1000 инженер хөтөлбөрийн 96 төгсөгчийг ажил олгогчдод танилцууллаа


Б.Дариа | YOLO.MN
2022-05-13

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс “1000 инженер-Ажлын байр 2022” өдөрлөгийг өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч оролцсон байна. 

Төгсөгчид нь япон, англи хэлний мэдлэг эзэмшсэн бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Хөтөлбөрийн төгсөгч Ч.Хулан "Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  ЕБС-ийг төгссөн. Ингээд 2017-2022 он хүртэл 1000 инженер төсөлд хамрагдаж 2 жил ШУТИС-д, 2 жил Япон улсын TOYOHASHI их сургуульд суралцаж, хоёр улсын бакалаврын диплом аван механик инженер мэргэжлийг эзэмшин ирсэндээ баяртай байна. Миний хувьд гадаадад суралцах хүсэл эрмэлзэлтэй байсны дээр хос дипломтай төгсөх нь давуу тал гэж үзэн хөтөлбөрт хамрагдсан. Япон улсад суралцаж байх хугацаандаа мэргэжлийн хичээл, чадваруудаас гадна биеэ даах, санхүүгээ удирдаж сурах, бусадтай харилцах гэх зэрэг олон чадварыг богино сурч чадсан гэж бодож байна. Өнөөдрийн өдөрлөгт ирсэн байгууллагууд ажлын туршлага шаардахгүй, төгсөгчдийн ажиллах хүсэл, сонирхолыг нэн тэргүүнд харгалзан үнэлж байгаа нь таалагдаж байлаа. Найрсаг хамт олонтой, байгууллагын соёлтой, сурсан зүйлсээ бусадтай хуваалцаж, өөрийн хувь нэмрийг оруулж чадах ажлын байрыг горилж байна" гэж хэлсэн юм.

Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, механик инженер, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх, сонгон шалгаруулж хамтран ажиллаж байна.

Номин Холдинг ХХК Хүний нөөцийн  М.Буяндэлгэр "Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа 96 төгсөгчдөөс салбар компаниуддаа ажиллуулах хүсэлтэй ирсэн. Эдгээр төгсөгчдөөс ажлын туршлага шаардахгүй, сургаж ажиллуулах саналтай байгаа нь онцлог гэж харж байна. Ажлын туршлагатай байвал давуу тал болох хэдий ч заавал шаардахгүй. Тухайн төгсөгчийн мэдлэг, чадвараас гадна өсөн дэвжих хүсэл эрмэлзэл, өөрийгөө хэрхэн таниулж буй, хандлага зэргийг үнэлэн ямар албан тушаал дээр ажиллахыг ярилцан шийдэх ба төгсөгчид ч суралцсан туршлагаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна" гэв.

Өдөрлөг нь төгсөгчдийг ажил олгогчдод танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог гэж БШУЯ-наас мэдээллээ. Өдөрлөгийн үеэр зарим компаниуд сонгосон төгсөгчдөд ажилд авах урилга гардууллаа.

#Мэдээ