Billie Eilish шүтэн бишрэгчдээ туслахаар тоглолтоо зогсоожээ


О.Хандмаа | YOLO.MN
2022-02-07

Грэммийн шагналт дуучин Billie Eilish бямба гарагт АНУ-ын Атлантад хийсэн тоглолтынхоо үеэр гаргасан үйлдэл нь цахимд олны талархлыг хүлээж, эерэг сэтгэгдэл авсаар байна. Тэрээр “Happier Than Ever” нэртэй аялан тоглолтоо хийж буй юм.

Billie Eilish Атланта хот дахь тоглолтынхоо үеэр үзэгчдийн дунд нэгэн залуу эмэгтэйн амьсгал нь давчдаж байгааг анзаарч, тоглолтоо зогсоон “Танд багтрааны цацлага хэрэгтэй байна уу” хэмээн асуужээ.

Тоглолт үзэж байсан олон мянган хүн энэ мөчийн гэрч болж, бичлэг хийснээ цахимд нийтэлсэн байна. Үзэгчдийн хийсэн бичлэгт Billie Eilish тоглолтыг зохион байгуулах аюулгүй байдлын албаныханд хандаж багтрааны цацлага яаралтай авч ирэхийг хүсжээ.

Түүний хэлсний дагуу ажилтнууд эмэгтэйн биеийн байдлыг үзэж байх зуур Billie Eilish үзэгчдэдээ хандаж “Зүгээр дээ... Түүнд жаахан хугацаа өгчих. Та бүхэн амьсгалыг нь чөлөөлж, битгий их бөөгнөрөөрэй" гэжээ.

Амьсгал нь боогдсон залуу эмэгтэйн бие хэсэг хугацааны дараа хэвийн болж, тоглолтоо үргэлжлүүлэн үзсэн байна.

Эх сурвалж: CNN

#Дуу хөгжим #Оддын тухай #Billie Eilish