Захидал:Тэд надаас яагаад зайгаа бариад байгаа юм бол?


ССҮТөв | YOLO.MN
2022-02-13

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэд надаас яагаад зайгаа бариад байгаа юм бол?

Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Сүүлийн үед хүн бүр надаас зайгаа бариад байгаа мэт санагдаж улам ганцаардах боллоо. Уг нь бүх хүнтэй эелдэг харьцдаг ч гэсэн одоо надад найз гэх хүн үлдсэнгүй. Яагаад, яг юунаас болж тэд надаас харьцаагаа таслаж, холдоод байгааг мэдэхгүй ч өдөр ирэх тусам энэ талаар бодох нь ихэссэн. Сүүлдээ бүр сэтгэл санаанд минь хүртэл нөлөөлөөд амиа хорлох талаар их бодох боллоо. Би яг яах хэрэгтэй вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Учир шалтгааныг нь өөрөө бодоод олж чадахгүй байвал хэн нэгнээс асуугаарай.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидалд өөрийн нас, хүйс болон тулгарч байгаа асуудлаа аль болох дэлгэрэнгүй бичиж байхыг хичээгээрэй. Энэ нь чиний бичсэн захидалд оновчтой хариулт илгээхэд тусалдаг юм шүү. 
Найзуудтайгаа ойр дотно харилцаатай байхыг хүсэж байгааг чинь ойлголоо. Сүүлийн үед гэж яг хэзээнээс хойш чамд ийм мэдрэмж төрөх болсон бэ? Тухайн үед ямар үйл явдал болсон бэ? Найзууд нь чамаас харилцаагаа тасалсан гэж бичжээ. Ямар учраас харилцаагаа тасалсан юм бол? Энэ талаар чи тэднээс асууж байсан болов уу? Хэрэв асууж байгаагүй бол асууж үзээрэй. Ингэснээр ямар учраас тэдэнтэй харилцахад асуудал тулгараад байгаа талаараа олж мэдэж түүнийгээ харилцан шийдвэрлэхэд туслах боломжтой. Бид тохиолдож буй юмсын учир шалтгааныг яагаад ингэсэн юм бол гэж өөрөө бодоод олж чадахгүй байвал энэ талаар асууж тодруулах нь үр дүнтэй байдаг. Тиймээс энэ талаар найзуудаасаа асуугаарай.
Мөн бид хүмүүстэй эелдэг байх нь зөв боловч хүн бүртэй найз байх гэж хичээх нь биднийг төдийлөн аз жаргалтай болгодоггүй байна. Судалгаанаас үзэхэд, хүн дунджаар 3-5 ойр дотны сайн найзтай үедээ амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг гэж үздэг. Тэгвэл чамд ойр дотны хэдэн сайн найз байгаа гэж бодож байна вэ? Мөн чи тэр хүмүүст өөрийг нь сайн найз шүү гэдэг мэдрэмжийг ямар үйлдлээрээ төрүүлдэг вэ? Энэ талаар хэлж байсан уу? Ойр дотны хүмүүстээ өөрийг нь ямар чухал хүн гэдгийг хэлж илэрхийлэхгүй бол мөн л мэдэхгүй байх боломжтой шүү дээ. Тиймээс бусдад өөртөө төрж байгаа таатай, таагүй мэдрэмжээ үнэнээр илэрхийлж байхыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье.

 

АСУУДАЛ: Миний дотны үеэл дүү нэг хүүхэдтэй үерхэж байгаа. Тэр хүүхэд нь...

Сайн байна уу?  Миний дотны үеэл дүү нэг хүүхэдтэй үерхэж байгаа юм. Мэдээж өсвөр насан дээр үерхэх талаар нээлттэй байдаг ч түүний үерхэж байгаа хүүхэд нь бидэнтэй авга талдаа садан төрлийн холбоотой хүүхэд юм. Гэхдээ тэр хүүхдийн ээж нь дагавар учраас цусан төрлийн холбоотой биш гэж үзээд үерхэж байгаа гэсэн. Энэ талаар эцэг эх нь сонсвол мэдээж уурлах нь тодорхой. Бас хэдий цусан төрлийн холбоо байхгүй ч олон жил хүүхэд нь гэж явсан болохоор эцэг эх болоод бүхий л саданд маань хэцүү байна байх. Хэтэрхий удвал хожим хойно нь дүү минь зовох болно гэж бодох юм. 
Би дүүтэйгээ энэ талаар ярьж, ятгаж болиулах хэрэгтэй юу?, Эцэг эхэд нь хэлэх ёстой юу?, Эсвэл зүгээр л өөрсдөө шийдэг гээд үлдээх үү? 

ЗӨВЛӨГӨӨ:  Өсвөр насны хүүхдүүд хэдий том болж бие дааж эхэлж байгаа ч гэсэн чиглүүлэг хэрэгтэй байдаг.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Үеэл дүүдээ санаа зовж байгааг нь ойлголоо. Энэ талаар чи үеэл дүүтэйгээ ярилцаж үзсэн үү? Өөрөө ямар бодолтой байгааг нь өөрөөс нь асууж үзсэн болов уу? Захидалд эцэг эх нь мэдвэл уурлах нь тодорхой гэж бичжээ. Тэгэхээр энэ талаар эцэг эх нь мэдэхгүй байгаа гэсэн үг үү? Үеэл дүү нь харилцааныхаа талаар ямар бодолтой, цаашдаа яах санаатай байгаа талаар нь ярилцаж үзээрэй. Мөн чи энэ тал дээр ямар бодолтой байгаагаа дүүдээ илэрхийлээрэй. Хэдийгээр өсвөр насны хүүхдүүд том болж бие дааж эхэлж байгаа ч гэсэн өөрсдөд нь тодорхой хэмжээний чиглүүлэг хэрэгтэй байдаг шүү дээ. Тиймээс өөрийн бодлоо тулгахгүйгээр энэ талаар сайтар ярилцаж үзээрэй. Амжилт хүсье.

АСУУДАЛ: Гэрээсээ бүр мөсөн явмаар байна. Гэртээ ирэх, ээжтэй хамт байх үнэхээр тухгүй.

Сайн байна уу? Би одоо 22 настай айлын том охин. Доороо олон насны зөрүүтэй нэг дүүтэй. Би 9-р ангиасаа эхлээд л дүүгээ харж ирсэн. Ээж маань ажилтай учраас би л харж үлдэнэ. Харах ёстой юм шиг үргэлж надад орхисоор өөр зүйлд зарцуулах цаг огт гаргаж өгөөгүй.  Дүү маань хааяа хааяа ганцаараа үлдэж чадах хэмжээний, харьцангуй том боллоо. Би ч ажилд орлоо. Ажилтай гэж хэлбэл дүүг маань хараад, эсвэл харах хүн олоод аргална. Харин ажлаас өөр бусад шалтгаанаар гадуур гарах, гэртээ ирэхгүй удах, дүүг харж чадахгүй болвол ээж маш их уурладаг. Уурласандаа төрсөн охиндоо яаж тийм үг, үйлдэл гаргаж чаддаг байна гэмээр. Харин ээжийгээ л ойлгохгүй байна. Ухаан орсон цагаасаа эхлэн аймар занг нь тэвчиж ирсэн ч одоо цааш үргэлжлүүлэх тэвчээр надад үлдээгүй юм шиг байна. Ярилцаач гэж магадгүй ээ. Ярилцахыг би хичээсэн бас хичээдэг. Гэвч ямар ч амжилт олоогүй. Уурласан үед нь миний буруу биш байсан ч ярилцаж бас аргадах гээд ойртоход бэртэгчин, амиа хичээгч, ийм тал засдаг хүн хэрэггүй гээд үгээр идэн, юм хэлэх завдал олгодоггүй. Уурлахаа больсных нь дараа ярилцахаар их л ухаарсан янзтай байдаг ч дараа нь хэрэлдэж загнахдаа нөгөө л янзаараа. Байнга үг дуугүй "За" гэхээс залхаж байна. Залхаад, тэвчээр алдагдаад сүүлдээ өөдөөс нь ч хэрэлддэг болсон. Тэгэх тусам өөртөө дүгнэлт хийх нь битгий хэл улам уурладаг. Саяхан бас л муудалцлаа. Гэрээс намайг бараг л хөөлөө. Гэрээсээ бүр мөсөн явмаар байна. Эсвэл үхээд өгөх юмсан. Даанч ард маань ээжтэй хамт үлдэх дүүгээ өрөвдөх юм. Гэртээ ирэх, ээжтэй хамт байх үнэхээр тухгүй. Уг нь гэр, ээж гэхээр л хүн бүр жаргалтай болдог байхад надад эсрэгээрээ.

ЗӨВЛӨГӨӨ: Ээжийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн хангах үүрэг өөрт чинь байхгүй. Хэцүү байгаагаа илэрхийлсээр байгаарай.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захидлаар өөртөө зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй байдаг. Харин бусад хүний хандлага, зан чанарт чиглэсэн зөвлөгөө авч байгаа тохиолдолд үр дүн төдийлөн гардаггүй. Учир нь бусад хүний үг, үйлдэл, хандлагад бид шууд нөлөөлөх боломжгүй шүү дээ.
Хүүхдүүд эцэг эхийгээ хамгийн төгс нэгнээр боддог. Гэвч насанд хүрсэн байлаа гээд тэр үргэлж төгс байдаггүй. Энэ нь ч боломжгүй зүйл. Магадгүй ээжид чинь шийдэгдэж чадаагүй асуудал, илэрхийлж гаргадаггүй сэтгэл хөдлөл байж магадгүй. Түүнд хэн нэгний тусламж хэрэгтэй байдаг болохоор өөрийгөө буруугаар илэрхийлээд ч байж болно. Захиаг уншихад ээжтэйгээ харилцах харилцаанаас зугтаж эхэлсэн бололтой. Мэдээж ээжийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн хангах үүрэг өөрт чинь байхгүй. Хэцүү байгаагаа илэрхийлсээр байгаарай. Мөн ээжтэйгээ харилцаагаа таатай сайхан байлгамаар байгаа тухайгаа ярилцсаар байгаарай. 

АСУУДАЛ: Мэргэжлээ сонгоогүй учраас шалгалтандаа бэлдэж чадахгүй байна.

Сайн байна уу? Би одоо 12-р анги. Ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй болохоор энэхүү захидлыг илгээж байна. Одоогоор биологи, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр шалгалтандаа бэлдэж байгаа. Мэргэжлээ сонгоогүй, зүгээр л бэлдэж байна. Ирээдүйн амьдралд минь хэрэгтэй гэсэн мэргэжил бүхнийг надад санал болгож байгаа ч таалагдах ганц ч алга. Надад хийж чадах, сонирхож, оролддог зүйлс төдийлөн тодорхой байхгүй ч ямар нэг зүйлийг хийж үзсэнийхээ дараа маш хурдан залхдаг. Эмч бол гэж эцэг эх маань хэлдэг. Гэхдээ би эмч болоход сонирхолгүй, бас айж байна. Би урлагт дуртай ч гэрийхэн минь урлагийн хүн болно гэхэд эсэргүүцдэг. Миний хувьд би өөрөө чөлөөтэй сэтгэж чадах тийм л мэргэжилтэй болохыг хүсэж байна. Гэхдээ одоо болтол ямар мэргэжилтэй болохоо шийдэж чадахгүй байгаа учаас шалгалтандаа бэлдэж чадахгүй санаа зовж байна. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Эдгээр асуултад хариулаарай.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Доорх асуултад хариулаарай.

  • Өөрийн сонирхож байгаа мэргэжлүүдээ жагсааж бичнэ үү?
  •  Сонгох гэж байгаа мэргэжлийн чинь давуу болон сул талуудыг бичнэ үү?
  • Ажил мэргэжлээ сонгоход ямар шалгуур үзүүлэлт өөрт чинь чухал вэ?

Мэргэжил сонголтод хүн бүр өөрсдийн гэсэн шалгуур үзүүлэлт тавьдаг. Хэн нэгний хувьд карьерийн өсөлт, хамт олны уур амьсгал, гэр бүлдээ цаг гаргах боломжтой байх гэсэн шалгуур үзүүлэлтүүд  чухал байдаг бол өөр нэгний хувьд цалин өндөр, нийгмийн эрэлт хэрэгцээ их, тогтмол томилолтоор явдаг байх гэсэн шалгуурууд тавьдаг.  Одоо өөрийн шалгуур үзүүлэлтүүдийг бодоод доор жагсааж бичээрэй.
-Сонирхож байгаа мэргэжлийнхээ талаар хэр олон эх сурвалж мэдэх вэ?
-Зөвхөн интернэт, нэг хүний үгээр, ном сониноос уншсан мэдээлэл нь өөрийн чинь сонирхож     байгаа мэргэжлийг бүрэн төлөөлж чадах эсэхийг бодоорой.
-Сонирхож байгаа мэргэжлийнхээ салбарын нэг хүнтэй уулзаад л болох биш олон хүнээс зөвлөгөө, мэдээлэл аваарай.
-Сонирхож буй мэргэжлийнхээ талаар олон эх сурвалжтай байх тусам өөрийн чинь сонголт илүү бодитой болно. Мэргэжлээ сонгоход чинь амжилт хүсье.

АСУУДАЛ: Өмнө нь дуртай байсан зүйлстээ дургүй болоод байх юм.

Сайн байна уу. Би одоо 15 настай, эмэгтэй.Ойрдоо өмнө нь дуртай байсан зүйлстээ дургүй болоод байх юм. Аав ээж маань ч тэс өөр хүн шиг болчихлоо гээд их уурлаж байгаа. Сарын өмнө л гэр бүлийхнийгээ мотивацжуулдаг, олон зорилго тавьчихсан, хоёр ч хэл давхар сураад төлөвлөгөөнийнхөө дагуу явж, цагийг хий дэмий өнгрүүлдэггүй байсан. Яаж буцаад хэвийн болох вэ? Одоо бол амьдрах залхуутай санагдаж байна. Алдаж оноод, хэсэг аз жаргалтай болсон ч тэр нь удаан үргэлжлэхгүй дахиад л гуниглана.

ЗӨВЛӨГӨӨ:Хэт эерэг байхыг хичээх нь өөрөө сөрөг зүйл.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Эхний ээлжид өөртөө зөөлөн хандаарай. Хүн бүр үргэлжийн мөнхийн идэвхтэй, үр бүтээлтэй, өөдрөг байх боломжгүй. Хэт эерэг байхыг хичээх нь өөрөө сөрөг зүйл. Өөрт чинь яг одоо таагүй мэдрэмж төрсөн бол байгаагаар нь хүлээн авах нь зөв юм. Өөрийн мэдрэмжийг ажиглаж сурсны дараагаар өөрт тохирох тайвшруулах аргыг олж сураарай. Жишээ нь сунгалтын дасгал хийх, дуу сонсох, бүжиглэх гэх мэт байж болох юм. Магадгүй чамд амралт хэрэгтэй болсон учраас гэнэтхэн идэвхгүй болж өөр зүйлд сатаарч эхэлсэн байх. Өмнө нь маш идэвхтэй байхдаа дунд нь өөртөө амрах цаг гаргадаг байсан уу? Машин холын замд гарвал дунд нь хэд хэд зогсож бензин хийх шаардлагатай болно. Хэрэв огт бензин хийхгүй бол байгаа бензинээ дуустал яваад л огт хөдлөхгүй зогсоно. Яг үүнтэй адил зорилгынхоо төлөө явахдаа дунд нь амрах, дуртай зүйлээ хийх гэх мэтээр өөрийгөө хайрлаж өөртөө зөөлөн хандаарай. Одоо байгаа нөхцөл байдлаа багахан амралт авсан гэж бодоод цаашаа үргэлжлүүлэн зорилгодоо хүрэх аялалдаа гараарай. Амжилт хүсье. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Зөвлөгөө