ФОТО: Польш улсын мисс 21 настай Каролина Белавска “Дэлхийн мисс” боллоо


О.Хандмаа | YOLO.MN
2022-03-17

70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд болж, тэргүүн титмийн эзнээр Польш улсын мисс Каролина Белавска тодорлоо.

21 настай тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг ба Менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй.  Каролина Белавска магистрын зэргээ хамгаалсныхаа дараа докторын зэрэг горилон суралцахаар төлөвлөжээ. Усанд сэлэх, шумбах, теннис, бадминтон тоглох дуртай тэрбээр бусдад урам зориг түгээгч нэгэн байхыг эрмэлздэг аж.

Каролина Белавска сайн дурын ажилд идэвхтэй оролцдог ба орон гэргүй хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэх, нийгмийн ялгаварлан гадуурхалтын эсрэг төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд ням гараг бүрт тусламж шаардлагатай 300 гаруй иргэнд халуун хоол, ундаар үйлчилж, хууль зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Цар тахлын үед вакцины бүртгэлд ороогүй 400 хүнийг дархлаажуулалтад хамруулах зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чаджээ. Түүнчлэн төслийн хүрээнд Польшийн Лодз хотод орон гэргүй хүмүүст зориулсан нийтийн ариун цэврийн байгууламжийг барьсан байна.

"Дэлхийн мисс 2021" тэмцээний

  • Дэд байрт Зорилго бүхий гоо сайхан шалгаруулалтад тэргүүлсэн АНУ-ын мисс Шри Сайни
  • Гуравдугаар байрт Кот д'Ивуар улсын гоо бүсгүй Оливиа Йейс шалгарлаа. Тэрбээр Мисс модель төрөлд ялагч болсон юм.

Түүнчлэн шилдэг зургаан оролцогчид

  • Индонез улсын мисс Карла Юлес
  • Мексик улсын мисс Каролина Видалес
  • Умард Ирланд улсын мисс Анна Лейч нар шалгарлаа.

Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцсон А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр шилдэг 40 оролцогчийн нэг болж, сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулсан юм

#Мэдээ