Захидал:Эрэгтэй найз минь гэнэт надад өөрөөр хандаад байна


ССҮТөв | YOLO.MN
2022-02-25

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Эрэгтэй найз минь гэнэт надад өөрөөр хандаад байна

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 16 настай 11-р ангийн сурагч. Сүүлийн 4 сарын хугацаанд жирийн нэгэн найз гэж хардаг байсан хүүхэд маань надад найзаас илүү халамж анхаарал тавиад байх шиг санагдах боллоо. Өдөр бүр өглөөний мэнд сайхан амраарай, эрт унтаарай гээд чат бичдэг, хичээл дээр үргэлж миний хажууд суудаг, чөлөөт цагаараа надтай ярилцахыг хичээнэ бас гунигтай үед хөөрхөн зүйлс ярьж тайтгаруулахыг оролддог, намайг уурлачихсан байвал өөрт нь ямар ч хамаагүй байсан “Яасан юм? Надад гомдсон юм уу? Би чамайг гомдоочихов уу?  гээд жижиг зүйлс дээр ч анхаарал тавиад байгаа болохоор  би түүнд нь  дасаад байх шиг байна . Чат бичихгүй удвал би дотроо олон зүйлс ургуулж бодоод, тэрэндээ уурлаж гомдоод нэг л сонин байдаг болчихлоо. Гэхдээ тэр зүгээр л намайг ашиглаж байвал яах вэ? Тоглож байвал яах вэ гээд эргэлзээд, байнга бодогдоод үнэхээр хэцүү байна. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Айж зугталгүй, адилхан мэдрэмжээ илэрхийлээд үзээрэй

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Одоо байгаа мэдрэмжиндээ төвлөрөхийг хичээгээрэй. Үнэхээр өөрт чинь таалагдаж байгаа бол болоогүй зүйлийг ургуулж бодох биш, одоо цагаа мэдэрч үйлдэл хийгээрэй. Түрүүлж түүний мэндийг асуухаас, түрүүлж яриа эхлүүлэхээс зугтах хэрэггүй. Одоо байгаа цагаа мэдрээд үйлдэл гаргах нь өөрийнхөө зүгээс хийж чадах зүйл юм шүү. Зөвхөн түүнээс анхаарал халамж авах биш эргүүлээд  түүнийг  анхаарч, халамжлаарай.  Түүнийг гэсэн сэтгэлээ илэрхийлж гаргаагүй, үйлдэл хийгээгүй байж сөрөг зүйл бодох нь харамсалтай биш гэж үү? Өөрийн чинь гаргах хариу үйлдэлд тэр яаж хандаж байгааг хараад өөрийн мэдрэмжийг түүнд хэлэх, эс хэлэхээ шийдэж болно шүү дээ. Амжилт хүсье. 

АСУУДАЛ: Гэрийхэнтэйгээ байхаас илүү найзуудтайгаа байх тухтай санагддаг

Сайн уу? Надад өөрөө шийдвэр гаргаж чадахгүй нэг асуудал тулгараад захиа бичиж байна л даа. Би гэрийнхэнтэйгээ таарч тохирдоггүй, тухгүй байдаг хэрнээ найзуудтайгаа байх их гоё санагдаад байх юм. Эсвэл заримдаа зүгээр ганцаараа амьдармаар санагдах ч үе тохиолдож байна. Би өөрөө их юм ургуулж боддог болохоор, гэртээ хэрүүл үүсгэсэн. Дахиад тэгмээргүй байна. Цаашдаа яахаа сайн мэддэггүй ээ. Бас би өөртөө тийм ч итгэлтэй биш.

ЗӨВЛӨГӨӨ:Үл ойлголцол, бухимдал гарах нь харилцааны нэгээхэн хэсэг

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн харилцаан дахь чи, сургуулийн орчин дахь чи, найз нөхөдтэйгөө байх чиний үйлдэл хандлага, биеэ авч явах байдал ондоо байдаг. Энэ бол олон нүүртэй гэсэн үг огт биш юм шүү. Нийгмийн хүрээллээс хамаараад бидний дүр өөрчлөгдөж байдаг. Багштайгаа, найзуудынхаа хүрээлэлд байдаг шигээ хандаж харилцахгүй нь ойлгомжтой шүү дээ.

Харин одоо зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд болсон үйл явдалд төвлөрье. Харилцаа үргэлж ойлгомжтой байдаггүй, үл ойлголцол, бухимдал гарах нь харилцааны нэгээхэн хэсэг. Өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлээрэй. Дотор цугларсан мэдрэмжийг ил гаргах нь аливаа зүйлийг ургуулан бодохыг болиулдаг. Дараагийн удаа захидал бичихдээ нас, хүйс болон асуудлаа илүү дэлгэрэнгүй бичээрэй. Амжилт хүсье. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

#Зөвлөгөө #Сэтгэл зүй