Монголын "Team IHC" баг CS:GO-ын дэлхийн аваргад оролцоно


YOLO.mn | YOLO.MN
2022-04-17

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тавдугаар сарын 9-нд эхэлнэ.

Тэгвэл тус тэмцээнд Монгол Улсын төлөөлөл "Team IHC" оролцохоор шалгарчээ. Team IHC Австралийн "Renegades" багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэхээр болсон байна.

"PGL Major Antwerp 2022" нэрээр зохиогдож буй дэлхийн аваргын төлөөх тэмцээн Бельгийн Антверп хотноо тавдугаар сарын 22-ыг хүртэл үргэлжилнэ.

"PGL Major Antwerp 2022" тэмцээн гурван үе шаттай. Эхний шат буюу "The Challengers Stage"-д 16 баг швейцар системээр тоглож шилдэг 8 нь "The Legends Stage" шатанд шалгарна.

Хоёрдугаар шатанд аль хэдийн шалгараад байсан найман багийн хамт нийт 16 баг мөн швейцар системээр тоглож шилдэг 8 нь "The Champions Stage" шатанд шалгарах юм.

Одоогоор Монголын багаас гадна Бразилын "Mibr", "Imperial Esports", Нидерландын "Team Liquid", Америкийн "Complexity Gaming", Аргентины "9z Team" багууд The Challenger шатанд, Бразилын "FURIA Esports" баг Legends шатанд шалгараад байна.

2021 оны дэлхийн аварга буюу "PGL Major Stockholm 2021" тэмцээнд Украины "Natus Vincere" баг түрүүлсэн. Монголын багийн хожсон "Renegades" болон "Tyloo" багууд өнгөрсөн жилийн тэмцээнд оролцож байв.

#Мэдээ