Euphoria (season 2):Хэсэг бүхэн нь мэдрэмж өгсөн кино


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-03-07

Sam Levinson-ий бүтээл, Ижил нэр цувралаас сэдэвлэн бүтээсэн “Euphoria” цуврал нь анх 2019 оны зургаадугаар сарын 16-нд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Нэгдүгээр бүлэг цацагдсанаас хойш гурван жилийн дараа буюу энэ жилийн нэгдүгээр сараас эхлэн тунчиг удаан үзэгчдээ хүлээлгэсэн киноны маань хоёрдугаар бүлэг гарч эхэлсэн. Эхний ангиас төгсгөлийн наймдугаар анги хүртэл үнэхээр үзэсгэлэнтэй байж чадсан уг цуврал төрөл бүрийн мэдрэмж бодлыг үзэгчид өгч чадсан юм. Мөн уг цувралын гуравдугаар бүлэг тун удахгүй гарах нь батлагдсан. Шинэ бүлгээ тэсэн ядан хамтдаа хүлээнгээ хоёрдугаар бүлгийн сэтгэгдлээ хуваалцацгаая.

Хэд хэдэн анги дээр Nate аавдаа хүчирхийлүүлж байгаагаар хар дарж харагддаг бөгөөд сүүлийн анги дээр энэ ч бодитой зүйл байсан нь тодорхой болсон. “Хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг” гэх үг энэ үед толгой дотор харван орж ирж билээ. Nate-ийн хийсэн хэргүүдийг  зөвтгөх бүрэн шалтгаан болохгүй ч гэлээ түүний догшин toxic зан чанар, Lexi-гийн тавьсан сургуулийн жүжиг дээр өөрийг нь ижил хүйстэн мэт харагдуулахад яагаад тэгж их дургүйлхсэний шалтгаан тодорхой болсон мэт санагдсан. Хүчирхийллээс хохирогчид үүссэн сэтгэл зүйн гэмтэл амьдралын арилшгүй толбо мэт үргэлж даган явдаг. Хүчирхийлэгч нь байхгүй болсон ч гэсэн сэтгэлийн гүн дэх айдас хэвээр байх нь юутай гунигтай вэ.

Уг кинонд тусгаж өгсөн бас нэгэн асуудлыг “Daddy issue” гэж би хувьдаа боддог. Хүний анхаарал хайрыг татах гэж хичээх Cassie-г хараад би түүнийг биш аавыг нь буруутгахыг хүсдэг. Багадаа эцэг хүний оролцоо багатай өссөн охид өөртөө итгэлгүй болж, өөрөө хайртай бус өөртөө хайртай гэсэн хүнийг л шууд онцгойгоор мэдэрч, өөрийн хувьд чухал хүн мэт боддог. Чухам ийм учраас л Nate-ийн “Би чамд хайртай” гэх үг Cassie-д ихээр нөлөөлсөн байж магадгүй юм.  Жишээ нь Cassie, Nate-ийн анхаарлыг татах гэж байдгаараа хичээн хэд хэдэн өдөр өглөө эртлэн босож усанд орж, нүүрээ арчилж, үсээ янзалж, төрөл бүрийн стилиэр хувцасладаг. Nate-ийг түүн рүү харахгүй бол илт сэтгэлээр унан эцэст  нь Nate-г эргэн харахад хэчнээн их баяр баясалтай байгаа нь харагддаг билээ. 

Хоёр бүлгийн 16 ангийг үзсэн сэтгэгдлийн дараа уг цувралын гол дүр болох Rue Bennet үнэхээр их зүйлийг туулсан мэт санагдаж байна. Хар тамхинд донтох амархан. Гаръя гэвч түүнээс өөр амьдралын таашаал өгч чадах зүйл үгүй, бие махбод нь хүртэл хамааралтай болсон байдгийг энэ бүлэг тодорхой харуулж өгдөг. Тэгэхээр үүнээс үзэхэд хар тамхинд донтсон хүнээс гадна түүний эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэнд нь ч сэтгэл санааны хувьд асар хүндээр нөлөөлдөг байх нь. Хар тамхинд донтох шалтгаан нь хувь хүний сонголт гэдгийг Rue-гийн дүүгээр харуулан өгсөн байна.

Fezco&Lexi энэ бүлгийн хамгийн хөөрхөн  хос байсан. Нэгдүгээр бүлэг дээр төсөөлөөгүй байсан хоёр хүний дунд үүссэн дурлал нь миний хувьд энэ бүлгийн хамгийн өхөөрдөм үзэгдлүүд, жижигхэн чимэг болж чадсан мэт санагдлаа. 

Зарим хүмүүс уг цувралыг бэлгийн харилцаа, хар тамхи, хүчирхийллийг хэтэрхий ихээр харуулсан задгай кино гэж шүүмжилдэг ч миний хувьд бол үнэхээр үзэсгэлэнтэй кино. Зураг авалт, хөгжим, зохиол гээд  бүгд нэгэн цогц болж чадсан  бүтээл. Хоёрдугаар бүлгийнхээ эхний ангийг үзээд миний дотор Euphoria цувралын жижигхэн гал асан дахин шинэ анги гарч үзэх бүрийд дүрэлзэж байсан бол төгсгөлийн хэсгийг үзэхэд цээжний минь тэр гал унтарч бүтэн амьсгал авч байгаа юм шиг болсон. Энэхүү нийтлэлд миний дурдаагүй олон хөндсөн асуудлууд, сонирхолтой үйл явдлууд гарах бөгөөд хэрэв таны сонирхлыг татсан бол уг цувралыг заавал эхлүүлээрэй.

 

#Кино урлаг