Charlie Puth-ын дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-04-08

Нийтлэлийн өмнөх дугаарт бид жүжигчин, дуучин, ая зохиогч Selena Gomez-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч Charlie Puth-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Charles Otto Puth Jr гэдэг. 

Олон хүмүүс түүнийг хөмсгөө өөрөө сэтэлсэн гэж боддог ч яг үнэндээ 2 настай байхад нь түүн рүү нохой дайрсны улмаас хөмсөг нь сэтэрхий болсон.

Charlie-н ээж HBO-ийн сурталчилгааны ажилтан байсан.

4 настайгаасаа эхэлж төгөлдөр хуур хөгжим тоглож сурсан.

Charlie зургадугаар ангид байхдаа анхны зул сарын цомгоо гарган 600 долларын ашиг олж түүнийгээ хандивлаж байжээ. 

Түүний зарим дуунуудын утга:

Attention

Энэхүү дуу нь түүний бодит амьдралтай холбоотой буюу хайртай нэгэндээ зориулан бичсэн гэдэг. Гэхдээ энэ дууг гарахаас өмнө Charlie хэд хэдэн бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан учир яг хэнд зориулсан гэдэг нь тодорхой бус юм.

Wiz Khalifa-See You Again ft Charlie Puth

Жүжигчин Paul Walker-ын гэгээн дурсгалд зориулан бичсэн уг дуу нь хойд насандаа дахин учрахыг хүлээж байгаа шүү гэх утгыг илэрхийлнэ. Дууны эхлэл хэсэгт хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ дурсаж буйгаар гардаг бол дараагийн хэсэгт найзыгаа эрт бурхны орон руу явна гэж бодоогүй тул харамсаж байгаа тухай өгүүлнэ.

The Way I am

Дууны үгэнд “Би зөвхөн өөрийнхөөрөө л байх болно” гэж гардаг. Тэрээр нэгэн шоуны үеэр уг дууныхаа тухай дурдахдаа “Карьерийнхаа эхэн үед бусдаас өөр хүн байх гэж маш олон цаг зарцуулсан. Гэхдээ одоо аль хэдийнээ поп дуучин болсон учир аль болох өөрийнхөөрөө байж, хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх болно ” гэж хэлсэн байдаг. 

One Call Away

Энэхүү чин сэтгэлийн дууг нэгэн найзад нь тохиолдож буй үйл явдлаас санаа аван бичсэн гэдэг “Найз минь өдөр бүр хайртай найз охинтойгоо уулзаж чадахгүй байгаа нь хэн хэнийх нь зүрхийг шархлуулж байсан. Тийм учраас би хол зайд нэгнээ санагалзаж буй хосуудад зориулж дуу хийхийг хүссэн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 

Хэрвээ чи хайртай нэгэнтэйгээ уулзаж чадахгүй байгаа бол утсаар ярьж хайртайгаа хэлэх боломж байгааг санаарай. Хайр ердөө нэг дуудлагын цаана л бий шүү.

We Don’t Talk Anymore feat. Selena Gomez

Charlie уг дуугаа Японы Токио хотод бичсэн байдаг. Тэрээр MTV News-т өгсөн ярилцлагадаа “Би найзтайгаа ярилцаж байсан юм. Тэр найз минь охиноосоо салсан байсан бөгөөд би түүнээс "Чи түүнтэй дахиж ярих уу?" гэж асуухад тэр "Үгүй ээ" гэж хариулж байсан. Би түүнд урам зориг өгөхийг хүсэж We don’t talk anymore гээд дуулж эхэлтэл энэ нь гайхалтай аялгуу болж энэ дуу бүтсэн” хэмээн хэлсэн байдаг.  Магадгүй чи хайртай нэгэнтэйгээ ярилцахаа больсон бол энэхүү дууг түүндээ илгээн сонсгож болох юм. Хэн хэнийгээ ойлгож эвлэрэхэд чинь туслах ч юм бил үү.

Эх сурвалж: songfacts, songmeaningsandfacts

 

#Дуу хөгжим #Энтертайнмент