Nathan Chen дэлхийн рекордыг эвдлээ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-02-09

Америкийн уран гулгагч Nathan Chen эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт 113,97 оноо авч дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Өмнө нь уг амжилтыг Олимпын хошой аварга Японы уран гулгагч Yuzuru Hanyu 111.82 оноогоор эзэмшдэг байсан. 

Ийнхүү Chen нийлбэр дүнгээр хоёрдугаарт бичигдэж буй Yuma Kagiyama-гаас таван оноо, Yuzuru Hanyu-гаас 20 шахам оноогоор илүүрхэж байгаа тул энэ жилийн олимпоос алтан медаль авах бүрэн боломжтой боллоо.

Богино үзүүлбэрийн төрөлд нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарсан 18 настай Kagiyama 108.12 оноо авсан. Харин 2018 оны Пёнчаны олимпын мөнгөн медальт Uno 105.90 оноогоор гуравдугаар байрт бичигдэж байна.

Тэмцээн эхлэхийн өмнө уран гулгалт сонирхогчдын дунд богино үзүүлбэрийн төрөлд гал гарсан өрсөлдөөн Hanyu Chen нарын хооронд явагдана гэсэн урьдчилсан таамаг байсан. Гэвч Hanyu эхний хэсэгт үсрэлтээ хийж чадалгүй 95.15 оноо авсан тул наймдугаар байрт бичигдэж байна. Энэ нь түүний 2019 оноос хойш богино үзүүлбэрт авсан хамгийн бага оноо байлаа.

Мөн Америкийн уран гулгагч Vincent Zhou-гийн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэрээр тэмцээнээ өндөрлүүлж буй аж.  

Эх сурвалж: Olympics

 

#Спорт #Олимп