88 настай өвөө ач охинтойгоо хамт коллеж төгсжээ


Сондор | YOLO.MN
2021-12-28

Рене Нейра бол аливаа чин сэтгэлийн хүсэл тэмүүлэл эерэг үр дүнтэй байдгийг, ялангуяа гэр бүлийнхээ багахан дэмжлэгийг авахад хэзээ ч хөгшрөөгүй мэт байж болдгийг харуулжээ.

Өдгөө 88 настай тэрээр саяхан Сан Антонио дахь Техасын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр төгссөн бөгөөд дипломоо хамт суралцсан ач охин 23 настай Мелани Салазарын хамт гардан авсан байна.

Ач охин Меланигийн хэлж буйгаар өвөө нь идэвхтэй амьдралынхаа туршид зөвхөн гэр бүл, олон нийтийн ажилд анхаарахдаа боловсролын зорилгоо олон жил хойшлуулсан гэжээ.

"Тэр Сан Антониогийн өмнөд хэсгийн хот байгуулалт, эдийн засгийн хөгжилд маш их дуртай байсан. 1960-аад онд тэрээр иргэдийн оролцоог хангах замаар маш их кампанит ажлыг хийсэн. Тэрээр жагсаал, цуглаанд оролцож, орон нутгийн засаг захиргаатай холбоотой ажилладаг байв. Тэр цагаас хойш түүний амьдралын зорилго нь эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг авах байсан" гэж Салазар ярьжээ.

Нейра 1950-иад онд гэрлэж, гэр бүлтэй болсноос хойш түр хугацаанд боловсролдоо цаг гаргаагүй байна. Хүүхдүүд нь насанд хүрсэн хойно буюу 1980-аад онд дунд сургуульдаа буцаж орсон ба мөн 2009 онд эхнэрээ нас барсны дараа сургуульд дахин явжээ.

Нейра ахлах сургуулиа төгсөөд ач охин Салазар мөн суралцахаар төлөвлөсөн орон нутгийн сургууль болох Пало Алто коллежид асран хамгаалагчийн зэрэг хамгаалсан.

2016 онд сургуульдаа хичээллэж эхэлснээс хойш удалгүй Салазар өвөөгийнхөө зургийг твиттерт нийтэлснээр оюутан өвөө цахим ертөнцөд танигджээ. Удалгүй Нейра эрдмийн зэрэг хамгаалж, ач охинтойгоо хамт Сан Антонио дахь Техасын их сургуульд элсэн орсон юм. Сургуульд байх хугацаандаа өвөө, ач охин хоёр нэг ч удаа хамт хичээллэдэггүй байсан ч хичээлээ давтахаар хамтдаа маш их цагийг өнгөрөөжээ.

"Өвөөтэйгөө хамт сургуульд явах нь мэдээж сонирхолтой байсан. Яваандаа би үүнд дасаж, энэ нь миний хувьд ердийн зүйл болсон. Бидний хичээлийн цаг өөр өөр танхимд нэгэн зэрэг болдог ч цайны цагаараа хамтдаа хооллодог байв. Би өвөөд заримдаа хичээлээ хийхэд нь тусалдаг байсан ба ялангуяа вэб сайт руу хандах зэрэгт нь тусламж хэрэгтэй болдог байсан. Би түүнийг ихэвчлэн оюутны хотхонд хүргэж өгөөд дараа нь гэрт нь хүргэж өгдөг байсан. Түүн шиг өвөөтэйдөө маш их талархаж, бахархаж байна" хэмээн харилцааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Мелани хэлжээ.

Төгсөлтийн өдрөө эдгэршгүй өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Нейра тайзан дээр гаран, дипломоо гардан авчээ.

"Тэр сонсгол муутай, заримдаа машингүй үед нийтийн тээвэрт суугаад хичээлдээ явдаг байсан. Гэсэн ч тэр маш шаргуу сурсан бөгөөд анх сургуульд орсноос хойш эдийн засгийн шинжлэх ухааны өөрчлөлт, шинэчлэгдэж буй агуулгыг ойлгохын тулд биедээ баймгүй их зүтгэлээр хичээсэн" хэмээн ач охин нь өвөөгөөрөө бахархан өгүүлжээ.

Сургуулиа төгсөөд ашгийн бус салбарт ажиллахаар төлөвлөж буй өндөр настай шинэхэн төгсөгчийн энэхүү түүх хэрэв хүн шаргуу хичээн, хөдөлмөрлөж чадвал хүссэн амжилтдаа хүрч чаддагийг нотолжээ.

Эх сурвалж: Today

#Боловсрол #Амжилт