлах хэрэгтэйг ойлгосон. Мөн мэргэжлийнхээ эрэлт, хэрэгцээ, орчин нөхцөл зэргийг анхаарах шаардлагатайг мэдлээ. Гэр бүлийнхний зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй ч эхлээд өөрийнхөө хүсэл зорилгыг тодорхойлно" хэмээж байв.

Өнөөдрийн сургалтад Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сурагчид хамрагдсан бол ирэх долоо хоногоос Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн сурагчид оролцох аж.

#Мэдээ