Films and Feelings - Doctor Strange: Multiverse of Madness


Хасбаатар | YOLO.MN
2022-05-16

SPOILER ALERT

MCU-ийн ирээдүйн чухал зангилаа болох Doctor Strange-ийн хоёр дахь соло кино нээлтээ хийгээд чамгүй хугацаа өнгөрлөө. Хоног тоолон хүлээсэн” чин зүрхний” үзэгчид аль хэдийн киногоо үзсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ нийтлэлд киноны үйл явдал, төгсгөлийн талаар дэлгэрэнгүй дурдах тул хэрэв хараахан үзэж амжаагүй бол үзчихээд эргэж ирээрэй. Анхаарууллаа шүү. smiley

Doctor Strange: Multiverse of Madness (2022) нь цаг хугацааны хувьд Spiderman: No Way Home (2021) дараа үргэлжлэх бол агуулгын хувьд WandaVision (2021) цувралын шууд үргэлжлэл гэж хэлж болохоор бүтээл юм. Кинонд America Chavez хэмээх шинэ баатрыг үзэгчдэд танилцуулахын зэрэгцээ Doctor Strange, Wanda Maximoff нар харуусалтайгаа салах ёс хийж буй тухай өгүүлэх ажээ. 

Швед-Америк сэтгэл судлаач Elisabeth Kübler-Ross гашуудалд 5 үе шат бий гэж тодорхойлсон байдаг. Үгүйсгэл, уур хилэн, хэлцэл, сэтгэл гутрал, хүлээн зөвшөөрөх. WandaVision (2021) цувралын уран бүтээлчид хайртай дотнын нэгнээ алдсаны дараа эдгээр 5 шатыг хүн бүр туулж гардаг гэх энэ ойлголтыг бүтээлдээ тусгасны дээр үзэгчдэд Wanda-ийн туулж өнгөрүүлсэн амьдрал, шаналлыг дэлгэцнээ дүрсжүүлэн хүргэсэн нь түүнтэй гүн холбогдох боломжийг олгожээ. Иймдээ ч шинэхэн кинонд эсрэг дүрээр орж ирсэн түүнийг дэлгэцийн эсрэг талд суугаа хэнбугай ч үзэн ядаж чадсангүй. Үүнд Elizabeth Olsen-ийн чадварлаг жүжиглэлт ч том хувь нэмэртэй байв. 

Бага насандаа эцэг эхээ, Ultron-той хийсэн дайнд ахыгаа алдаж Өшөө авагчдын дотоод тэмцлийн үеэр Ахмадын талд тулалдсанаас үүдэн буруутайд тооцогдож эцэст нь хайртай нэгнээ өөрийн гараар хөнөөхөөс өөр аргагүй байдалд орсон тэрээр Thanos-той хийсэн эцсийн тулааны дараа хязгаартаа хүрсэн нь ойлгож болохоор явдал байв. 

Multiverse of Madness-ийн эхний албан ёсны танилцуулгад Вандагийн “Чи дүрэм зөрчөөд баатар болдог, харин би дүрэм зөрчвөл шууд муу хүн болно. Шударга биш байна.” гэх өгүүлбэр шууд сэтгэлд хүрсэн нь бас учиртай. Нээрээ л Doctor Strange олон ертөнцийн хооронд хаалга нээж, бүхэл бүтэн ертөнцийг устах аюулд оруулж байхад түүнийг хэн ч буруутгасангүй. Сүүлд Darkhold гэх хар шившлэгийн номыг ашиглахад нь ч Strange-д хариуцлага тооцох хүн гарч ирсэнгүй. Учир нь зөв буруугийн заагийг баатрууд өөрсдөө л тогтоодог. Туйлын зорилго нь сайн бол бяцхан муу үйл хийх нь үнэхээр зөв үү, эсвэл хүн бүр адилхан шүүгдэх ёстой юу гэх асуултыг нухацтай тунгаахад хүргэв. 

Юутай ч үзэгч миний нүдээр энэ кинонд муу эсвэл сайн, хар эсвэл цагаан тал гэж байсангүй. Хоёул өөрт чухал, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж буй баатрууд байлаа. Харин киноны төгсгөлд Wanda нурангид дарагдаж төгссөн ч, эргэн ирнэ гэх хүлээлт буйн зэрэгцээ Elizabeth Olsen дүрээ үргэлжлүүлэн бүтээх хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа билээ. 

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн хэсэг бол “Би бүх ертөнцөд чамд хайртай”. Stephen Strange, Christine Palmer нарын хоорондох хэзээ ч нэг тийш болоогүй сэтгэл мэдрэмж киноны чухал хүчин зүйлсийн нэг, бүр цаашлаад хэрэв энэ plotline байгаагүй бол кино бүхэлдээ Scarlet Witch-ийн соло кино болох эрсдэл байсантай маргах хүн цөөн биз. Олон ертөнцийн хаа нэгтээ өөрийн Christine Palmer-ийг авто ослоор алдаж, эргэж авчрахын тулд харанхуй шидэд живж буй Stephen Strange-ийн тухай What If…? (2021) антологи цувралын нэг ангид тодхон бий. Ямартай ч эцэстээ Strange эмч маань харуусалтайгаа салах ёс хийгээд зогсохгүй after credit хэсэгт бид ирээдүйн Хатагтай Strange-тэй танилцсан билээ. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд, хэдий Doctor Strange: Multiverse of Madness (2022) шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээсэн зүйлийг өгч, олон дүрүүдийг камео байдлаар харуулж буй боловч энэ нь тун хангалтгүй. Олон ертөнц гэх ойлголт, тэр дундаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг хальт “гайхуулах” энэ арга нь өөрөө шинэлэг, соньхон санагдахаа больж эхэлжээ. Цаашид уг дүрүүдийг киноны гол үйл явдал, MCU-ийн ирээдүйд нөлөө түлхэц болохуйц байдлаар оролцуулах бодит шаардлага байгааг анзаарч суулаа. 

#Кино урлаг