MBTI тест: Ямар төрлийн экстраверт вэ?


Г.Нандин | YOLO.MN
2022-05-11

Нийтлэлийн өмнөх дугааруудаар зан чанарын MBTI (Myers-Briggs Personality Type Indicator) тест болон Интроверт зан чанарын төрлүүд-ийг хүргэсэн билээ.

(Тодруулсан хэсэг дээр дарж өмнөх нийтлэлүүдтэй танилцаарай.)

MBTI тестийн дөрвөн хэмжүүрийг тодорхойлоход хамгийн хялбар байдаг нь интроверт эсвэл экстроверт гэдгээ мэдэх болно. Тиймээс 16 зан чанарыг интроверт, эсвэл экстроверт гэдгээр нь хоёр хуваасан. Ингээд сүүлийн хэсэг буюу Экстравертүүдийн тухай мэдэж авцгаая. 

Юуны өмнө экстраверт гэдэг нь хамгийн ерөнхий ойлголтоороо гадаад ертөнцөд тааламжтай, олон хүн, эрч хүчтэй газар байх дуртай хүнийг хэлнэ. Экстравертүүд бусадтай харилцаж энерги цуглуулан түүнээсээ эрч хүчийг мэдэрдэг хүмүүс байдаг. Ажил, хичээлээ хийхдээ хүртэл хүнтэй ярилцаж, хамтран хийхдээ илүү сайн байх болов ч ганцаараа эрч хүч нь буурч юу ч хийхгүй байх хандлагатай.

Мөн 100 хувь интроверт хүн гэж байдаггүй бөгөөд бүх хүн аль нэг тал руугаа илүү ойрхон “амбиверт” байж бас болно. Амбиверт ойлголтын тухай өмнөх нийтлэлд авч үзсэн.

Myers-Briggs байгууллагын түүвэр судалгааны үр дүнд АНУ-ын иргэдийн 49.3% нь экстраверт байсан. Мөн нийт эрэгтэйчүүдийн 45.9% нь, нийт эмэгтэйчүүдийн 52.5% нь экстраверт гэсэн үр дүн гарч байжээ. 

Ингээд найман төрлийн Экстраверт зан чанарыг тус тусад нь авч үзье: 

ENTJ (Командлагч)

Командлагч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Зөн совиндоо найдагч (Intuitive), Бодолхийлэгч (Thinking), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Таны цаг хугацаа хязгаарлагдмал учраас өөр хэн нэгний амьдралаар амьдарч битгий үрээрэй.” - STEVE JOBS

Командлагч зан чанар нь байгалиас төрсөн удирдагч, бусдыг өөртөө татах чадвартай хүмүүсийг хэлнэ. Энэ төрлийн хүмүүс өөртөө итгэлтэй, шийдвэр гаргахдаа сайн байдаг ч заримдаа хэт логикт суурилсан байдал нь эргэн тойрныхонд нь хүндрэл учруулах нь бий. Тиймээс ч нийт хүн төрөлхтний 3 хувь нь л энэ төрлийн экстраверт байдаг.

Амжилтад хүрэх хандлага ихтэй, бизнес эрхлэх авьяастай хүмүүс ба сорилтод дуртай. Ямар ч сорилтыг хичээл зүтгэлийн тусламжтай хангалттай давах боломжтой гэж үздэг.

Давуу тал:

  • Үр бүтээмжтэй
  • Эрч хүчтэй
  • Өөртөө итгэлтэй
  • Хүсэл эрмэлзэлтэй
  • Стратеги төлөвлөгөөтэй
  • Бусдад урам зориг өгөгч

Сул тал:

  • Зөрүүд
  • Гүйцэтгэгч байхдаа муу
  • Тэвчээргүй
  • Их зантай
  • Сэтгэл санаагаа удирдах чадвар муу
  • Хүйтэн

ENTP (Мэтгэлцэгч)

Мэтгэлцэгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Зөн совиндоо найдагч (Intuitive), Бодолхийлэгч (Thinking), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүнд хүрсэн байна.

“Аюултай, бие даасан, сэтгэгч бай. Өөрийн санааг зөрчилдөх аюултай нүүр тулга.” - Thomas J. Watson

Зан чанарын хамгийн том онцлог нь маргаанаас зайлсхийдэггүй, зөрчилдөхөөс айдаггүйд орших юм. Дүрэм журамд баригддаггүй, хэм хэмжээнд уягдахгүй байхыг хүсдэг хүмүүс. Хурдан сэтгэж, хариу үйлдэл үзүүлж чаддаг нь мэтгэлцэгч нэртэй нь холбогдоно.

Шулуун шударга байдлыг илүүд үзэх ч бодлын процесс нь харьцангуй уян хатан байх ба асуудлыг олон талаас харж чаддаг.

Давуу тал:

  • Мэдлэг, мэдээлэлтэй
  • Бодлын процесс хурдан
  • Дур булаан
  • Асуудлыг бүх талаас нь харж чаддаг
  • Эрч хүчтэй

Сул тал:

  • Бүх зүйлийг маргаан болгох хандлагатай
  • Мэдрэмжгүй
  • Тэвчээргүй
  • Төвлөрөх чадвар сул

ENFJ (Гол дүр)

Гол дүр зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Зөн совиндоо найдагч (Intuitive), Мэдрэгч (Feeling), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Бүх дэлхий нам гүм байхад нэгэн хоолой хүчирхэг болдог.” - Malala Yousafzai

Гол дүр зан чанар нь бусдад нөлөөлөх, удирдагч байх чадвараас гадна өөрийн итгэл үнэмшил, чухал гэсэн зүйлээ бусдад нээлттэй байлгаж чаддагаараа онцлог юм. Энэ төрлийн хүмүүс нь бусдын дотоод ертөнцийг хэлүүлэлтгүй ойлгож, ямар зорилгоор өөрт нь ойртож байгааг гадарлахдаа маш сайн байдаг.

Бусдын асуудлыг шийдвэрлэх туслах дуртай ба ихэнх үйлдэл нь эерэг үр дүнтэй байдаг. Удирдах арга барил нь бусдадаа үлгэрлэх.

Давуу тал:

  • Найдвартай
  • Урам зоригтой
  • Дур булаам
  • Эерэг зорилгод хөтлөгддөг

Сул тал:

  • Боломжгүй зүйл төсөөлөх хандлагатай
  • Хэт идеалист
  • Хэт зааварчилсан зантай
  • Бусдын асуудлыг өөрийнхөөсөө ялгадаггүй

ENFP (Сурталчлагч)

Сурталчлагч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Зөн совиндоо найдагч (Intuitive), Мэдрэгч (Feeling), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүнд хүрсэн нэгнийг хэлнэ.

“Чиний ажил, мэргэжил, юу хийж амьдардаг чинь надад огтхон ч хамаагүй. Харин сэтгэл чинь юу хүсэж байгааг, мөн хүслээ биелүүлэх зориг бий эсэхийг чинь мэдмээр байна.” - Oriah Mountain Dreamer

Ийм төрлийн зан чанартай хүмүүс өөрийн хүсэл, бодол, өөрийгөө хамгийн сайн ойлгодог хүмүүс байдаг. Ямар ч бүлэг хүмүүс дотор хамгийн өөрийнхөөрөө, анхаарал татсан нэгэн байх нь бий. Нийгмийн амьдрал, бусадтай үүсгэж буй харилцаандаа маш их ач холбогдол өгдөг нэгэн юм.

Амьдралаас аз жаргалыг олох, амьдралын замаа тодорхойлоход ихэнх хүчээ зарцуулдаг.

Давуу тал:

  • Сониуч
  • Анзаарга сайтай
  • Эрч хүчтэй
  • Харилцааны чадвар маш сайн
  • Бусдад дулаан мэдрэмж төрүүлдэг

Сул тал:

  • Бусдын үгээр байх хандлагатай
  • Нэг юмандаа төвлөрдөггүй
  • Замбараагүй
  • Хэт эерэг
  • Өөрийгөө амрааж чаддаггүй

ESTJ (Гүйцэтгэгч)

Гүйцэтгэгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Ажиглагч (Sensing/Observant), Бодолхийлэгч (Thinking), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Сайн дэг журам нь бүхний үндэс болно.” - Edmund Burke

Гүйцэтгэгч зан чанартай хүн уламжлал, дэг журамд өндөр ач холбогдол өгч нийгмийн хэм хэмжээнд амьдардаг. Бусдыг нэгтгэж, дэг журмыг бүрдүүлснээр таашаалыг мэдэрдэг.

Үлгэр дуурайлал үзүүлж удирдах, хариуцлагыг эрхэмлэгч ба хүн амын ойролцоогоор 11% нь энэ төрлийн зан чанартай байдаг. Дэлхийн томоохон удирдагч нар ийм экстраверт байх нь түгээмэл.

Давуу тал:

  • Төвлөрсөн, үнэнч
  • Хүсэл эрмэлзэлтэй
  • Шударга
  • Тэвчээртэй
  • Найдвартай
  • Цэгцтэй

Сул тал:

  • Уян хатан бус, зөрүүд
  • Шүүмжлэгч
  • Нийгэм дэх байр сууриндаа хэт их ач холбогдол өгдөг
  • Бодлоо илэрхийлэх чадвар муу

ESFJ (Зөвлөх)

Зөвлөх зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Ажиглагч (Sensing/Observant), Мэдрэгч (Feeling), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан байна.

“Бие биенээ урамшуулж, өргөж, хүчирхэгжүүл. Учир нь эерэг энерги нэг хүнд хүрэхэд бид бүгдэд мэдрэгдэнэ.” - Deborah Day

Зөвлөх зан чанартай хүн цаг хугацааг бусадтай өнгөрүүлснээр аз жаргалыг мэдэрдэг нэгэн юм. Гэр бүл, бүлэг, найз нөхдийнхөө харилцааны бат бөх суурь болдог. Сайхан сэтгэгдэл төрүүлэх, түшиг тулгуур байх нь тэдний хийх ёстой зүйл хэмээн бодох нь бий.

Урт хугацааны, бат бөх харилцаа үүсгэхдээ сайн ба эргэн тойрны хүмүүс нь түүнтэй дотноссоноор илүү аюулгүй, халамжинд умбасан мэт мэдрэх болно.

Давуу тал:

  • Үүргээ нухацтай хүлээж авдаг
  • Маш үнэнч
  • Халуун, дулаан
  • Бусадтай холбоо тогтоохдоо сайн

Сул тал:

  • Нийгмийн байр сууриндаа санаа зовдог
  • Уян хатан бус
  • Шүүмжлэлд эмзэг
  • Бусдын төлөө өөрийгөө орхих аюултай

ESTP (Бизнес эрхлэгч)

Бизнес эрхлэгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Ажиглагч (Sensing/Observant), Бодолхийлэгч (Thinking), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Амьдрал бол зоримог адал явдал, өөр эсвэл юу ч биш.” - Helen Keller

Энэ төрлийн зан чанартай хүмүүс нь анхаарлын төвд байх дуртай, тийм байхдаа ч сайн. Хаана ч явсан хүмүүсээр хүрээлүүлдэг. Хэт гүн бодол, ярианууд анхаарлыг нь татдаггүй.

Хамгийн ажигч зан чанар учраас тэдэнтэй ярих сэдэв дуусдаггүй. Асуудлыг тунгаан бодсоны дараа шийдвэр гаргахаас илүүтэй шийдвэр гаргасныхаа дараа тунгаан бодохыг илүүд үзнэ.

Давуу тал:

  • Шударга
  • Ажигч
  • Нийтэч
  • Хэлэх зүйлээ шулуухан хэлдэг

Сул тал:

  • Тэвчээргүй
  • Аюултай зүйл их хийдэг
  • Дараалал, стратегитай холбоотой зүйлд муу
  • Эсэргүүцэгч
  • Аливааг томоор харахдаа муу

ESFP (Хөгжөөгч)

Хөгжөөгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Экстраверт (Extravert), Ажиглагч (Sensing/Observant), Мэдрэгч (Feeling), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Секунд бүрийг эргэлзэлээгүйгээр амьдар. - Elton John

Маш хөгжилтэй, бусдад нөлөөлөх чадвартай зан чанар. Урам зориг ихтэй, нөхцөл байдлыг хөгжөөх чадвар ихтэй хүмүүс.

Гадаад төрх, юмны зохицолд их ач холбогдол өгдөг. Найз нөхөд ихтэй байдаг ба олон хүн дунд тухтай байдаг хүмүүс.

Давуу тал:

  • Гоо зүйн мэдрэмж
  • Ажигч
  • Харилцааны чадвар сайн
  • Шударга

Сул тал:

  • Эмзэг
  • Амархан уйддаг
  • Үл ойлголцох хандлагатай
  • Төвлөрөх чадвар муу
  • Урт хугацааны төлөвлөгөө гаргахдаа муу

Ингээд та бүхэнд интроверт болон экстроверт зан чанарын тухай дэлгэрэнгүй хүргэлээ. Зан чанараа илүү сайн танин мэдэхэд чинь бага ч болов нэмэр болсон гэж найдаж байна. Өөрийгөө олох урт аялалд чинь амжилт хүсэе.

Эх сурвалж: positivepsychology,16personalities

#Сэтгэл зүй