Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #1: Vanderbilt University


Н.Золжаргал | YOLO.MN
2022-03-17

Их дээд сургууль бол дан ганц ажлын байрны шаардлагад зориулж диплом авах, өгөхөд зориулагдсан байгууллага биш юм. Их дээд сургууль бол мэргэжлийн ба хувийн ур чадвараа хөгжүүлэх, шинжлэх болон нийгмийн ухааны аливаа шинжилгээ, судалгаа хийх, мэдлэг мэдээллийг цуглуулах, боловсруулах ба хуваалцах аливаа хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе шатыг бий болгодог хүрээлэл мөн. Тиймээс хэрвээ чи гадаадын их дээд сургуульд сурахаар сонирхож байгаа бол сонголтоо хийхэд чинь нэмэр болох үүднээс эдгээр их сургуулиудын танилцуулгыг хүргэж байна.

Ажлын байрны боломж ихэссэн одоо үед гадаадын их сургуульд мэргэжил эзэмших нь маш олон талаар давуу тал болдог. Жишээ нь стандартын дагуу сайн ур чадвар, мэдлэг олж авахаас гадна ажлын байрны олдоц, чанар болон цалингийн хэмжээ нэмэгддэг. Мэдээж хувь хүний харах өнцөгт, амьдралын байдалд ч олон талаар нэмэр болж болно. 

Гадаадын их сургууль гэхээр хамгийн түрүүнд санаанд орж ирдэг нь Харвард, Оксфорд зэрэг дэлхийн шилдэг сургуулиуд. Гэхдээ дэлхийд байдаг шилдэгүүд тэднээр дуусдаггүй, ижил түвшний, зарим талаараа бүр илүү ч их сургуулиуд цөөнгүй бий. Тэдний нэг нь Vanderbilt University буюу Вандербильт их сургууль.

Вандербильт их сургууль анх 1873 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө дэлхийд 113-т (Times Higher Education), АНУ-д 14-т (U.S.News) ордог. Тэр дундаа, сэтгэлзүйн чиглэлээр 4-т, биологийн чиглэлээр 7-д, эдийн засгийн чиглэлээр 7-д, инженерийн чиглэлээр 10-т ордог(Niche) судалгаанд чиглэсэн их сургууль юм. 70 гаруй мэргэжилээр бэлтгэдэг бөгөөд бакалаврын түвшний сурагчдын 65% нь санхүүгийн тусламж, тэтгэлэг сургуулиасаа авдаг ба арьс, хүйс, хэл соёлоороо ялгарах дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай. Сургуулийн орчин нь гойд үзэсгэлэнтэй ба үүгээрээ алдарт Niche  сайт дээр А үнэлгээ авсан байдаг.

 Вандербильт их сургууль нь Common app гэх АНУ-ын нэгдсэн их сургууль, коллежийн элсэлтийн системд бүртгэлтэй байдаг ба элсэгчийн илэрхийлсэн санхүүгийн хэрэгцээг 100% хангахад зориулж хэрэгцээнд суурилсан болон чадварт суурилсан тэтгэлэгүүдийг олгодог. Илэрхийлсэн санхүүгийн хэрэгцээ гэдэг нь тухайн элсэгчийн өөрийн болон гэр бүлийн жилийн орлого, хөрөнгийн хэмжээ, зарлага зэргээс тооцон гаргадаг тоо, дүн юм. Нийт тэтгэлэгийн өргөдөл өгөгчдөөс элсэлтэнд тэнцэгчдийн эзлэх хувь нь 11.6% байдаг нь Харвардын их сургуультай харьцуулбал 2 дахин их. Тиймээс та гадаадын их сургуульд өргөдөл явуулахаар зэхэж байгаа бол Вандербильт их сургуулийг бодолцож үзээрэй!  

Сургуулийн албан ёсны  сайт: www.vanderbilt.edu


 
Random Fact at the end: Вандербильт их сургууль анх зөвхөн эрчүүдийн сургууль гэж байгуулагдсан ба энэ нь 1875 оноос хойш өөрчлөгдөж бүх хүйснийхнийг элсүүлдэг болсон байна.

#Боловсрол #Тэтгэлэг