БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Б.Дарьбазар | YOLO.MN
2022-05-09

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр хоёр оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр хоёр оюутан, нийт дөрвөн оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/
  • Илвүү сангийн тангараг /маягтаас харах/
  • Дагалдах захидал /маягтаас харах/
  • Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/
  • Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/

#Мэдээ