Харилцаандаа "эрүүл" хил хязгаар тогтооход чинь туслах зөвлөмж


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-04-14

Хүн амьдралынхаа турш өдөр бүр харилцаанд ордог. Харин ямар ч төрлийн харилцаа үүсгэсэн бай, түүндээ тодорхой хил хязгаар тогтоох нь зүйтэй. Ялангуяа болзооны тал дээр энэ бол нэн чухал ойлголт юм.

Хосын харилцаанд хил хязгаар тогтоох нь чамайг хор хөнөөл бүхий харилцаанд орохоос сэргийлэхээс гадна өөрийн хүсэж буй зүйлсээ эрүүлээр илэрхийлж сурахад чинь тусална. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа харилцаагаа эрүүл байлгахад чинь туслах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Харилцаан дахь хил хязгаар гэж юу вэ?

Хил хязгаар бол чиний харилцаандаа тогтоож буй дүрэм юм. Харилцаагаа ямар хүрээнд байлгах вэ гэдгээ шийдэж чадсан цагт чи сэтгэл санаа, бие махбод, цаг хугацаа, санхүүгийн хувьд хамгаалалттай болж чадна. Романтик харилцааны хувьд ч гэсэн хязгаар тогтоосноор харилцаанд орж буй хүн тус бүр аюулгүй, хүндэтгэлтэй, сэтгэл хангалуун байх боломжтой.

Харилцаанд тохиолддог нийтлэг хязгаараас дурдвал:

- Би өөрийн байршлаа чамд хэлэхэд зүгээр ч нууц үгээ хэлэхийг хүсэхгүй байна.

- Боломжтой үедээ чам руу зурвас илгээхэд таатай санагддаг ч ажлын цагаар, хичээлийн дундуур бичиж чадахгүй.

- Чамтай цагийг өнгөрөөх дуртай ч ажлаа тараад цагийг өөртөө зарцуулахыг хүсэж байна.

- Инстаграм хаягаараа загвар өмсөгчдийг дагаж байгаа чинь надад таагүй санагдаж байна.

- Хүнгүй үед намайг үнсэх чинь таалагддаг ч олон нийтийн газар үнсэх нь надад эвгүй санагддаг гэх мэт.

Гэхдээ хязгаар нь хүн бүрт өөр байна гэдгийг санаарай. Хүн бүр ижил биш. Нэг хүний хэрэгцээ шаардлага өөр хэн нэгнийхээс тэс өөр байж болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.

Болзоондоо хязгаар тогтоох нь яагаад чухал вэ?

Дээр дурдсанчлан хязгаар тогтоох нь чамайг хор нөлөө бүхий харилцаанд орохоос сэргийлж чадна. Хязгаар тогтоосноор чи ямар төрлийн зан авирыг тэвчиж чадах, чадахгүй гэдгээ эсрэг хүндээ тодорхой болгож өгөх бөгөөд ингэснээр тухайн харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ эрт шийдвэрлэхэд чинь тус болно. Чи дэлхий дээрх бүх хүнтэй таарч тохирох албагүй. Чамд хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй хүнийг хогийн ургамал зулгааж байна гэж бодоод амьдралаасаа эрт явуулах нь зүрх сэтгэлээ шархлуулж хоцрохоос сэргийлэх хамгийн хялбар шийдэл юм.

Тиймээс харилцаандаа хязгаар тогтоохын тулд чи эхлээд өөрөөсөө асуу. Юу надад таатай санагддаг вэ? Би юунд дургүй вэ? Мөн таагүй төгссөн өмнөх харилцаагаа эргэн сана. Харилцааг чинь муутгасан зүйл юу байсныг тодорхойлж дүгнэлт хийснээр өөрийн хүсэж буй зүйлийг тодорхой болгоно. Яг л амттай юм идэхийг хүсээд байгаа ч юу идэхээ мэдэхгүй үе байдаг шиг тийм тодорхойгүй байж болохгүй. Эргээд хор нөлөө нь өөрт чинь л шууд утгаараа мэдрэгдэнэ гэдгийг битгий мартаарай.

Мөн болзооны эхэн үед зайлшгүй хязгаар тогтоох гурван чухал зүйл бий.

1. Харилцаа холбоо: Нэг нэгэнтэйгээ хэр их холбогдох вэ? Зурвас, дуудлага, дүрст дуудлага алинаар нь харилцах вэ? Долоо хоногт хэдэн удаа уулзах вэ?

2. Бэлгийн харьцаа: Хүн бүрийн дотно харилцаа, бэлгийн харьцааны илэрхийлэл өөр өөр түвшинтэй. Ийм учраас бэлгийн харьцааны тухайд өөрт чинь юу таатай, таагүй байхыг тодорхой болгох нь маш чухал.

3. Ирээдүйд юу болох бол: Энэ бол харилцааны чинь эцсийн зорилго юу болохыг тодорхойлох цаг юм. Онцгой нөхцөл байдал үүсвэл яах вэ, магадгүй үерхлийн харилцаагаа гэрлэлт болгох ёстой юу зэргээ шийдвэрлэх үе.

Хил хязгаарыг хэрхэн тогтоох вэ? 

Юун түрүүнд өөрийн хүлээн зөвшөөрч чадах болон чадахгүй зүйлсээ тодорхой болгосны дараа нэг жагсаалт гарга. Үүнийхээ дараа хостойгоо ярилцах нь зохистой. Хүнд хэн нэгний бодол санааг унших онцгой чадвар байхгүй. Чи өөрөө хэлэхгүй л бол хос чинь хүсэл сонирхлыг чинь тааж мэдэхгүй. Тиймээс бүх зүйлээ тодорхой болгоод ярилцсан нь илүү үр ашигтай.

Мөн гаргасан шийдвэртээ эзэн байж тогтоосон хязгаараа өөрөө хүндлэх хэрэгтэй. Харилцаа гэдэг хоёр хүний хүчин чармайлт шаардах зүйл. Өөрөө санаачилга гаргасан атлаа хэдхэн хоногийн дараа нугарч хугараад эхэлбэл нөгөө хүндээ өөрийг чинь яавал тав тухтай байлгах талаар биш харин ч чамайг хохироох аргыг зааж өгөх эрсдэл бий.

Хэрэв хэн нэгэн үүнийг үл хүндэтгэвэл...

Хэн нэгэн чиний хязгаарыг үл хүндэтгэх юм бол энэ харилцааг дуусгах цаг болжээ л гэсэн үг. Шинэ харилцаа тогтоосон эсвэл урт удаан хугацааны турш хамт байсан нэгэн байсан ч хамаагүй ямар ч тохиолдолд хүндэтгэл, хязгаар гээч зүйл байх ёстой. Мэдээж энэ бүхэн чиний хувьд хэр чухал вэ, харилцааны нөхцөл байдал чинь ямар байгаа вэ зэрэг нь харилцаагаа дуусгавар болгоход нөлөөлнө. Гэвч чамайг хүндлээгүй, ямар нэгэн байдлаар өөрийгөө харилцахад аюулгүй хүн гэдгээ илэрхийлээгүй, үнэ цэнэгүй мэт санагдсан харилцааг аль болох эрт таслан зогсоох нь зүйтэй.

Өөр хэн ч биш чи л өөрийнхөө амьдралын эзэн. Амьдралаа зөв зүгт нь залж шинэ арал нээх үү, далайн шуурганд өртөж сүйрэх үү гээд бүх л сонголт зөвхөн чиний гарт бий. Өөрийгөө хэзээ ч битгий хая, өөртөө үнэнч бай гэж зөвлөх байна.  

Эх сурвалж: Cosmopolitan

#Зөвлөгөө #Харилцаа