Хүзүү болон цээж хэсгийн арьсаа хэрхэн зөв арчлах вэ?


Х. Болормаа | YOLO.MN
2022-04-01

Бидний хүзүү болон цээжний арьс биеийн бусад хэсгийн арьснаас хамаагүй хурдан, өө сэвгүй, торгомсог байдлаа алддаг. Хүзүү, цээж хэсгийн арьс илүү нимгэн, эмзэг төдийгүй тосны булчирхай бараг агуулдаггүй  учир хамгийн түрүүнд зөөлөрч унжиж эхэлдэг байна. Зөвхөн эмэгтэйчүүдийн гэлтгүй эрчүүдийн ч санааг зовоодог энэхүү асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлж, арьсаа зөв арчлах талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжүүдийг хүргэж байна.

Хүзүү болон цээжний арьсанд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс:

ХЭТ ИХ АЧААЛАЛ АВАХ

Хүзүү маш хөдөлгөөнтэй хэсэг бөгөөд бид байнга л толгойгоо ийш тийш нь эргүүлж, дохиж, олон төрлийн хөдөлгөөн хийдэг. Хүзүүний булчингууд бараг амардаггүй тул хүзүү, цээж хэсгийн арьс сунаж, хурдан зөөлөрч, үрчийх шалтгаан болдог.

БУРУУ БАЙРЛАЛТАЙ СУУХ

Хүмүүс гар утсаа ширтэхдээ, компьютерын өмнө удаан хугацаагаар сууж ажиллах үедээ нуруугаа бөгтийлгөж, мөрний буруу байрлалтай сууснаар нурууны доод болон дунд хэсгээр өвдөх үндсэн шалтгаан болдог байна. Түүнчлэн ийм байрлалтай удаан хугацаагаар суух нь мөрний дээд хэсэг болон хүзүү орчимд тав тухгүй байдлыг үүсгэж, арьс сулрах нөхцөлийг бүрдүүлдэг.

ХҮНД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ ЗҮҮХ

Жишээ нь том хэмжээний, хүнд хүзүүний зүүлт зүүх нь арьсыг сунгаж, эрт үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс сүүлийн үед тренд болоод буй жижиг гялалзсан хүзүүний зүүлт зүүхийг залуу охид залуустаа санал болгож байна. 

Тэгвэл хүзүү, цээж хэсгийн арьсыг хэрхэн зөв арчлах вэ?

АСУУДАЛ ҮҮСЭХЭЭС ӨМНӨ АРЧИЛЖ ХЭВШИХ

Арьс, гоо сайхны мэргэжилтнүүд ямар нэгэн хөгшрөлтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч хүзүү, цээжний арьсыг байнга арчилж байхыг зөвлөдөг. Учир нь хэрэв арьсанд гүн үрчлээс болон бусад таагүй зүйлс нэгэнтээ үүссэн л бол дараа нь асуудлыг зөвхөн косметик бүтээгдэхүүний тусламжтай шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Мөн арьсны уян хатан чанарыг хангадаг уургийн нэг төрөл болох коллаген нь хүний биенээс ялгардаг ба 20 нас хүрэхэд ялгарал нь удааширч эхэлдэг байна. Энэ нь хөгшрөлтийн процесс явагдаж эхэлснийг илтгэж байгаа юм. 

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНААС ХАМГААЛАХ SPF БҮТЭЭГДЭХҮҮН ЗААВАЛ ХЭРЭГЛЭХ

Бүх косметик мэргэжилтнүүд яагаад үргэлж нарны тос хэрэглэ гэж зөвлөдөг гэж бодож байна? Нарны тосыг хэзээд, ямар ч улиралд, бүр гэртээ ч тогтмол түрхэх хэрэгтэй. Тэр тусмаа хүзүү, цээжний арьс маш эмзэг тул тус хэсгүүдээр нарны туяанаас үүдэлтэй нөсөө толбо болон бусад арьсны эмгэг үүсэх нь элбэг байдаг юм шүү.

ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХЭРЭГЛЭХ

Дийлэнх бүсгүйчүүд хүзүү, цээжний арьсан дээрээ нүүрний тосоо түрхчихдэг. Энэ нь тийм ч зөв арга биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг юм. Биеийн өөр өөр хэсгүүдийн арьс харилцан адилгүй арчилгаа шаарддаг учраас тухайн биеийн хэсэгт тохирсон бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Жишээ нь өдөр тутмын хүзүү, цээжний арьс арчилгаандаа аль болох витамин А болон витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зориорой. Витамин А нь арьсны эд эсийг хурдан хугацаанд төлжүүлж, арьсны гадарга дээр шинэ эд эсийг гаргаж ирдэг бол витамин С нь хөгшрөлтийг удаашруулан арьсыг цайруулах үйлчилгээтэй юм. Мөн арьсыг гүн чийгшүүлж, арьсны үндсэн хэсэг болох эластин дахь ус болон уургийг нөхөн сэргээж, залуужуулах зорилгоор гиалуроны хүчил, арьсан дээрх үхсэн эсүүдийг гуужуулж, арьсны гадаргууг гөлгөр болгох үүднээс жимсний хүчилтэй бүтээгдэхүүн сонгоорой. Хүзүү, цээжний арьсан дээр бүтээгдэхүүнүүдээ доороос нь дээш, иллэг хийх байдлаар зөөлөн түрхэж өгснөөр эмзэг арьсыг гэмтээхээс сэргийлэх юм.

ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭХ

Долоо хоногт нэг удаа нүүрний арьсандаа хэрэглэдэг гуужуулах үйлчилгээтэй пилингийг хүзүү, цээжний арьсандаа мөн хэрэглэж заншаарай. Ингэснээр хуурайшиж, үхэжсэн эд эсүүдийг гуужуулан, арьсыг улам толигор сайхан харагдуулахад тустай.

#Гоо сайхан #Эрүүл мэнд