Жилд 50 ном уншдаг 15 настай Н.Соёлмаа: Хуримтлуулсан мөнгөөрөө дуртай номоо авдаг


О.Хандмаа | YOLO.MN
2022-02-01

Унших дадлыг бий болгосноор жилд 35-50 ном уншдаг 15 настай Н.Соёлмааг уншигч та бүхэнд танилцуулъя. Тэрээр 11-р сургуулийн аравдугаар ангийн сурагч юм. Үлгэрээс эхэлсэн түүний унших дадал одоо дэлхийн бэстселлер, хувь хүний хөгжил болоод уран зохиолын номыг шимтэн уншихад хүргэжээ.

Ирээдүйд гэрийнхээ нэг өрөөг номын сан болгох хүсэлтэй тэрээр одоо 300 гаруй номтой болоод буй. Сурагч учраас хүссэн номоо дуртай цагтаа авч чадахгүй ч олдсон мөнгөө хуримтлуулж, тухайн сардаа унших шинэ номоо худалдаж авдаг байна.

Ном унших дадалтай болсноор өөрийгөө хэрхэн шинээр олж харж, ирээдүйд итгэлтэй тэмүүлэх болсон талаар түүний бяцхан ертөнцөд саатан ярилцсаныг хүргэж байна.

YOLOХамгийн анх номтой нөхөрлөхөд нөлөөлсөн хүн бий юу?
- Миний найман насны төрсөн өдрөөр аав, ээж хоёр надад “Гүнжийн 50 үлгэрүүд” гэдэг ном бэлэглэсэн. Үүнийг унших үедээ ном гэгч ямар гайхамшигтай ач тустайг ойлгож, дахиад олон ном уншмаар санагдсан. Ном тогтмол уншиж эхэлснээсээ хойш тэмдэглэл хийж, 5-р ангидаа яруу найрагч, зохиолч Д.Нацагдоржийн "Номын сайн нөхөр" медалийн эзэн болсон. Энэ нь надад урам болж, одоогийн намайг бүтээх том шалтгаан болсон.

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСНӨӨР ТУХАЙН НОМООСОО НЭГ Ч БОЛТУГАЙ ЗҮЙЛИЙГ ТАРХИНДАА ИЛҮҮ САЙН ХАДГАЛЖ ҮЛДДЭГ

YOLO2020 онд 28, 2021 онд 35 ном уншсан гэсэн. Номыг ямар шалгуураар сонгож, унших орчноо хэрхэн бүрдүүлдэг вэ?
- Би энэ жил 50 ном унших зорилго тавьсан. Ихэвчлэн чимээгүй, өөртөө тухтай санагдсан орчинд унших дуртай. Гэхдээ би хаана ч явсан үргэлж номоо авч явдаг учраас хүн хүлээх эсвэл ном унших боломжтой тухтай газар олдвол номоо бариад суучихдаг. Заримдаа халуун уух юмаа бэлдээд, тухтай газар суугаад, чимээгүй нам гүм орчинд номоо унших жаргал шүү /инээв/. Би өөрийнхөө сонирхолд тулгуурлан, өөртөө таалагдсан номоо уншдаг. Хааяа хүмүүсийн санал болгосон, олон хүний сайшаалд нийцсэн ном унших дуртай.

YOLOНомын тэмдэглэл хөтлөх болсон талаараа яривал?
- Тэмдэглэл хөтөлснөөр тухайн номоосоо нэг ч болтугай зүйлийг тархиндаа илүү сайн хадгалж үлддэг. Дараа нь уншсан номоо сэргээж санамаар байвал номын тэмдэглэлээ хардаг. Ингэх нь яг л номоо дахиад уншчихсан юм шиг сайхан мэдрэмж төрүүлдэг. Номын тэмдэглэл хөтлөх уралдаанд ороод түрүүлж байсан удаатай. Унших тусам урамшаад улам ихийг суралцахыг хүсдэг.

Уншсан номоосоо ойлгосон зүйл, таалагдсан дүр, эшлэл гэх мэт зүйлсээ номын тэмдэглэлдээ буулгадаг.

Багшийнхаа хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн "Оролцъё Хөгжье" төслийн хүрээнд өнгөрсөн зун бага насны 50 гаруй хүүхдэд “Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ” сэдэвтэй сургалт орсон.

Дүү нар маань багаасаа номд шимтвэл аливааг харах үзэл бодол нь өөрчлөгдөж, огт уншдаггүй хүүхдээс хэд дахин илүү сэтгэж суралцаж чадна гэдгийг ойлгуулахыг хүссэн. Эцэг эхчүүд ч хүүхдээ багаас нь номтой нөхөрлөх гүүр нь болбол ирээдүйд нь хийж буй том хөрөнгө оруулалт болох юм.

YOLOЦахим хэрэглээ их болсон энэ цаг үед ном уншихдаа хэрхэн цаг гаргадаг вэ. Энэ дадлыг өөртөө бий болгоход ямар хүчин чармайлт гаргасан бол?
- Би цахим хэрэглээнд зарцуулах цагтаа ном уншдаг. Ер нь аливаа зүйлийн тунг нь тааруулж тэнцвэртэй байлгах нь чухал. Гэнэт санахаараа бус өдөр бүр тогтмол унших нь хүнд дадал болж хэвшихэд тустай. Тиймээс би өдөр бүр багадаа 50 хуудас ном унших зорилт тавьдаг.

Өдөр бүр цагаа төлөвлөж, сул чөлөөтэй цагаа ном уншихад зарцуулснаар энэ дадлыг бий болгосон. Би дүү нартаа нөлөөлж, багаасаа ном унших дадлыг хэвшүүлэхийг уриалахыг хүсдэг. Яг л надад гарсан өөрчлөлт, мэдрэмжийг бусдад ч мөн мэдрүүлмээр санагддаг. Мөн боловсролын байгууллагууд хүүхдүүдийг номд дуртай болгоход туслах төсөл, хөтөлбөр, уриалга эхлүүлж, ирээдүйн эх орны эздийн төлөвшилд илүү их анхаарал хандуулаасай гэж бодож байна. Яг ийм ажлыг зохион байгуулбал би чадах зүйлээрээ сайн дураараа туслахыг хүсдэг.

ӨӨРИЙНХӨӨ ХҮСЭЛ СОНИРХЛООР НОМ УНШДАГ УЧРААС ААВ ЭЭЖДЭЭ САНХҮҮГИЙН ЖИЖИГХЭН Ч ГЭСЭН ДАРАМТ БОЛОХЫГ ХҮСДЭГГҮЙ

YOLOГэрийнх нь номын санд ойролцоогоор хэдэн ном байдаг вэ. Дандаа цаасан ном уншдаг уу?
- Миний номын санд одоогоор 300 гаруй ном бий. Надаас хүмүүс номоосоо зарах уу гэж асуудаг. Би ирээдүйд гэрийнхээ нэг өрөөг бүхэлдээ номын сан болгохыг хүсдэг. Тиймээс уншсан, дуртай номуудаа өөрийнхөө жижигхэн номын сандаа хадгалж байгаа.

Цахимаас англи хэлээр бичсэн номыг сонгож уншдаг. Цаасан болон цахим номыг хослуулан унших дуртай. 

YOLOСурагч учраас байнга хүссэн номоо худалдаж авах боломжгүй байдаг байх. Ер нь сонирхож уншихыг хүссэн номоо яаж худалдаж авдаг вэ. Ном авах гэж мөнгө хадгалдаг уу?
- Ном унших бол миний хобби. Өөрийнхөө хүсэл сонирхлоор ном уншдаг учраас аав ээждээ санхүүгийн жижигхэн ч гэсэн дарамт болохыг хүсдэггүй. Тиймээс хуримтлуулсан мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахын оронд оюундаа хөрөнгө оруулж өөртөө хүссэн номоо авдаг. Сар бүр тухайн сард унших номын жагсаалтаа гаргаж мөнгийг бага гэлтгүй цуглуулдаг. Энэ зуршил нь надад мөнгөний үнэ цэнийг ч мөн ойлгоход тусалдаг. Хичээн бий болгосон багахан төсвөө дуртай зүйлдээ зарцуулахад үнэхээр бахархалтай, сэтгэл дүүрэн санагддаг.

Гэхдээ гэр бүлийнхэн маань миний сонирхлыг дэмжиж, уншихыг хүссэн номыг минь үргэлж авч өгдөг. Хүмүүсээс ном бэлгэнд авах үнэхээр гоё. Өгч байгаа, авч байгаа аль аль хүндээ үнэ цэнтэй шүү дээ.

Ном уншсанаар гарах эхний жижигхэн өөрчлөлтүүд гэвэл хүүхдүүд цээж бичиг хийхэд алддаггүй, мөн бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж, ярианы баялаг, үгсийн сан сайжирдаг төдийгүй олон талын мэдлэгтэй болдог.

ГАНЦ ӨДӨР 50 ХУУДАС УНШИЖ ӨӨРИЙГӨӨ ЗАЛХААХЫН ОРОНД ӨДӨР БҮР 10 ХУУДАС УНШИЖ ХЭВШЭЭРЭЙ. ТЭГВЭЛ ТА ЖИЛД 15 НОМ УНШСАН БАЙХ БОЛНО

YOLOЧиний амьдралд, сэтгэхүйд хамгийн их нөлөө үзүүлсэн ном юу вэ. Агуулгаас нь товчхон тайлбарлавал?
- Уншсан ном бүрээсээ олон зүйлийг ухаарч ойлгодог болохоор бүх ном үнэ цэнтэй. Гэхдээ амьдралд минь их том нөлөө үзүүлсэн өөрчилсөн ном гэвэл "Мөрөөдөх Эрх". Энэ номыг уншаад хийцгүй өнгөрүүлдэг цаг хугацаа ямар нандин болохыг, хорвоо ертөнцөд хүн бүр ирэхдээ ямар нэгэн өөрсдийн зорилго, хийж бүтээх зүйлтэй ирдэг, амьдрал бол аз жаргал адал явдлаар дүүрэн аялал гэдгийг ухаарсан. Тэр аяллын гол дүр нь та өөрөө юм шүү дээ. Тиймээс зогсолтгүй урагшлах нь амжилтын эхлэл. "Та ямар зорилготой амьдарч байгаа юм бол?" энэ асуултын хариултыг тус номыг уншаад олсон.

Уран зохиолын номуудаас хамгийн том нөлөө үзүүлсэн нь "Амьдрахуй" ном. Мөн л амьдралын мөн чанар, хүн хүний харах өнцөг, хийсэн зүйлийн үр дагавар чухамдаа ямар аймшигтай ч бас үнэн байдаг юм бэ гэсэн гүн бодлыг надад төрүүлсэн. 

YOLOЧамайг зөндөө их ном уншдаг гээд “номын хэнээтэй” гэх ч юм уу сөргөөр хэлж байсан хүн байдаг уу?
- Тийм сөрөг өнцгөөр хардаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүс намайг ном уншсанаар яаж өөрчлөгдсөн, ном миний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар юуг ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ бол хүн бүрийн өөр өөр үзэл бодол л гэж боддог. Тэр хүн намайг номын хэнээт гэж хэллээ гээд надад хохироод байх зүйл байхгүй. 

YOLOИрээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
- Ирээдүйд хөтлөгч, нэвтрүүлэгч болохыг хүсдэг. Айл бүрийн цэнхэр дэлгэцээр гарч, бусдад үлгэрлэхүйц биеэ зөв авч явдаг, нийгэмд эрч хүч эерэг энерги түгээх мундаг мэргэжилтэн болно гэж боддог. 

YOLOНом унших дадалтай болохыг хичээж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
- Хамгийн чухал нь тууштай байгаарай. Гэнэт нэг өдөр олон хуудас биш тодорхой хэмжээний зорилго тавиад өдөр бүр тогтмол бага багаар уншихыг зөвлөмөөр байна. Ганц өдөр 50 хуудас уншиж өөрийгөө залхаахын оронд өдөр бүр 10 хуудас уншиж хэвшээрэй. Тэгвэл та жилд 15 ном уншсан байх болно. Хэрэггүй зүйлд зориулж байгаа цагаа өөртөө зориулж ном уншицгаая гэж уриалмаар байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.
- Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

#Боловсрол #Ном #Дадал #Ярилцлага