МЕТАВЕРС: Арван жилийн дараа хүн бүр нүдний шил зүүдэг болно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-01-06

Зөвхөн Шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос хардаг таамгууд биеллээ олж, ирээдүйд гэдэг байсан технологиуд өнөөдөр хэрэглэгдэж эхэлсний нэг жишээ нь метаверс билээ.

"Meta" тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч компаниуд төдийгүй Монголын технологийн байгууллагуудын яриад, хэрэглээд эхэлсэн метаверс хэмээх технологийн талаарх мэдээллийг хүргэе.

Метаверс гэж юу вэ?

"Second Life" виртуал ертөнцийн платформ

Метаверс гэдэг нь 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээ юм. 3D виртуал ертөнц гэж компьютероор бүтээсэн дуураймал орчныг тодорхойлдог.

Метаверсэд хандах аргыг AR болон VR төхөөрөмжийн тусламжтайгаар хөнгөвчилсөн.

AR гэдэг нь Augmented reality буюу бодит ертөнцийн үзэгдэл, орчин дээр компьютерын аргаар хийсвэр үзэгдэл, мэдээллийг нэмж харагдуулсан технологи.

VR гэдэг нь Virtual reality буюу бодит ертөнцөөс маш өөр хийсвэр, дуураймал орчныг харагдуулдаг технологи юм.

"Meta" компанийн хөгжүүлж буй Oculus VR төхөөрөмж

Метаверс хэмээх нэршлийг анх 1992 онд хэвлэгдсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Snow Crash” зохиолд хэрэглэсэн.

Гэхдээ тус зохиолд “meta” буюу “өргөн хүрээтэй, илүү давсан” хэмээх утгатай үгийг “universe” буюу ертөнц гэх үгтэй хольж шинэ үгээр ашигласан байна.

Өдгөө Second Life, Decentraland зэрэг тоглоом, нийгмийн харилцаанд зориулсан виртуал ертөнцүүдийг илүү өргөжүүлэн метаверс хэмээн хөгжүүлсээр байна.

Decentraland

Метаверс нь анхандаа виртуал ертөнцийн сүлжээгээ олонд хүргэх, сурталчлах зорилгоор ашигладаг хэтрүүлэгтэй үг байсан бол өдгөө бодит хэрэглээ болжээ.

Second Life-ийг анхны метаверс хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус платформыг ашиглагчид өөрсдийн avatar-ыг бүтээж интернэтийн сүлжээнд бусадтай харилцдаг. Аватар гэдэг нь хиймэл орчинд өөрийгөө төлөөлүүлэх дүр юм.

Roblox-т концерт үзэж буй нь

Харин Minecraft, Roblox тоглоомуудыг метаверс хэмээн нэрлэх болсноос хойш Active Worlds, The Palace, Decentraland, Fortnite тоглоомууд метаверс болж байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн Facebook-ийн толгой компани Meta “Horizon Worlds” хэмээх метаверс бүтээхээр болсноо мэдэгдсэн. Компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хэлснээр метаверс бүтээхэд 10 мянган ажлын байр бий болгож 10 жилийн дотор 10 тэрбум төгрөг зарцуулах юм. Meta компани 2014 оноос Oculus хэмээх VR төхөөрөмжийг хөгжүүлэн борлуулж байгаа билээ.

The Sandbox

Монголын "Mongol NFT" компани блокчейнд суурилсан "The Sandbox" метаверсэд өөрсдийн газартай болж, түүндээ Мета UB хотыг бүтээх уралдаан зарласан.

Энэ бол метаверсэд хандах хүмүүсийн тоо маш хурдан нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт тархсаны жишээ юм. Учир нь метаверсэд найзуудтайгаа хамт тоглох, худалдан авах, бусадтай харилцах, бараагаа борлуулах гээд олон төрлийн хэрэгцээгээ хангаж байгаа нь хэрэглэгчдийг татаж байна.

"Unity" компанийн гүйцэтгэх захирал Жон Риччитиелло "10 жилийн дараа хүн бүр нүдний шил зүүдэг болно. Зүгээр ч нэг шил биш таныг метаверстэй холбох төхөөрөмж нь байх юм" гэсэн удаатай.

Microsoft, Samsung компаниуд хөрөнгө оруулаад эхэлсэн энэ салбар дэлхий даяар гар утас тархсан шиг хүн бүрийн хэрэглээ болохыг мэргэжилтнүүд хэлсээр байна.

Хэрэв метаверсийн тухай илүү ойлголттой болохыг хүсвэл 2011 онд хэвлэгдсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Ready Player One" киног үзэхийг санал болгож байна.

#Технологи #Metaverse