Та ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ хэрхэн харилцах вэ? (ЭЦЭГ ЭХДЭЭ уншуулах зөвлөмж)


Сондор | YOLO.MN
2017-02-06

ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨГ ЭЭЖ, ААВДАА УНШУУЛААРАЙ! wink

Хүний амьдралын нэг мөчлөг өсвөр нас байдаг. Энэ үеийг хэн ч тойрч гарахгүй туулаад гардаг нь жам. Энэхүү үеийг эмзэг, мэдрэмтгий нас гэж тодорхойлох нь бий. Тиймээс тэдэнтэй хэрхэн харилцвал илүү үр дүнтэй байдаг талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бий болго
Хүүхэд тань аз жаргалтай, өөрийнхөөрөө байх орчин бол яах аргагүй гэр бүл билээ. Тиймээс тэдэнд сэтгэл санаа нь тайван, аз жаргалтай байх боломжийг олгож гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаан болгоорой. Амралтын өдрийг хамт өнгөрөөж, тэдэндээ цаг гаргаж байгаарай. Гэр бүлийн байнгын хэрүүл шуугианаас хүүхэд маш их залхаж, сэтгэлийн дарамтанд ордог. Тиймээс үл ойлголцол гарвал хүүхдийнхээ дэргэд хэрэлдэлгүй, тайвнаар ярилцах (эсвэл байхгүй байхад нь ярилцах) хэрэгтэй.

Хүүхдийнхээ давуу сайн талыг мэдэрч, дэмжин магтаж бай
Өсвөр насны гэлтгүй бүхий л насны хүүхдүүд магтаал урамшуулалд дуртай байдаг. Нэг үгээр тэд магтаал, урмын үгсээс эрч хүч авч урагшилж байдаг бяцхан хүмүүс юм. Заавал онц сурах албагүй ч ямар нэгэн зүйлдээ сайн, бүр маш жаахан ахиц амжилт гаргасан ч хүүгээ, охиноо магтаж бай, амжилтаа дахиад ахиулахыг хичээгээрэй гээд үнсээрэй. Тэд урмын дулаан үгээр дутаж явдаг юм шүү.

Тэднийг өдрөөс өдөрт бие дааж байгааг нь хүлээн зөвшөөрч бие даах боломжийг нь олгож байх
“Чи хүүхэд.., чи жаахан.., чи том хүн биш...” гэсэн тодорхойлолтод тэд тийм ч дуртай биш. Хүн ер нь хүүхэд байж байгаад нэг л өдөр гэнэт том хүн болчихгүй шүү дээ. Тэд энэ хоёр зүйлийн дунд байгаа нэгэн юм. Тиймээс түүнд бие даах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжийг нь олгож бай. Аливаа чухал шийдвэрт саналыг нь асууж бай, ямар нэгэн санал гаргахад дэмжин ярилцаж боломжтой бол асуудалдаа тусгаж бай, тэдэнд бие даах боломжийг нь олгож эхэл. Эс тэгвээс том болсон ч бие даах чадваргүй, юм болгоныг эцэг эхээрээ хийлгэх гэдэг нэгэн болчихож мэднэ.

Та хүүхдийнхээ маш сайн сонсогч, ярилцагч нь байх хэрэгтэй
Хичээлээсээ ирээд тухайн өдөрт болсон зүйлээ, сонин хачин мэдээллээ тэр танд байнга хуваалцдаг бол та маш сайн сонсогч. Тэдний хамгийн сайн найз, сонсогч нь эцэг эх нь байх ёстой. Хэрэв тийм ч нээлттэй биш байдаг бол та одооноос өөрөө эхний алхмаа хийгээд үзээрэй. “Өнөөдөр юу хийв дээ, миний хүү?” гээд яриагаа эхэлсэн ч болно. Тэр хэд хоногийн дараагаас танд нууцаа ярьж зөвлөгөө авахыг хүсэх вий. Амьдралынх нь эхлэл хэсгийн замд буруу зөвийг нь зааж өгөх залуурч нь эцэг эх нь учраас сайн сонсогч, сайн ярилцагч, зөвлөгч нь байхыг хичээ.

Тэдний итгэлтэй дотны найз байдлаар харилцаж байхыг эрмэлз
Танд хэлдэггүй байж болох ч заримдаа тэд ганцаарддаг. Найзгүй гэдгээ эсвэл найзтайгаа үл ойлголцоод харьцахгүй байгаагаа танд хэлдэггүй байж болно. Харин та хэзээд түүний дэргэд байх сайн найз нь болохыг хичээгээрэй. Охинтойгоо хамт дэлгүүр хэс, үзмээр байгаа киног нь хүүтэйгээ цугтаа үз. Яг л найзууд шиг цагийг хамтдаа өнгөрүүл. Мөн дүүд нь анхаарал тавьдаг шигээ түүнд ч мөн анхаарал хандуулж, ярилцаж цаг зориулж байгаарай.

Тэднийг загнахаас илүүтэй учирлаж хэл
Хэдий уур чинь хүрсэн ч загнахаа бүү урьтал болгоорой. Тэд аливаа зүйлийг сайн ойлгохтойгоо болсон учир алдаа гаргасан тохиолдолд учирлаж хэлж тайлбарла. Амьдралд юу нь буруу, юу нь зөв гэдгийг тэд хараахан мэдэж амжаагүй учир сониуч зандаа хөтлөгдөн алдаа гаргаж л таараа. Харин тухайн зүйлийн учир шалтгааныг өөрөөр нь тайлбарлуулах боломжийг олгох хэрэгтэй. Алдаа бүр дээр нь толгой түрүүгүй загнаж, гар хүрэлгүй харин ч эвээр ярилцан асуудлын голыг тайлбарлаж, бүр өөрийн жишээг иш татаж өсвөр насны амьдралын дурсамжаа ярьсан ч болно.

Итгэж ярьсан нууц болох “нууц”-ыг нь чанд хадгал
 “Аавд битгий хэлээрэй” гээд танд нэг зүйлийг итгээд хэлсэн ч та аавд нь (нөхөртөө) хэлж болохгүй. Энгийн жижиг гэлтгүй түүний нууцыг хэнд ч битгий хэл, учир нь тэр нууц түүний хувьд үнэ цэнтэй зүйл юм шүү дээ. Хэрэв түүний нууцыг хэн нэгэнд сонин хачин болгож хэлээд, түүнийг нь хүүхэд тань мэдчихвэл тэр танд дахиж нууцаа хэлэхгүй.

Хүүхдийнхээ сэтгэлзүйг мэдрэхийг хичээгээрэй
Охин, хүү тань дуугаа хураагаад нэг л өөр байгаад байна уу. Тэр магадгүй дурласан, найздаа гомдсон, эсвэл шалгалтандаа хангалтгүй авсан ч байж болно. Хайртай хүү, охиноо ажиглаж бай. Гаргаж байгаа зан ааш, сэтгэлийн хөдлөл, үйлдэл бүр нь ямар нэгэн зүйлийг илэрхийлж байдаг. Тиймээс тэдний хэрэгцээг мэдэрч дотоод сэтгэл рүү нь харж байхыг эрмэлз. Тиймээс ярилцаж, ойр дотно бай.

Өөрийнхөө хувийн бодлыг хэзээ ч бүү тулга
“Би бол чиний ээж (аав) учир миний үгээр бай” гэх хандлагатай эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Гэхдээ заримдаа энэ хандлагыг хязгаарлах хэрэгтэй. Түүний үзэл бодол, саналыг сонсож асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хай. Дээр дурдсанчлан бие даах боломжийг нь олгож өөрөө шийдвэр гаргахад нь тусал. Амьдралд алдаж байж ухаардаг хойно, тэр гаргасан алдааныхаа дараа таны үгийг үнэ цэнтэй байж гэдгийг мэдэрсэн ч болно. Мөн түүний огтоос хүсэхгүй байгаа мэргэжлээр хүчлэн суралцуулах гэж байгаа бол энэ талаар түүнтэй дахин ярилцаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хайгаарай.

Эрүүл зан үйлийг төлөвшүүлэн дэмжиж бай
Та хүүхдээ ямар дадалтай болгомоор байна. Спортоор хичээллэдэг, түргэн хоол коланаас илүүтай эрүүл хоол иддэг, ном уншдаг, гоё хоббитой хүсэл тэмүүлэлтэй нэгэн байгаасай гэж хүсэж байна уу. Тэгвэл өөрөөсөө эхлээрэй. “Цэцэрлэгт хүрээлэн орж дугуй уная” гэсэн хүүгийнхээ саналыг баярлан дэмжиж бай. “Гоё хоол хийх арга заагаад өг эсвэл хамт бялуу хийе” гэсэн охиныхоо саналыг дуртайяа хүлээж ав. Тэд бидний толь юм шүү, хайртай хүүгээ охиноо ямар хүн болоосой гэж хүсэж байна өөрөө үлгэр жишээ байхыг хичээгээрэй.

#family #parents #teenagers #problem