Контакт линзний тухай мэдэх ёстой зүйлс


Х. Болормаа | YOLO.MN
2022-03-31

Бидний нүдэнд эргэн  тойрон дахь хуурай агаар үргэлж муугаар нөлөөлж байдаг. Дээр нь нэмээд тогтмол компьютер, ухаалаг утас таблет ширтэж байдаг бид нүдэндээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг мэдэх үү? Иймээс контакт линз зүүдэг, зүүхээр сонирхож буй хүмүүс доорх мэдээллийг уншаарай. Нүдээ хэрхэн арчилж, линзний тухай юу мэдэх хэрэгтэй тухай тайлбарлаж өгье.

ХУУРАЙ НҮДНИЙ СИНДРОМ

Хөнгөн улайлт, цочрол, нүдэнд элс орсон мэт торох, нулимс гарах зэрэг нь хуурай нүдний синдромыг илтгэх үндсэн шинж тэмдгүүд юм. Ийм шинж тэмдгүүд илрэх үед контакт линз зүүх нь хүндрэлтэй төдийгүй аюултай үйлдэл болно. Хуурай нүдний синдром нь ихэвчлэн намар-өвлийн улиралд тохиодог тул нүдний эмч нар энэ үед нүдээ аль болох амрааж, компьютерын дэлгэцээс тогтмол сатаарч, нүдээ анивчих мөн эргэлдүүлэх хөдөлгөөн хийх гэх зэрэг энгийн атлаа тустай дасгалууд хийж байхыг зөвлөдөг байна.

"Хуурай нүдний синдром бол дэлхийн хамгийн түгээмэл өвчлөлүүдийн нэг юм. Энэ өвчний үед нүдний алимыг бүрхдэг нулимсан давхарга гэмтэж, үүний нөлөөгөөр хараа алдагдах болон бусад таагүй шинж тэмдгүүд илэрдэг байна. Бидний нулимсан давхаргын зузаан ойролцоогоор 10 мкм (микрометр) байдаг бөгөөд энэ нь нүдийг хамгаалах, бодисын солилцоо явуулах, оптик үүргүүд гүйцэтгэдэг. Эрүүл хүний нулимсан давхаргын ойролцоогоор 15% нь шинэчлэгдэж, 8% нь агаарын хөдөлгөөний улмаас ууршин алга болдог. Харин энэ тэнцвэр алдагдсан үед хуурай нүдний синдром бий болдог гэж хэлж болно. Хэрвээ энэ өвчний улмаас тухайн хүн нүдэндээ өвдөлт мэдэрч, таагүй мэдрэмж авч байвал эмч "хиймэл нулимс" буюу нүдний дусаагуур бичиж өгдөг. Гэхдээ эрүүл хүмүүст "хиймэл нулимс"-ыг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Үүний оронд ердөө л улиралд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч байхад хангалттай" хэмээн нүдний эмч нар зөвлөж байна.

Линз зүүсэн үед нүд хангалттай чийгшил авч чаддаггүй тул эмч нар ихэвчлэн "хиймэл нулимс"-ыг хослуулан хэрэглэхийг зөвлөдөг. Мөн оройн цагаар нүдэндээ нэмэлт арчилгаа хийхийг хүсвэл алтан товч цэцэг ба ногоон цайны хандтай бүлээн жин тавьж, эмийн санд борлуулагддаг сайн чанарын зовхины гель түрхэж болно. Жин тавьж, гель түрхэхээсээ өмнө линзээ тайлах хэрэгтэйг анхаараарай. Ийм төрлийн хөнгөн арчилгаа нь нүдний үрэвсэл, ядаргаа ба хуурай нүдний синдромыг намжаах болно. 

Түүнчлэн зовхиндоо эргэлдсэн хөдөлгөөн бүхий массаж хийх нь аливаа зовиурыг намжааж, нүд амраадаг давуу талтай. Массаж хийхдээ нүдний дотор булангаас дээд зовхи руу, мөн гадна булангаас доод зовхи руу гэсэн чиглэлээр хийгээрэй. Хэдийгээр хоромхон зуур үр дүн авчрах хүчтэй аргачлалууд биш ч гэлээ, тодорхой хугацааны турш орой болгон, эсвэл хоёр өдөрт нэг удаа хийхэд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Цаашлаад нүд чинь аажмаар аливаа ядаргаа, үрэвслээс хурдан нөхөн сэргэдэг болох юм.

ЛИНЗНИЙ ТӨРЛҮҮД

Гидрогель болон силикон-гидрогель гэх хоёр төрлийн линз байдаг. Эхний линзийг 12-14 цагийн турш зүүх боломжтой бол, хоёрдох линзийг бүр тайлалгүй унтаж болдог байна. Гидрогель линз ерөнхийдөө арай бага агаар нэвтрүүлдэг ч, 12-14 цагийн дотор нүдэн дэх чийгшлийг хадгалж, нүд рүү аливаа нян, бохирдол орохоос хамгаалах чадвартай. Ийм линзийг унтахаасаа өмнө зайлшгүй тайлах хэрэгтэй. Эс тэгвээс нүдний эвэрлэг бүрхэвч хангалттай хүчилтөрөгч авалгүй өглөө сэрэхэд маш их хуурайшсан байх болно.

"Гидрогель линзээ тайлахаа мартаад унтсан бол айсны хэрэггүй. Өглөө нь нүдээ нээхэд бага зэрэг хүндрэлтэй байх ч нүдээ олон удаа анивчиж, линзээ чийгшүүлж өгөх хэрэгтэй. Гэхдээ мэдээж линзээ унтахаасаа өмнө тайлах нь хамгийн зөв. Үйлдвэрлэгчид зөвшөөрсөн ч аль болох линзээ тайлж заншаарай. Юуны түрүүнд контакт линз бол гаднын биет юм. Бидний нүд унтаж байх үеэр амарч байх учиртай. Нүдээ бүх л өдрийн турш амраалгүй ачааллуулах нь аажмаар хараа муудах, нүдний чийгшлийн тэнцвэр алдагдах, "хиймэл нулимс"-ны хамааралтай болох гэх зэрэг муу үр дагавруудыг авчирна. Олон жил ажиллахдаа би орой болгон линзээ зүй ёсны дагуу цэвэрлэж, шингэнээ сольж, бусад шаардлагатай зүйлсийг хийж чаддаг хүнтэй одоо хүртэл таараагүй. Тиймээс линзээ орой болгон тайлж байх хэрэгтэй. Ингэснээр нүдэнд уургийн бөөгнөрөл болон аливаа үрэвсэл үүсэх аюул багасах юм" хэмээн анагаах ухаан, нүдний эмч Лидия Геннадьевна Борисенко хэлсэн байна.

Силикон-гидрогель линзийг үйлдвэрлэгчид унтахдаа хүртэл зүүж болно хэмээн сурталчилдаг. Энэ төрлийн линз нь нүд рүү илүү их хүчилтөрөгч нэвтрүүлж, нүдэнд шаардлагатай чийгшлийн түвшнийг хадгалж чаддаг. Гэвч дээрх хоёр төрлийн линзийг оройн цагаар шинэхэн уусмалд хийн халдваргүйжүүлж, тусгай савлагаан дотор хадгалах учиртай байдаг. Тиймээс хэрвээ линзээ оройн цагаар тайлалгүй унтдаг бол линзний хадгалах хугацаа савлагаан дээр заагдсанаас хоёр дахин багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэр хоёр долоо хоног хадгалж болно гэх заалт байгаа ч үнэн хэрэгтээ уг линзийг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд л зүүж болно гэсэн үг юм.

ЛИНЗ ЗҮҮХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Линз зүүх эсвэл тайлахаасаа өмнө эхлээд гараа сайтар халдваргүйжүүлэх шаардлагатай. Мөн олон хоногийн турш зүүж болох линзийг ч өдөр болгон тайлж, тусгай шингэнд халдваргүйжүүлээрэй. Линзээ долоо хоногт нэг удаа хурууныхаа өндгийг ашиглан фермент уусмал ба зориулалтын шахмалуудаар маш болгоомжтой цэвэрлэж заншаарай.

 

#Гоо сайхан