Хичээл хийх үедээ сонсож үзэх аяз


Н.Золжаргал | YOLO.MN
2022-04-13

Мөнгөн хонхны жингэнэх дуу бараг л сонсогдоод эхэлчихжээ. Хичээл дуусахаас өмнө амжуулах ёстой аялал зугаалга, болзоо дурсамж гээд өчнөөн зүйл байгаа ч шалгалт шүүлэг, хичээл даалгавар гээд амжуулах зүйл олон байгаа биз?

                                                                       

Хичээл даалгавар бол нэгэнт л хийх ёстой зүйлс учраас цааш тавилгүй, цааргалалгүй хийж, шалгалтууддаа эртнээс бэлдэж эхлээрэй. Гэхдээ өөрт тухтай, аятайхнаар хийе л дээ, тийм ээ? Тэгвэл залхаж, халшрахгүй удаан хугацаанд тогтвортой төвлөрч сууж чадна. Жишээлбэл ая дуу сонсонгоо ч юм уу? Ингээд энэхүү нийтлэлээрээ хичээл хийх үедээ сонсоход хамгийн тохиромжтой хөгжмийн төрлүүдийг санал болгож байна. Сонсож үзээд таалагдвал Playlist-дээ нэмээрэй.

                                                                           

 Сонгодог хөгжим

Сонорт баяр нэмж, сонсголд хөг оруулдаг хөгжмийн төрөл бол яах аргагүй сонгодог хөгжмүүд. Шопен, Бетховен, Моцарт зэрэг алдартай зохиолчдын, зуун зууны туршид дэлхийг уяраасан зохиолуудыг тоогоо бодож байхдаа л сонсоод сууж байхад ядарна гэдгийг мартчихсан байх нь элбэг. Бас төвлөрөхөд хамгийн тохиромжтой хөг юм шүү.

 Хүрээлэн орчны хөгжим

Жаргах нартай улаахан тэнгэрт хийсэх бараан үүлс, үдшийн зөөлөн салхинд найгах өвсний толгой зэргийг нүдэнд харагдуулж, сэтгэлд хоногшуулж, яг тэнд амьдарч буй мэт мэдрүүлдэг хөг бол хүрээлэн орчны хөгжим билээ. Цаанаа л нэг зөөлөн, уяхан мөртлөө тод аялгуутай хөгжим сонсонгоо бие даалтаа өлхөн дуусгахад нэг л мэдэхэд цаг хугацаа яваад өгсөн байдаг шүү дээ.  

Намуухан жааз

Чихийг энхрийлж, тархийг амраадаг хөгжим бол жааз юм. Хэмнэл хөнгөн, темп доогуур, аялгуу тансаг жааз чамайг ертөнцөөс түр тасраах бөгөөд, хичээлээ дуусчихсан байх ирээдүй рүү чинь цаг хугацаагаар аялаж байгаа юм шиг хурдан хүргэж өгөх болно.
 
Шалгалт бие даалтууд дуусаж, хичээл сургууль амраад мөдхөн л зуны зугаатай өдрүүд эхэлнэ. Тэрнээс өмнө хийх ёстой зүйлсээ хийгээд, хөг аялгуугаар чихээ баярлуулж бай даа, найзууд минь.

#Дуу хөгжим