Энэ онд видео тоглоом сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй 11 тоглоом


Хасбаатар | YOLO.MN
2022-01-19

Тоглоом сонирхогчдын хувьд энэ жил тун аятайхан өнгөрөх бололтой. 2021 онд нээлтээ хийх байсан ч цар тахлын улмаас хойшилсон олон тоглоомууд энэ онд чи бидний гар дээр ирэх нь. Кино сонирхогчдын хувьд ч сонирхлоо тэлж, шинэ хобби эхлүүлэх сайхан боломж. Учир нь James Cameron-ий “Avatar”, хоёр ч удаа өргөн дэлгэцнээ залраад буй “Suicide Squad”, бидний сайн мэдэх “Lord of the Rings” киноны Gollum гээд аль хэдийнэ танил болсон дүр төрх, нэрс энэ жагсаалтад цухас харагдсаныг дурдах нь зүйтэй. Ингээд жагсаалттай танилцацгаая.


Rainbow Six: Extraction

Нээлтээ хийх хугацаа: Нэгдүгээр сарын 20,

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One, Stadia, PC

Тайлбар: Тоглоомын гар барьж сурсан цагаас минь л хамт байсан “Splinter Cell” тоглоомыг маань амжилттай “дуусгасан” гэж зарлаад буй Ubisoft компани хамгийн хөгшин биш юм гэхэд, лав л надаас хөгшин энэ төслөө үргэлжлүүлэн, албан ёсны тоогоор 15 дахь Rainbow Six тоглоомоо удахгүй худалдаанд гаргах гэж байна.


Pokemon Legends: Arceus

Нээлтээ хийх хугацаа: Нэгдүгээр сарын 28

Платформ: Nintendo Change

Тайлбар: Хангалттай их эх материалтай хэрнээ Pokemon-той холбоотой тоглоомууд нэг л болж өгдөггүй тал бий. Хэтэрхий олон жил нэг хэв маягтайгаа зууралдсан болохоор тэр биз. Энэ удаад тэд өөрчлөлт хийж “Breath of the Wild”, “Monster Hunter” зэрэг хит тоглоомуудын нэгэн адил нээлттэй ертөнцтэй болох байх гэсэн хүлээлттэй байна.


Dying Light 2: Stay Human

Нээлтээ хийх хугацаа: Хоёрдугаар сарын 4

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One, PC

Тайлбар: Паркур, Зомби гэх хоёр тэс өөр жанрыг эвлэгхэн нийлүүлж хийсэн уг тоглоомын бичлэг олон нийтийн сүлжээнд трэнд болж байсан нь саяхан мэт санагдана. Харин энэ удаад тоглоом хөгжүүлэгчид тоглоомын зохиолд түлхүү анхаарсан ба чиний ямар шийдвэр гаргахаас шалтгаалж тоглоомын түүх өрнөнө гэжээ.


Gran Turismo 7

Нээлтээ хийх хугацаа: Гуравдугаар сарын 4

Платформ: PlayStation 5

Тайлбар: Магад хэзээ ч хуучрахгүй тоглоомын төрөл бол машины уралдаан. Тусгай хэрэгсэл, технологийн хөгжлийн ачаар бодит ертөнцөд байгаа мэт, түүнээс ч илүү мэдрэмжийг мэдрэх боломжтой болжээ.


Avatar: Frontiers of Pandora

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X | S болон PC

Тайлбар: Чин үнэнийг хэлэхэд Avatar гэдэг нэртэй холбогдсон төслүүд хэзээ ч товлосон цагтаа нээлтээ хийдэггүй. Киноных нь дараагийн ангийг л гэхэд James Cameron нийтдээ 8 удаа хойшлуулсан байдаг. Хэрэв энэ тоглоом товын дагуу энэ ондоо багтан нээлтээ хийвэл бид хачирхалтай тогтоц, түүнээс дутахааргүй хачирхалтай амьтдаар дүүрэн Пандора гарагаар чөлөөтэй аялж, Na’vi ард түмний ёс заншилтай илүү сайн танилцах нь.


Dune: Spice Wars

Платформ: PC

Тайлбар: "Dune" киноны амжилттай нээлтийн дараа уг тоглоомын хүлээлт улам нэмэгдсэн. Стратеги төрлийн эл тоглоомд тоглогч Arrakis гарагийг удирдах ёстой ба ямар ч үнээр хамаагүй гарагийг бүхэлд нь эзлэх нь чиний гол зорилго.


God of War: Ragnarok

Платформ: PlayStation 4, PlayStation 5

Тайлбар: 2018 онд эхэлсэн хагас бурхан Кратосын аялал цааш үргэлжлэх нь. Нэрнээс нь харахад л энэ удаад тэр Норвегийн домгийн бурхадтай хүч үзэх нь илт.


Gotham Knights

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One болон PC

Тайлбар: Batman хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Готам хотыг аюулаас аварч, супер хорон санаатнуудаас аврах үүрэг Robin, Nightwing, Batgirl, Red Hood нарт үлдлээ. “Готамын хүлэг баатрууд” хоёр болон түүнээс дээш тоглогчид хамтран тоглох боломжтойгоор гарна гэсэн албан бус мэдээлэл ч байна.


Hogwarts Legacy

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One болон PC

Тайлбар: Том нэр, том үүрэг хариуцлага. "Harry Potter"-ийн шидэт ертөнцөд өрнөх үй олон тоглоом байдаг ч тэдний дундаас төдийлөн сэтгэлд хүрсэн нь тун ховор. Ихэнх нь тун хязгаарлагдмал маягаар хийгддэг бол энэ тоглоом нээлттэй ертөнцөд хүн бүр өөрийн дүрээ өргөн сонголтоос сонгон бүтээж тоглох боломжтой болох юм.


Lord of the Rings: Gollum

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One, Nintendo Change болон PC

Тайлбар: Энэ жил яах аргагүй “бөгжний эзэн”-ий жил. Amazon компанийн маш нүсэр төсөв бүхий дэлгэцийн цувралын зэрэгцээ "Hobbit", "Lord of the Rings" гурамсан кинонд өгүүлэгдсэн түүхүүдийг Gollum-ийн өнцгөөс толилуулах тоглоом энэ жилдээ багтан борлуулагдаж эхэлнэ.


Marvel’s Midnight Suns

Платформ: PlayStation 5, Xbox Sequence X|S, PlayStation 4, Xbox One, Nintendo Change болон PC

Тайлбар: Марвелийн видео тоглоомуудаас юу хүлээхээ ч мэдэхээ болилоо. “Spider-man” цуврал тоглоом шиг сайн бүтээлүүд байхад “Marvel’s Avengers” мэтийн “арай ч дээ” гэж хэлмээр тоглоомууд бас байна. Тиймээс тийм ийм гэхгүйгээр бэта тоглогчдын санал сэтгэгдлийг л хүлээж дээ.

#Технологи #Видео тоглоом