Олуулаа тоглох боломжтой хөгжөөнт тоглоомын санаанууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-03-07

Дараалсан олон цагийн хичээлийн дундуур ядарч, нойрмоглох үеүд сурагч, оюутан болгонд л тохиолддог шүү дээ. Тэгвэл доорх тоглоомуудыг завсарлагааны цагаар тоглож тархиа сэргээгээрэй. Мөн олуулаа зугаалгаар явах үедээ, хичээлээ тараад ч тоглож болно. Гэхдээ мэдээж хичээлийн бус цагаар тоглож, багшийг хичээл зааж байх үед хичээлдээ л анхаарах ёстой шүү.

Tic-Tac-toe

Хэзээ ч хуучрашгүй тоглоомуудын нэг бол Tic-Tac-Toe буюу XO гэдэгтэй маргах хүн ховор байх. Уламжлалт хэмжээ буюу 3х3 хэмжээгээр бус 5х5, 6х6, 7х7 гэх мэт аль болох их нүдээр тогловол бүр хөгжилтэй болох болдог гэдгийг мэдэх үү?

Охид, хөвгүүд

Охид, хөвгүүд наадаж байна. Өдөх үү? Өдье, хэнийг? Жаахан хүүхдийн тоглоом мэт санагдаж байгаа ч бид бүхний дурсамжинд хамгийн хөгжилтэй мөчүүдийг нэмэх нандин тоглоом байх болно гэдэгт итгэлтэй байна. 

 

Онгоц буудах

Хичээл дээрээ онгоц буудаж тоглож байгаагүй сурагч бараг л байдаггүй байх. Сэм сэмхэн багшаасаа нууцаар тоглох ч хөгжилтэй шүү. Гэхдээ хичээлийн бус цагаар айж мэгдэлгүй, тайван тоглох бүр ч гоё.

Түргэн хэллэг

Найзуудаараа тойрч суунгаа, бэлдсэн түргэн хэллэгүүдийг нэг, нэгээрээ хэлж тогловол хөгжилтэй биш гэж үү? Завсарлагааны туршид инээд, хөөр бэлэглэхээс гадна хэл яриаг тань зүгшрүүлэх давуу талтай. 

Үсэглэлийн аварга

Англи, монгол хэлний хэлэхэд, бичихэд хүндрэлтэй үгсийг бэлдэн үсэглэж тоглоорой. Алдсан нэгнээ хөнгөхөн шийтгэж тогловол илүү хөгжилтэй. Давуу тал нь үгийг зөв бичиж сурахад тусална.


60 секунд

60 секунд гар утасны тоглоом нь олон сэдвүүдээс бүтэх бөгөөд тоглогч гар утсыг толгой дээрээ барин дэлгэцэн дээр гарч буй үгсийг зөв таах юм. Тухайн үгийг үйл хөдлөлөөр илтгэнэ гэдэг хэцүү ч  хөгжилтэй шүү дээ.

Android утсаар уг тоглоомыг татах бол ЭНД дараарай.
IOS утсаар уг тоглоомыг татах бол ЭНД дараарай.

Дуу таалцах

Тухайн дууны үгийг хэлээд найзуудаараа таалгаарай. Аль эсвэл аяыг нь аялсан ч болно. 

3,6,9

Бөөнөөрөө тоглоход татаж унатлаа инээх тоглоом. Тойрч суугаад эхнээсээ тоолж эхэлнэ. Ингээд 3,6,9 орсон ба түүнд хуваагдах тоонууд дээр тоолохгүйгээр алгаа таших юм. Жишээ нь 12-ын тоонд 3,6,9 ороогүй ч 3,6 уг тоонд хуваагдах тул алгаа таших ёстой гэсэн үг. Мэдээж хэн нэгнийг 5 удаа алдвал шийтгэж болно. Жинхэнэ анхаарал шалгах тоглоом доо. 

#Мэдэхэд илүүдэхгүй