Дасгалын дараах өвдөлтийг багасгах аргууд


Х. Болормаа | YOLO.MN
2022-05-04

Дасгал хийхийн давуу талыг мэдэхгүй хүн цөөн биз. Стрэсс багасгаж, эрүүлжүүлэн, биеийг дур булаам харагдуулдаг гээд нэрлээд байвал дуусашгүй.Гэхдээ дасгал хийж дууссаны дараа хөндүүр орох буюу бие зовиулах хамгийн хэцүү.

Булчин өвдөхөөс сэргийлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хийх үеэр өөртөө хэт их ачаалал өгөхгүй байх юм. Өөрийн биеийн байдлыг анхааралтай чагнаж, бага багаар дасгалын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Нэмэлт жин ашиглан дасгал хийхдээ ч мөн тус зөвлөмжийг даган мөрдөөрэй. Хэрэв та дасгалуудаа болгоомжтой хийж гүйцэтгэсэн ч бие тань хөндүүрлэн өвдөж эхэлсэн бол өвдөлтийг мэдэгдэхүйц буруулах дараах аргуудыг туршиж үзэхийг санал болгож байна.

СУНГАЛТЫН ДАСГАЛ ХИЙХ 

Бэлтгэл хийсний дараа заавал сунгалтын дасгал хийж занших хэрэгтэй. Сунгалт нь булчингийн уян хатан байдал болон үе мөчний ажиллагааг хөгжүүлдэг давуу талтай. Түүнчлэн сунгалт хийх нь цусны эргэлтийг сайжруулж, булчингийн эдгэрэх явцыг хурдасгаж, өвдөлтийг намдаадаг.

ДАСГАЛ ХИЙСНИЙ ДАРАА ЗААВАЛ ЭНЕРГЭЭ НӨХӨХ 

Хэдийгээр гол зорилго нь жингээ хасах байсан ч бэлтгэл хийхээс өмнө эсвэл дараа нь хоолоо хасаж өөрийгөө өлсгөж болохгүй. Хооллолт тогтмол бус байх нь бэлтгэлийн үр нөлөөг багасгахаас гадна бие махбодод аюултай байж болзошгүй юм. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд дасгал хийснийхээ дараа 45 минутын дотор хооллохыг зөвлөж байна. Ингэхдээ бидний биед зайлшгүй хэрэгцээтэй уураг болон эрүүл нүүрс усаар баялаг хоол хүнснээс сонгох нь зүйтэй бөгөөд энэ нь сайн үр дүнд хүрэхэд нөлөөлөхөөс гадна булчингийн эдгэрэх явцыг хурдасгах болно.

ХАЛУУН УС

Халуун ус нь цусны эд эсийг сэргээж, булчинг тайвшруулдаг давуу талтай. Хэрэв танд ваннд орох боломж байгаа бол халуун усандаа далайн гаралтай давс хийгээрэй. Далайн давсны найрлага дахь идэвхтэй бодисууд үрэвсэл болон өвдөлтийг бууруулдаг тул дасгал хийсний дараах таагүй мэдрэмжид баяртай гэж хэлж болно. 

Эцэст нь хэлэхэд  "Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай" гэж. Бүү шантраарай. 

#Зөвлөгөө