Andrew Garfield “хангалттай” царайлаг биш


Хасбаатар | YOLO.MN
2022-02-24

Хүн бүрийн хайртай жүжигчин, бидний “нөхөрсөг хөрш” Andrew Garfield саяхан “Entertainment Tonight” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нэгэн удаа “хангалттай царайлаг биш” гэсэн шалтгаанаар “гологдож” байсан тухайгаа дурджээ.

“tick, tick...BOOM!” киногоо сурталчилж ярилцлага өгөх үедээ “The Chronicles of Narnia: Prince Caspian” киноны Caspian ханхүүгийн дүрийн шалгаруулалтад оролцож байснаа ярьжээ. 

Ярьдаг арслан, мөсөн хатан, үлгэр домгийн үй түмэн амьтдын хаант улсын тухай өгүүлэх “The Chronicles of Narnia” дэлгэцийн гурамсан бүтээл бидний хүүхэд настай салшгүй холбоотой. Шидэт ертөнцөд шүүгээгээр дамжин нэвтрэх ах дүүсийн дараагийн адал явдал болох “The Chronicles of Narnia: Prince Caspian” кино 2008 онд театруудын дэлгэцнээ нээлтээ хийсэн бөгөөд энэ үед Andrew Garfield жүжигчний гараагаа дөнгөж эхлүүлж байжээ.

Ярилцлагаас нь цухасхан эш татвал, “Тухайн дүрд тоглохыг ямар их хүсэж байснаа одоо ч санаж байна. Caspian ханхүүгийн дүрийн сонгон шалгаруулалт орохдоо энэ л миний боломж гэж бодож байсан сан. Гэтэл тэр царайлаг, авьяаслаг Ben Barnes дүрийг минь булаачихсан. Уг нь би бид хоёрын дунд нэмэлт шалгаруулалт явуулна гэж бодсон юм. Би Caspian-ы дүрийг ямар их хүссэн гээч” хэмээжээ. Сонгон шалгаруулалтын дараа төлөөлөгчөөсөө яагаад тэнцээгүй талаараа удаан шалгаасны эцэст “Чамайг хангалттай царайлаг гэж үзээгүй” гэсэн хариу авчээ.

Хэдий тэр энэ дүрийг авч чадаагүй ч 2007 онд “Boy A”, “Lions for Lambs” хэмээх хоёр том бүтээлд дүрээ мөнхөлснөөр түүний амжилтын гараа эхэлжээ. Түүнээс 3 жилийн дараа 2010 онд нээлтээ хийсэн “The Social Network” киноны дүр нь хайрт жүжигчнийг маань жинхэнэ “супер од” болгож чадсан юм. Тухайн үед түүнийг энэ дүрээрээ Оскарын шагналд нэр дэвших байх гэх таамаглал хүчтэй өрнөсөн хэдий ч, харамсалтай нь нэр дэвшиж чадаагүй билээ. Түүнээс хойш Andrew “Amazing Spider-Man” киноны хоёр ч ангид гол дүрийг бүтээж, Martin Scorsese тэргүүтэй домогт найруулагчдын бүтээлд үе үе харагдаж явсаар эцэст нь “tick, tick...BOOM!” киноны дүрээрээ “Алтан Бөмбөрцөг”-ийн эзэн болжээ. Мөн тус дүрээрээ удахгүй тохиох Оскарын наадамд “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшээд байна. 

 

#Кино урлаг #Оддын тухай