ЗАХИДАЛ: Надад сайн ч юм шиг, эсвэл намайг зүгээр л ашиглаад байгаа ч юм шиг


ССҮТөв | YOLO.MN
2022-01-13

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Надад сайн ч юм шиг, эсвэл намайг зүгээр л ашиглаад ч байгаа юм шиг.

Сайн байна уу? Би 18 настай их сургуулийн оюутан. Арваннэгдүгээр сарын сүүлээр надад манай ангийн нэг банди ихээр таалагдах болсон. Би их бардам хүн л дээ. Тэгээд зориг гаргаж ФБ рүү нь хүсэлт явуулсан юм. Чатаар гайгүй харьцдаг болсон. Гэхдээ би л чат эхлүүлдэг. Надад сайн ч юм шиг, эсвэл намайг зүгээр л ашиглаад ч байгаа юм шиг. Энэ асуудлаас болоод олигтой ч унтаж чадахгүй юм.

ЗӨВЛӨГӨӨ: Танилцаад, бие биенээ мэдээд удаагүй бол яарах хэрэг байгаа болов уу? 

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа илгээх бол илүү дэлгэрэнгүй бичиж байхыг хичээгээрэй. Танилцаад, бие биенээ мэдээд удаагүй бол яарах хэрэг байгаа болов уу? Хэт эрт дүгнэлт гаргах нь бодит байдалтай хэр нийцэх вэ? Мөн харилцаа зөвхөн мессежээр тодорхойлогдох уу? Асуултад хариулаарай.

Хэн нэгэн өөрт чинь таалагдсан бол үргэлж аз жаргалтай, сайхан мэдрэмжтэй байна гэсэн үг биш гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өөрийн сэтгэлийг илэрхийлэх сонголт өөрт чинь байгаатай адил татгалзах сонголт хийх эрх түүнд ч бий гэдгийг ойлгоорой. Дүгнэлт хийх гэж яаралгүйгээр харилцаагаа нэмэгдүүлэх тал дээр анхаараарай.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Дандаа л хуучин сургууль, ангийнхнаа дурсаж, хааяа бүр нулимс дуслуулдаг.

Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Энэ жил эцэг эхийнхээ шахалтаар өндөр төлбөртэй хувийн сургуульд орсон. Олон найз нөхөдтэй ч болсон. Хэрвээ энэ сургуулийг төгсвөл надад гадаадад суралцахаас эхлээд олон боломж гарч ирнэ гэдгийг маш сайн мэдэж байна. Гэхдээ би энд өмнөхөөсөө аз жаргалгүй, сэтгэл дундуур мэдрэмжийг байнга авдаг болсон. Сэтгэл гутралд орсон байж ч магадгүй.

Дандаа л хуучин сургууль, ангийнхнаа дурсаж, хааяа бүр нулимс дуслуулдаг. Яг л өнгөрсөндөө үлдчихсэн юм шиг. Ирээдүйгээ бодоод ганц хоёр жил шинэ сургуульдаа тэсэх ёстой ч юм шиг, аль эсвэл зүгээр л аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд өмнөх сургууль руугаа буцах ёстой ч юм шиг. Яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ орчинд дасан зохицоход одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хүн янз бүрийн шалтгаанаар сэтгэл санаа хямрах, таагүй байх нь бий. Хуучин сургуулийн чинь найзууд, ангийнхандаа дассан болохыг ойлголоо. Шинэ орчин, шинэ сургуульдаа хараахан дасаж амжаагүй юм шиг санагдлаа. Чиний хувьд шинэ сургуульдаа дасахад чинь юу саад болж байгаа юм шиг санагдаж байна вэ?

Ангийнхан чинь таалагдаж байгаа юу? Хоорондоо хэрхэн харилцдаг вэ? Сургуулийн орчин нь ямар вэ? Сургууль нь хэр их үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? Чамайг дасахад саад болж байгаа зүйл нь гаднын хүчин зүйлээс шалтгаалж байгаа болов уу? Эсвэл чи өөрөө дасан зохицохыг хүсэхгүй байгаатай холбоотой юу?

Хүн бүр ямар нэгэн шинэ орчин орсон үедээ стрессийг мэдэрдэг бөгөөд шинэ орчиндоо дасан зохицоход тодорхой хугацаа шаардагддаг. Харин дасан зохицохын тулд хамгийн түрүүнд хийх үйлдэл нь яг одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх байдаг. Чиний хувьд өмнөх сургуулийн найзууд, ангийнхан нь маш чухал хэдий ч яг одоо хамт суралцаж байгаа ангийнхантайгаа цагийг өнгөрөөж, сургуулиас зохион байгуулдаг үйл ажиллагаануудад хамрагдаасай гэж хүсэж байна. Энэ нь шинэ орчинд дасан зохицоход туслах боломжтой юм шүү. Мөн хуучин сургуулийнхан нь чиний хувьд чухал бол тэдэнтэй харилцаа холбоотой байж, уулзаж болохгүй гэж үү? Чи юу гэж бодож байна вэ?

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би нэлээн анхаарлын төвд байх дуртай хүн бололтой.

Сайн байна уу? Өдгөө 15 хүрэх гэж байгаа миний бие та бүхэнд хандан захидал бичиж байна. Би өөрийнхөө сэтгэл зүрхийг чагнаж, юу бодож байгаагаа их ажигладаг нэгэн. Үүгээрээ их бахархдаг ч заримдаа энэ нь миний сул тал болдог юм шиг.

Өмнө жил каринтилахаас өмнө хичээл нэг хэсэг орсон доо. Тэр үед би үнэхээр аз жаргалтай байсан. Учир нь би хичээлдээ маш сайн оролцдог, ёстой нэг ам хуурайгүй л гэдэг шиг хүүхэд байлаа. Багш нартай ч дотно. Заримдаа бүр мэтгэлцэж гарна гээч. Анги дээрээ биеэ барихгүй үнэхээр сайхан байсан. Гэтэл энэ жил нэг л өөр. Үг дуугүй, гунигтай, идэвхгүй, ноомой нэгэн болсон. Би нийгмийн дийлэнх хүмүүс солигдсоноос болов уу гэж бодсон.

Энэ жил олон багш солигдож шинэ хүүхдүүд их ирсэн л дээ. Би нэлээн анхаарлын төвд байх дуртай хүн бололтой. Гэхдээ энэ асуудал нь ялихгүй сонсогдож байж болох ч миний хувьд маш том асуудал. Үүнээсээ болж хичээлдээ муудаж, биеэ бариад, хүүхдүүдтэй олигтой харилцаж чадахгүйн улмаас нийгмээс шахагдаад байгаа юм шиг. Ангийнхаа багштай ч муу харьцаатай, найзууддаа ч муухай хандаад би яг яачхаад байгаа юм бол оо?

Зүгээр суугаад юу ч хийхгүй байхаар тэнэг бодлууд толгойд эргэлдээд тэр бодлууд нь намайг идээд байгаа юм шиг. Бүх юм надаас л болоод байх шиг хүмүүсийг өөрөөсөө түлхээд байна. Үүгээр ч тогтохгүй би гэр бүлдээ сэтгэлээ нээж чаддаггүй. Ахтайгаа бол бүр ярилтгүй хөндий. Гэрт нь очиход ч эвгүйцээд мөнгө гуйж ч чаддаггүй, бэр эгчтэй ярьж ч чаддаггүй. Би яг яачхаад байгаа юм бол оо? Өөрийгөө үзэн ядаж байна. Юу ч хийсэн өөрийгөө дандаа буруу ойлгуулах юм. Сүүлдээ найзуудтайгаа ойлголцохоо болиод найзгүй болж байх шиг байна дөө. Зүгээр тэр чигтээ loser санагдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Бусад хүмүүсээс анхаарал халамж хүсээд байгаа юм болов уу?

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрөө өөрийгөө ажиглаж, бодол, мэдрэмждээ анхаарч байгаа чинь сайн байна. Захидлаас уншихад, өөрийгөө бусадтай харилцах харилцаандаа сэтгэл ханамжтай байж, өөрийгөө өмнөх шигээ чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна гэж ойлголоо, зөв үү?

Захидалд өмнө нь хичээлдээ сайн оролцдог, биеэ барихгүй сайхан байдаг байсан гэж бичжээ. Тэгвэл энэ байдал чиний хувьд хэзээнээс өөрчлөгдөж эхэлсэн юм шиг санагдаж байна вэ? Тэр үед яг юу болсон бэ? Чамайг өөрийгөө илэрхийлэхэд чинь яг ямар мэдрэмж саад болж байна вэ?

Захидлаас уншихад, эргэн тойрны хүмүүс нь солигдож, шинэ хүмүүс чиний амьдралд орж ирсэн байдал нь чиний өөрөө өөрийгөө илэрхийлэх, бусадтай чөлөөтэй харилцах байдалд чинь нөлөөлсөн гэж ойлголоо, зөв үү? Тэгвэл энэ нь чиний амьдралд орж ирсэн шинэ хүмүүс чамд ямар бодол мөн мэдрэмж төрүүлсэн бэ?

Мөн өөрийгөө анхаарлын төвд байх дуртай гэж тодорхойлжээ. Юу чамд ийм бодол төрүүлсэн бэ? Анхаарлын төвд байна гэдэг нь ямар байхыг хэлэх вэ? Ямар үед чи өөрийгөө анхаарлын төвд байгаагаар мэдэрдэг вэ? Чи сүүлийн үед өөрийгөө хэр зэрэг анхаарлын төвд байна гэж бодож байна вэ? Өмнө жил өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг байхдаа хэр зэрэг анхаарлын төвд байсан гэж бодож байна вэ? Анхаарлын төвд байх нь бусадтай чөлөөтэй харилцаж өөрийгөө илэрхийлэхтэй хэрхэн холбогдох вэ? Эсвэл чи бусад хүмүүсээс анхаарал халамж хүсээд байгаа юм болов уу? Чиний бодлоор анхаарлын төвд байх болон анхаарал халамж хүсэх хоёр хоорондоо ялгаатай юу? Чи юу гэж бодож байна вэ? Чи бусдаас анхаарал халамж хүссэн байх боломжтой юу? Бусад хүмүүс чамд хэрхэн хандвал чамд өөрийгөө илэрхийлэхэд илүү чөлөөтэй байх юм шиг санагдаж байна вэ? Эдгээр асуултуудад нь чамд тулгараад байгаа асуудлыг тодорхой болгоход туслах учир асуулт тус бүрт хариулаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Хүмүүсийн шаардлага, төгс бие галбиртай, туранхай байх ёстой гэсэн нийгмийн хэрэгцээнд өөрийн мэдэлгүй бусдад харьцуулагдана. 

Сайн байна уу? Би 19 хүрнэ, эмэгтэй. Биеийн жиндээ санаа зовдог. Хэзээ ч илүүдэл жинтэй болж байгаагүй ч ер нь өндөр, яс томтой хүмүүсийг илүүдэл жин маш бүдүүн том харагдуулдаг. Яг биеийн жингийн индексээ бодохоор байж болох хэвийн жингийнхээ хамгийн дээд түвшинд байсан. Харин сүүлийн нэг жил хичээж их дэглэм барьсны эцэст 8, 9 кг хасаж чадсан.

Гэтэл ковид хүндхэн туссанаасаа болж толгой байнгын өвдөж, хоёр гурван сар гэртээ байснаас болж ахиад 4, 5 кг таргалсан. Хар дарсан зүүд шиг л байна. Заримдаа орой юм идэх юм уу, чихэр идэхээрээ хэд хоног огт юу ч идмээргүй мэт гэм буруутай санагдаж уйлмаар байдаг. Одоо таргалсандаа санаа зовж байгаадаа болоод сэтгэл санаагаар дээшлүүлэх гээд утас оролдож, бичлэг кино үздэг. Хичээл хийж ч чадахаа болилоо. Анхаарал төвлөрөхгүй, төвлөрсөн ч хичээл хийгээд ядрахаар өлсөөд юм идээд дахиад санаагаа унаж таргална.

Уг нь өөрийн хүссэн жиндээ байхдаа ямар ч зүйлд ингэж залхуурч урам хугарсан байдаггүй. Хоол зүйчээс зөвлөгөө авч клубт явъя гэхээр санхүүгийн хувьд хүндэвтэр. Мөн сэтгэл зүйч дээр биечлэн уулзах боломжгүй. Огт дасгалгүй хэт их дэглэм барьж турснаасаа болоод одоо өвдөөд идсэн чинь хоолны дуршил маш их ихсэж, бүр бага идэхгүй бол барагтайд турахааргүй биетэй болсон. Таргалж байгаадаа болоод хэдэн цаг уйлмаар байдаг.

Ядаж миний царай огтхон ч олигтой биш. Таргалахаар зарим цөөн хүмүүс шиг биш, цээж хавтгай бөгсгүй бүдүүн гэдэстэй болж таргалдаг. Миний үеийнхэн бүгд маш туранхай, би ганцаараа хамгийн доор нь мэт санагддаг. Өөрийгөө тэгж бодохгүй байсан ч хүмүүсийн шаардлага, төгс байх ёстой гэсэн нийгмийн хэрэгцээнд өөрийн мэдэлгүй бусдад харьцуулагдана. Яах нь дээр үү? Урт юм бичсэн бол уучлаарай.

ЗӨВЛӨГӨӨ: Биеийн галбир, гадаад төрх зэрэг байдлаа хэрхэн үнэлэх нь бусад хүмүүсийн үнэлэмжээс илүүтэй өөрийн үнэлэмжтэй түлхүү хамааралтай байдаг.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чи өөрийн бодол мэдрэмжээс илүүтэй бусдын бодол мэдрэмжид түлхүү анхаардаг юм шиг санагдлаа. Чи энэ талаар юу гэж бодож байна вэ? Захидалд хэзээ ч илүүдэл жинтэй болж байгаагүй гэж бичжээ. Энэ нь чи өөрийгөө илүүдэл жинтэй гэж боддоггүй гэсэн үг үү? Чи өөрийгөө илүүдэл жинтэй гэж боддоггүй боловч өөрийнхөө жинд санаа зовоход бусад хүмүүсийн хэрэгцээ, шаардлага чамд нөлөөлсөн гэж ойлголоо, зөв үү? Хэрвээ чи таргалчихвал яах вэ? Таргалчихвал юу болно гэдгээс санаа зовж байна вэ? Үүнтэй холбоотой чамд ямар нэгэн зүйл тохиолдож байсан болов уу? Бусад хүмүүс чамд хэрхэн хандана гэж чи бодож байна вэ? Бусад хүмүүсийн хандлага, бодол мэдрэмжээс хамаарч чи өөртөө хандах хандлага чинь өөрчлөгдөж байх боломжтой юу? Чи юу гэж бодож байна вэ? Бусад хүмүүс чиний биеийн онцлогийн талаар ямар нэгэн таагүй зүйл хэлж байсан болов уу? Чи бусдын бодол, мэдрэмжийг өөрийнхөөрөө таамаглаж байх боломжтой юу?

Хүн бүр ялгаатай биеийн онцлогтой байдаг. Энэ талаар чи мэдэх байх. Биеийн галбир, гадаад төрх зэрэг байдлаа хэрхэн үнэлэх нь бусад хүмүүсийн үнэлэмжээс илүүтэй өөрийн үнэлэмжтэй түлхүү хамааралтай байдаг. Чи өөрийгөө таагүй байдлаар харвал бусад хүмүүст таагүй санагдаж байгаа юм шиг мэдрэмж төрөх боломжтой. Тэгвэл чи өөрөө өөрийгөө яг ямар байдлаар харж байна вэ?

Бусад хүмүүсийн бодол мэдрэмж, хандлагыг оролцуулахгүйгээр цэвэр өөрөө өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө гадаад төрхийг тодорхойлоорой. Чиний бие яг ямар харагдаж байна вэ? Чи өөрийнхөө биеийн хэсгүүдээс чамд таалагдах болон таалагдахгүй байгаа хэсгээ хүлээн зөвшөөрч байгаа юу? Чи өөрийнхөө биеийг байгаагаар нь хүлээн авч чадаж байна уу? Чи өөрөө өөрийнхөө биеийн жиндээ хэр зэрэг сэтгэл ханамжтай байна вэ?

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter