Удахгүй дэлгэцнээ гарах, хамгийн өндөр хүлээлттэй Солонгос кинонууд


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-04-20

Солонгосын кино урлаг сүүлийн жилүүдэд улам эрчээ авч Азийн кино урлагийн томоохон төлөөлөл болсоор байна. Тэгвэл энэ нийтлэлээрээ Солонгосын кино ертөнцөд тун удахгүй нээлтээ хийх киноуудаас танилцуулах болно. 

Энэ жагсаалтад хоёр онцгой бүтээл орсон бөгөөд тус хоёр бүтээл энэ жилийн Каннын кино наадмын хамгийн том шагнал болох “Алтан далдуу мод”-ны номинацид нэр дэвшиж байна. Мөн Солонгосын дуучин IU жагсаалтын хоёр ч кинонд дүр бүтээсэн юм. Ингээд ямар ямар кино нээлтээ хийхийг харцгаая. 

Emergency Declaration 

Онгоц ноцтой аюулд өртөж, улмаар осол гарах өндөр эрсдэлтэй тулгарах үед онгоцны ахмад Онцгой байдлын мэдэгдлийг зарлана. Сэтгэл түгшээн онгоцонд өрнөх онц сонирхолтой, адал явдалт нэгэн шинэ кино энэ зун үзэгчдийн хүртээл болж дэлгэцнээ гарах товтой байна. И Бюн Хун, Сон Кан хо зэрэг нэрт жүжигчид дүр бүтээсэн ба энэ эн кино мөн Каннын кино наадамд сонгогдсон юм. 

Broker 

Тус киног Японы нэрт найруулагч Хироказу Корэ-Эда найруулсан. Корэ-Эда өмнө нь Shoplifters бүтээлээрээ Каннын наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан ба киноны гол дүрд Parasite киногоороо шагнал хүртсэн Кан Хо тоглож байна. Мөн дуучин IU тус кинонд дүр бүтээсэн бөгөөд тэрээр өөрийгөө чадварлаг жүжигчин болохоо сүүлийн үед олон киногоороо батлан харуулсаар байна. 

Decision to leave 

Солонгосын кино урлагийн хамгийн томоо төлөөлөл болох нэрт найруулагч Пак Чан Ук 6 жилийн дараа кино урлагт эргэн ирж шинэхэн бүрэн хэмжээний киногоо толилуулахаар болжээ. Тэр ч утгаараа үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй тус бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Кинонд Хятадын алдарт жүжигчин Тан Вэй эмэгтэй гол дүрийг бүтээсэн онцлогтой. Триллер төрлийн эл бүтээлээс бид Солонгосын кино урлагийн нэгэн сонгодог талыг харж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Dream 

Дуучин IU болон чадварлаг жүжигчин Пак Сэо жон нар гол дүрийг нь бүтээсэн спорт жанрын уг бүтээл ковидын улмаас зураг авалтаа хоёр жил гаран хийжээ. Удаан хүлээлгэсний эцэст дэлгэцнээ “Мөрөөдөл” гэх нэртэйгээр гарах нь ээ.  

The Novelist’s film 

Берлины кино наадмын Мөнгөн баавгай шагналт энэхүү уран бүтээл удахгүй кино театруудад нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болохоор болсон байна. Солонгосын арт-хаус киноны томоохон төлөөлөгчдийн нэг Хон Сан Суг-ын найруулсан эл бүтээлийг кино шүүмжлэгчид өндрөөр үнэлээд байгаа юм. Намуухан бас дотортой бүтээлд дуртай хүмүүсийн заавал үзэх кино шүү. 

#Кино урлаг