“Өөрийгөө БАЙГААГААР НЬ ХАЙРЛАЖ СУРСАН тэр мөчид ЧИ ӨӨР ХҮН БОЛОХЫГ ХҮСЭХЭЭ БОЛИНО”


Заяц | YOLO.MN
2016-11-10

Арван жилийн хугацаанд бие даасан 8 цомог гаргаж, дэлхийг тойрсон 6 аялан тоглолт хийж, 8 удаагийн Грэммигийн шагнал хүртсэн түүнийг хөдөлмөрч гэхээс аргагүй. 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадос улсын Сейнт Майклд нэгэн охин мэндэлсэн бөгөөд ээж аав нь түүнд Робин Фенти хэмээх нэрийг хайрлажээ. Тэр үед түүнийг 20 жилийн дараа дэлхийд нэртэй од болж, амнаас нь гарах авиа бүхэн хит болно гэж төсөөлөө ч үгүй байсан биз.

Рианнагийн бага нас жаргалтай, баяр баяслаар дүүрэн өнгөрсөн гэвэл худал болно. Багадаа аав Рональдтайгаа хамт гудамжинд хувцас зардаг байв. Гэвч түүний аав архи болон мансууруулах бодис хэрэглэн гэр бүлийнхнийгээ дарамталдаг байснаас гадна РиРиг хүүхдүүд цайвар арьстай хэмээн шоолж, доог тохуу хийдэг байв. Эдгээр бүх асуудлуудыг даван туулахын тулд тэрээр хатуу чанга байхыг сурч, цэргийн сургуульд хүртэл сурч байжээ.

Рианна регги хөгжим сонсож өссөн бөгөөд багаасаа л дуулах дуртай байв. 14 настай байхад нь Рианнагийн дуулахыг сонссон хөгжмийн продюссер Эван Рожерс  түүнийг АНУ-д урьж түүний дуулсан хоёр дууг нь томоохон студиуд руу явуулжээ. Түүний бичлэгийг сонссон Def Jam Records дуу бичлэгийн студийн захирал реппэр Жей Зи түүнийг студийнхээ сонгон шалгаруулалтанд урьсан юм.

16 настай Рианна тус студийн эзэн Эл Эй Рейд болон Жей Зи хоёрыг алмайруулж чадахаар барахгүй тэр өдөртөө л тус студитэй гэрээ байгуулсан юм.  Дөрөвхөн сарын дараа тэрээр анхны сингл болох Pon de Replay дуугаа гаргаж тус дуу Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаарт бичигдэж 2005 оны наймдугаар сард түүний анхны бие даасан Music Of The Sun цомог гарчээ.

Үүнээс найман сарын дараа түүний хоёр дахь бие даасан A Girl Like Me цомог худалдаанд гарсан нь өмнөх цомгийнхоо амжилтыг эвдэн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм. 2007 оны тавдугаар сард түүний 3 дахь цомог Good Girl Gone Bad фенүүдийнх нь гар дээр ирж, цомгийн гол сингл болох Жей Зитэй хамтран дуулсан Umbrella дуу дэлхий дахинаа хит болж 6,6 сая борлуулагдсан нь дэлхийн хамгийн их борлуулалттай синглүүдийн жагсаалтанд багтсан юм.



Үүний дараа тэрээр жилийн зайтай дөрвөн бие даасан цомог гаргасан нь 2009 онд Rated R, 2010 онд Loud, 2011 онд Talk That Talk, 2012 онд Unapologetic. Ингээд 4 жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард түүний 8 дах цомог болох Anti худалдаанд гарсан юм.



Авьяаслаг дуучин бүсгүй маань дэлхийн хэмжээний олон ч уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Шон Пол, Жей Зи, Тимбалэнд, Канье Уэст, Эминем, Дрейк, Coldplay, Кэлвин Харрис, Пол Маккартни, Шакира, Крис Браун зэрэг одуудад түүнтэй хамт уран бүтээл туурвих боломж олджээ.
 

ТҮҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛ

2008 онд тэрээр хуучны танил дуучин Крис Браунтай үерхэж эхэлсэн ч 2009 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн хосууд маргаж маш таагүй байдлаар харьцаагаа тасалсан юм. Хосууд үүнээс хойш хэд хэдэн удаа дахин нийлэхийг оролдсон боловч бүтэлтэй зүйл болоогүй.



2009 онд тэрээр реппэр Дрейктэй хэсэг болзсон ч Крис Браунаас дөнгөж салаад удаагүй байсан учир Дрейк Рианна хоёрын харилцаа үерхэх хүртлээ гүнзгийрээгүй юм. Дрейк Рианнагийн талаар өөрийн Fireworks дуундаа хүртэл дурдсан байдаг. Фенүүдийнх нь үзэж байгаагаар энэ холбоо дуучин бүсгүйгийн  маань хүсэлтээр төгсгөл болж Дрейкийн зүрх шархлан үлдсэн гэнэ.



Дрейкээс холбоогоо таслаад Рианна мэргэжлийн бейсболын тамирчин Мэтт Кэмптэй жил орчим үерхсэн юм. Энэ харилцаа Рианнагийн бусад үерхлүүдээс илүү олон нийтэд нээлттэй байсан ч хосуудын ажлын хуваарь шахуу дээрээс нь Рианна нэг газраа тогтвортой байдаггүйгээс шалтгаалан хосууд хоёр тийш болсон юм.

2016 онд тэрээр реппэр Дрейктэй буцаад нийлж, наймдугаар сард болсон MTV Video Music Awards шагнал гардуулах ёслолын үеэр Дрейк Рианнад Майкл Жексоны нэрэмжит шагнал гардуулахынхаа өмнө түүнд танилцсан цагаасаа эхлэн хайртай болсон гэдгээ ч зарлаад авсан юм. Гэтэл дахиад л хосууд удалгүй хоёр тийш болж, Рианнаг хуучин найз залуу Тревис Скоттой буцаад нийлсэн хэмээх мэдээ тараад байгаа юм.

ТҮҮНИЙ СТИЛЬ

Рианна хэзээ ч эрсдэлтэй алхам хийхээс айдаггүй. Тэр юуг ч юутай хослуулж өмсөж чаддаг. Олны өмнө гарах тоолонд бид түүний хувцаслалт, үс засалт, зүүсэн гоёл чимэглэлээс төсөөлж ч байгаагүй зохицолдоог олж хардаг. Улаан хивсний ёслол, хүлээн авалт зэргийн үед тэр тэрээр чамин хээнцэр харагдахаас гадна өөрийн өвөрмөц хэв маягаа хадгалж чаддаг. Түүний хувцаслалтаас тэрээр өөртөө итгэлтэй, өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг, өөрийнхөө биеэр бахархдаг нь шууд харагддаг. Түүний үсний засалт хүртэл урт богино, буржгар шулуун, хар, шар, улаан, хүрэн гээд нэг хэвэндээ удаан байсан удаагүй билээ.

ТҮҮНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

- Түүний өөрийн болон дүү нарынх нэр бүгд Р үсгээр эхэлсэн. Рианна болон түүний хоёр бага дүү Рорри, Ражад хоёр- Багад нь ээж түүнийг нүүрээ будахыг тас хориглодог байв. Хэдэн жилийн дараа охин нь гоо сайхны Cover Girl, M.A.C брендүүдийн нүүр царай болно гэж төсөөлөө ч үгүй байх даа.
- Түүний толгой 8 настай байхад нь маш хүчтэй өвдөж эхэлсэн ба эмч нар түүнийг тархины хавдартай байж болзошгүй ч гэж үзэж байв. Үүнээс болж тэрээр маш олон удаа компьютер томографт харуулж байжээ.
- 14 настайд нь түүний аав ээж хоёр салж түүний толгой ч өвдөхөө больжээ.
- 2004 онд тэрээр ахлах сургуулийнхаа авьяасын тэмцээнд түрүүлж байжээ. Мөн сургуулийнхаа гоо охин шалгаруулах тэмцээнд орж “Хамгийн гоёмсог даашинзтай охин” болон “Зурган дээр хамгийн гоё гардаг охин” гэсэн хоёр өргөмжлөл хүртжээ.
- Тэрээр арлын оронд төрсөн атлаа загаснаас айдаг.
- Рианна багаасаа дуучин Мадонна шиг болохыг мөрөөддөг байж
- Тэрээр дуучин Мадонна, Мэрайя Кэри, Жанет Жексон, Боб Марлийг шүтдэг



- Рианна ганцхан дуулаад зогсохгүй хэд хэдэн кинонд тоглоод амжсан юм. Bring It On: All Or Nothing, Battleship, This Is The End, Annie зэрэг кинонуудад туслах дүрд тоглосон бол Home хүүхэлдэйн киноны гол дүрд дуу оруулж, хоёр ч дууг нь дуулжээ. Харин ирэх жил түүний тоглосон Valerian and the City of Thousand Planets, Bates Motel зэрэг хоёр ч кино нээлтээ хийх юм.
- 2015 оны аравдугаар сард тэрээр өөрийн Fr8me агентлагаа нээсэн юм. Тус агентлаг нь реклам сурталчилгаа, баяр ёслол, хүлээн авалт болон энгийн үеийн үс засалт, нүүр будалт, хувцаслалт зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг аж.



- Рианна болон дуучин Кэти Перри нар сайн найзууд гэдгийг мэдэх үү. 2013 онд Рианна буцаад Крис Браунтай нийлэхэд Кэти үүнийг сайшаагаагүйн улмаас найзууд нэг хэсэг ам зөрсөн ч одоо тэд учраа олон сайн найзууд хэвээрээ үлдсэн.



- 2007 онд Gillette компани түүний хөлийг  хамгийн сайхан хөлөөр өргөмжилж, хөлийг нь $1 сая доллараар даатгуулжээ.
- Барбадос улсад хоёрдугаар сарын 22-ны өдрийг Рианнагийн өдөр хэмээн тэмдэглэдэг.
-  2012 онд түүнийг Барбадос улсын нүүр царай буюу элчээр тодорхойлжээ.
- Түүний хөрөнгийн хэмжээ $75 сая доллар
- Тэрээр малгайтай том цамц өмсөн, хар нүдний шил зүүн түүний тоглолтыг үзэхээр ирсэн фенүүдийнхээ дунд орж танигдалгүй явах дуртай.
- РиРи жимс идэж ус уух дуртай ч ногоо идэх дургүй. Тэрээр хятад, мексик, япон, энэтхэг хоолонд дуртай биш
- 2006 онд Рианна өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор Believe санг байгуулсан юм.
- Мадам Тюссогийн лааны тосон баримлын музейн  салбаруудад түүний найман ч баримал байдаг.



- Рианна ээждээ байнга бэлэг явуулдаг ч ээж нь тэдгээрийг нь хэтэрхий үнэтэй бэлэг байна гээд заримыг нь түүн рүү буцааж явуулдаг гэнэ.
- Түүний гаргасан Nude болон Rebelle нэртэй хоёр үнэртэй ус байдаг



- Рианна 2014 онд спортын хувцасны Puma брендийн Creative Director (бүтээлч захирал)-аар томилогдсоноор тус брендийн гутал хувцасны дизайнд өөрийн хувь нэмрээ оруулж, тус брендэд шинэ уур амьсгал оруулсан. Түүний зохион бүтээсэн хувцас тэр дороо борлогдож байгаа нь мөн Fenty x Puma 2017 загварын шоу амжилттай явагдсан нь түүнийг албан үүргээ маш сайн гүйцэтгэж байгааг илтгэх байх


- Тэрээр нийтдээ 20 гаруй шивээстэй. Хөлөн дээрээ бүргэд, араг яс, гар хуруун дээрээ Love, Shhh зэрэг үгнүүд, бие дээрээ египетийн бурхан Изис, Нефертити, чих хүзүүнийхээ ард од гэх мэт олон шивээс байдаг.
- Түүний өндөр 173 см

Түүний ОНЦЛОХ эшлэлүүд:

“Өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурсан тэр мөчид чи өөр хүн болохыг хүсэхээ болино” 

"Чи үнэнийг хэлж намайг гомдоож болно, харин худал үгсээр намайг бүү аргад, бүү тал зас"

"Чи өнгөрсөн үеийнхээ боол нь байсаар л байвал чи ирээдүйд хэзээ ч ахихгүй. Өнгөрснийг өнгөрсөн нь үлдээ"

"Золгүй байдалтайгаа эвлэрээд суухад амьдрал хэтэрхий богинохон"

"Би хайрласан, гэхдээ би алдсан"

"Бусад хүн юу гэх бол гэсэн бодлоосоо болж олон хүн аз жаргалтай байхаасаа айдаг"

 

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

     

 

#Celebrity #Teenagers #Rihanna